Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ши Жиньпин: Хятад улс нээлттэй бодлогоо цаашид үргэлжлүүлэх ч яаж хөгжихөө бусдаар заалгахгүй

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Хятад улс эдийн засгийн нээлттэй бодлогоо зарласны 40 жилийн ойн өдөр тохиож байна.

1978 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр тус улсын удирдагч асан Дэн Сяопинь Хятадын Коммунист Намын төв хорооны хурал дээр эдийн засгаа нээлттэй хөгжүүлэх бодлогыг зарлаж байв.

Мао Зэдуны Соёлын хувьсгал, Их үсрэлтийн бодлогод туйлдаж ядуурсан улс орныхоо эдийн засгийг гадаадын хөрөнгө оруулагчдад нээснээр өнөөдөр дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс болж, 40 жилийн хугацаанд 740 сая иргэнээ ядуурлаас гаргасан гэгдэж байна.

Өнөөдөр Бээжин хотын Ардын Их Хурлын ордонд нэг цаг, 30 минутын турш хэлсэн үгэндээ Ши Жиньпин “Эдийн засгаа шинэчлэх, гадаад ертөнцөд нээх алхам бүр амар байгаагүй, цаашдаа ч бид бүх төрлийн эрсдэл, бэрхшээлүүдтэй тулгарах болно” гэж анхааруулжээ.

Тэрээр Хятадын онцлогтой социализмыг байгуулахад Коммунист Нам улс орноо удирдан залах цорын ганц хүч байх болно гээд “Хөгжлийн алтан дүрэм гэж хаана ч байхгүй, Хятадын ард түмэнд яаж хөгжихийг нь заах ямар ч багш байхгүй” гэж хэлсэн байна.

Хятад улс хөгжлийн ямар ч түвшинд хүрсэн байсан их гүрний дээрэнгүй бодлогоос ангид байна гэдгийг Ши Жиньпин бас амлажээ.

Нэг үгээр хэлбэл Хятад улс Дэн Сяопиний эхлүүлсэн нээлттэй бодлогыг цааш үргэлжлүүлэх хэдий ч яаж ажиллахаа бусдаар заалгахгүй гэдгийг тунхагласан байна.

Энэ нь АНУ-ын зүгээс өдөөсөн худалдааны маргаан, дарамт шахалтыг шууд бус утгаар хэлсэн хэрэг бололтой.

Вашингтоны шинэ засаг захиргааны бодлого нь Хятадыг зах зээлээ улам нээх, чөлөөтэй болгохыг шаардаж байгаа бол Ши Жиньпин эдийн засагт төрийн хяналтыг чангатгахыг эрмэлзэж байгаа юм.

 

Эх сурвалж: Nikkei