Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Японд пэйжерийн сүүлчийн үйлчилгээ өнөөдрөөс зогсож байна

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Японы хамгийн сүүлчийн пэйжерийн оператор Tokyo Telemessage үйлчилгээгээ зогсоожээ. Пэйжер нь радио дохио ашиглан хэрэглэгчийн авсаархан төхөөрөмжинд тоо, тэмдэгт бүхий мессэж хүргэдэг үйлчилгээ юм. Жишээ нь хэн нэгэнтэй утсаар ярих хүсэлтэй байгаагаа мэдэгдэхийн тулд оператороор дамжуулан холбогдох утасны дугаараа тухайн хүний пэйжерт илгээдэг байв.

Tokyo Telemessage компани 1,500 хүрэхгүй тооны хэрэглэгчтэй болоод байсан нь голдуу эмнэлгийн ажилтнууд байв. Эмнэлгийн зарим техник төхөөрөмжийн дэргэд гар утас хэрэглэхийг хориглодог тул тэд сүүлчийн үйлчлүүлэгчид болоод байжээ.

1950-аас 1960-аад оны үед анх бий болсон пэйжерийн технологи 1980-аад оны үед хүмүүсийн өргөн хэрэглээ болсон юм. Оргил үедээ буюу 1996 онд Tokyo Telemessage компани Япон даяар 10 сая хэрэглэгчтэй байсан гэдэг.

Өсвөр насныхан пэйжерийн тоон кодыг ашиглан янз бүрийн утгатай мессэжийг хоорондоо дамжуулдаг байсан юм. Гэвч 1990-ээд оны сүүлээс гар утас хэрэглээнд нэвтэрснээр пэйжерийн эрин үе өндөрлөжээ.

Жич: Монгол улсад Монсоник групп 1990-ээд оны эхээр пэйжерийн үйлчилгээ нэвтрүүлж байсан ч 1996 онд Мобиком, 1999 онд Скайтел компаниуд үүрэн холбооны үйлчилгээ нэвтрүүлснээр зах зээлээс шахагдаж байв.

 

Эх сурвалж: BBC