Уншиж байна ...

Франц улс Парисын олимпын наадмын хамгаалалтад хамтран ажиллах хүсэлтээ гадаадын улс орнуудад тавьжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Франц улсын дотоод хэргийн яам энэ зун Парис хотод зохион байгуулагдах олимпын наадмын аюулгүй байдлыг хангах зорилгоор гадаадын улс орнуудаас цагдаагийн хүчний тусламж хүссэн тухайгаа Баасан гарагт мэдээлжээ.

Тухайлбал нэмэлт 2,185 цагдаагийн хүч бүрдүүлэх зорилгоор энэ оны нэгдүгээр сард дэлхийн 46 улсын эрх баригчдад хандсан байна.

“Энэ бол олон улсын хэмжээний томоохон арга хэмжээ зохион байгуулагч орнуудын хэрэглэх болсон сонгодог арга юм” гэж яамны төлөөлөгч мэдээлжээ.

Тухайлбал 2022 онд Катарт болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий хамгаалалтад Франц улс 200 цагдаагийн албан хаагчаа илгээж байсан бол өнгөрсөн онд Францад болсон Рэгбигийн дэлхийн аваргын тэмцээний хамгаалалтад Европын орнуудын 160 офицер ажиллаж байсан гэнэ.

Үүнээс гадна Францын батлан хамгаалах яам бас гадаад улс орнуудаас цөөн тооны цэргийн нэмэлт хүч хүсээд байгааг зэвсэгт хүчний ерөнхий штабын хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Пьер Годелльер мэдээлжээ.

Хамгийн түрүүнд Польш улс цэргээ Парисын зуны олимпын наадмын аюулгүй байдлыг хангахад туслуулахаар илгээх болсон байна.

Польшийн үнэрч нохойтой цэргийн баг тэсрэх бодис илрүүлэх, терроризмын эрсдэлээс урьдчилан сэргийлэх тусгай даалгавартай ажиллах ажээ.

Долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд үргэлжилж, 15 сая орчим зочин цуглуулах Парисын зуны олимпын наадам Францын эрх баригчдын хувьд аюулгүй байдлын томоохон сорилт болох юм.

Саяхан Москва хотод гарсан террорист халдлагын дараа Франц улс аюулаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлээ хамгийн өндөр түвшинд хүргээд байна.

 

Эх сурвалж: Associated Press