Уншиж байна ...

Олимпын хошой аварга Абдулрашид Садулаевыг "дайныг дэмжигч" гэж үзэн эрхийн тэмцээнээс хасжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 4 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Inside The Games

ОХУ-ын чөлөөт бөхийн гарамгай мастер, олимпын хошой аварга (2016, 2020), дэлхийн таван удаагийн түрүүтэй (2014, 2015, 2018, 2019, 2021) Абдулрашид Садулаевыг энэ сарын 5-7-нд Азербайжаны Баку хотноо болох олимпын эрхийн тэмцээнээс хасжээ.

Энэ талаар Оросын Чөлөөт Бөхийн Холбоо мэдээлэл хийсэн юм. Тус холбооны тэргүүн Михаил Мамиашвили "А.Садулаев тэмцээнд оролцохоор Бакуд ирсэн ч Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны шийдвэрийн дагуу тэмцээнээс хасагдсан. Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо (ДБНХ)-ноос нөөц тамирчныг оролцуулах боломж өгснөөр Алихан Жабраилов эрхийн төлөө өрсөлдөнө.

ОУОХ-ноос дайныг дэмжсэн эсэхийг шалгах тамирчдын тоонд түүнийг оруулсан тул тэмцээнд оролцуулахгүй байх заавар өгсөн бололтой" гэж ярьжээ.

 А.Садулаев Токиогийн олимпод Оросын олимпын багийн тугчаар сонгогдсон нэгэн. Гэвч Орос-Украины дайны уршгаар түүний спортын замналд хар толбо үлдэж байна. Тодруулбал өнгөрсөн хоёрдугаар сард Румынд болсон Европын Аварга Шалгаруулах Тэмцээнийг зохион байгуулагчид түүнийг оролцуулахаас татгалзсан билээ.

Өмнө нь Украины Олимпын Хороо (УОХ)-ноос нэр бүхий Оросын 19 тамирчныг олимпод оролцох шаардлага хангахгүй байна буюу дайныг дэмжсэн тул арга хэмжээ авахыг ОУОХ-ны ерөнхийлөгчид хандан захидал илгээж байв. 

А.Садулаевыг "Динамо" клубийн тамирчин тул "дайныг дэмжсэн" гэж хардаж буй бололтой. Хэдийгээр олимпын эрхийн тэмцээнд оролцохгүй ч энэ нь "Парис 2024"-ыг өнжинө гэсэн үг биш. Түүний оронд оролцох дэлхийн чансааны 5-д эрэмбэтэй А.Жабраилов тус тэмцээний финалд үлдвэл 97 кг-д Орос улс нэг эрхтэй болно. Учир нь чөлөөт бөхийн олимпын эрхийг нэг тамирчинд бус улсад нь олгодог. Ингэснээр тухайн жинд хэнийг явуулахаа тухайн орны холбоо нь шийдвэрлэдэг билээ. 

Хэрвээ А.Жабраилов энэ тэмцээнд эрх авч чадахгүй бол ирэх тавдугаар сард Дэлхийн эрх олгох тэмцээн хүлээж буй юм.

Төвийг сахисан бодлогод нийцээгүй тамирчдын жагсаалт:

  • Абдулрашид Садулаев (чөлөөт бөх)
  • Угуев Заур (чөлөөт бөх)
  • Садиков Зауербек (чөлөөт бөх)
  • Ауэс Гонибов (сонгомол бөх)
  • Милад Алирзаев (сонгомол бөх)
  • Рахман Тавмурзаев (сонгомол бөх)
  • Виталий Кабалоев (сонгомол бөх)
  • Александр Гуштын (чөлөөт бөх)
  • Сергей Семёнов (сонгомол бөх)
  • Артур Саргсян (сонгомол бөх)
  • Кирилл Маскевич (сонгомол бөх)
  • Александр Лиавончик (сонгомол бөх)
  • Ахмед Усманов (чөлөөт бөх)
  • Мухтарович Магомедов (чөлөөт бөх)
  • Артур Найфонов (чөлөөт бөх)
  • Алина Касабиева (чөлөөт бөх)
  • Анастасья Сиделникова (чөлөөт бөх)
  • Ванесса Колодинская (чөлөөт бөх)
  • Надежда Соколова (чөлөөт бөх) 

 

Эх сурвалж: Inside The Games