Уншиж байна ...

Аргентины гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд 60 настай эмэгтэй өрсөлдөж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт Аргентины нийслэл Буэнос-Айрес хотын гоо бүсгүйгээр 60 настай хуульч эмэгтэй шалгарсан юм.

Ялагч Алехандра Родригез одоо тавдугаар сарын 25-нд зохион байгуулагдах Miss Argentina үндэсний хэмжээний тэмцээнд өрсөлдөх юм.

Гэхдээ түүний эцсийн зорилго энэ оны намар зохион байгуулагдах “Miss Universe” олон улсын тэмцээний хамгийн ахмад оролцогч болох ажээ.

Дэлхийн хэмжээний гоо бүсгүйн тэмцээн болох “Miss Universe” 1952 оноос хойш жил бүр зохион байгуулагдахдаа оролцогчдын насыг 18-28 хооронд гэж хязгаарладаг байсан юм.

Мөн ганц бие, хүүхэдгүй байх гэсэн шаардлага тавьдаг байв.

Харин өнгөрсөн онд тэмцээнийг зохион байгуулагчид насны хязгаарыг 18-аас 73 болгон өөрчилж, бусад шаардлагуудаа цуцалсан юм.

Дүрмийн өөрчлөлтийг өнгөрсөн оны есдүгээр сард зарлаж, 2024 оны тэмцээнээс хэрэгжүүлэхээр болжээ.

Одоогоор “Miss Universe” тэмцээний түүхэнд хамгийн ахмад ялагч нь 2022 оны 71 дэх удаагийн тэмцээнд 28 насандаа түрүүлсэн АНУ-ын Р’Бонни Габриэл юм.

Өмнө нь насны хязгаарлалтаас болоод оролцож чаддаггүй байсан Родригез дүрмийн өөрчлөлтийн дараа Аргентин улсыг төлөөлөн “Miss Universe” тэмцээнд оролцох зорилго тавьжээ.

Олон жил гоо сайхнаа хадгалж ирсэн нууцыг тэр “идэвхтэй хөдөлгөөн, зөв хооллолтын үр дүн” гэж саяхан Аргентины El Trece телевизийн сувагт ярьжээ.

“Хамгийн чухал нь эрүүл амьдрах, зөв хооллох, биеийн тамирын дасгал юм. Өөр онцгой зүйл байхгүй. Удамшил бага зэрэг нөлөөлсөн байх” гэж Родригез энэ үеэр ярьсан байна.

Хоолны дэглэмийн талаар тэр ярихдаа “Би тодорхой зай давтамжтай мацаг барихыг хичээдэг. Энэ нь надад маш үр дүнтэй санагддаг. Органик хүнс, жимс, ногоо түлхүү хэрэглэхийг хичээдэг” гэжээ.

Мөн долоо хоногт гурван удаа алхах, шогших хэлбэрийн хөнгөн дасгал хийдэг гэнэ.

Родригез бүс нутгийн тэмцээнд янз бүрийн насны 35 бүсгүйтэй өрсөлдөн түрүүлжээ.

“Зөвхөн бие махбодын гоо үзэсгэлэнгээр хязгаарлагдалгүй бусад үнэт зүйлсийг чухалчилдаг шинэ цаг үеийг эхлүүлж байгаадаа би баяртай байна” гэж Родригез ярьжээ.

73 дахь удаагийн “Miss Universe” тэмцээн 2024 оны есдүгээр сард Мексик улсад зохион байгуулагдах юм.

Эх сурвалж: New York Post, Associated Press