Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улсын нүүрсний үйлдвэрлэл 3.8 хувиар буурсан ч орлого нь өсжээ

О.Булган, iKon.mn
2018 оны 9 сарын 3
iKon.MN

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. 

Хуралд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар болон харьяа яам агентлагийн удирдлагууд оролцож, салбарын эхний долоон сарын мэдээллийг хүргээд байна.

 
Гэрэл зургийг: mpa.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Манай улс энэ оны эхний долоон сарын байдлаар 26.3 сая тонн нүүрс, 764.4 мянган тонн зэсийн баяжмал, 9.2 тонн алт, 3.1 мянган тонн молибдений баяжмал, 1.7 сая тонн төмрийн хүдрийн баяжмал, 40.6 мянган тонн хайлуур жоншны баяжмал, 46.8 мянган тонн цайрын баяжмал, 3.9 сая баррель газрын тос, 8.4 мянган тонн катодын зэс тус тус үйлдвэрлэсэн үзүүлэлттэй байна" гэлээ.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зэсийн баяжмал 9.7 мянган тонн буюу 1.3%, алт 236.9 (2.6%) кг, хайлуур жоншны баяжмал 11.7(40.5%) мянган тонн, цайрын баяжмал 0.8 (1.7%) мянган тонноор өсжээ.
Харин нүүрс 1.1 (3.8%) сая тонн, молибдений баяжмал 159.4 (4.9%) тонн, төмрийн хүдрийн баяжмал 34.3 (2.0%) мянган тонн, газрын тос 473.7(10.7%) мянган баррель, катодын зэс 324.4 (3.7%) тонноор тус тус буурсан үзүүлэлттэй байгаа юм.

УИХ болон Засгийн газраас гаргасан тогтоолоор "Эрдэнэс-Тавантолгой" компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг олон улсын хөрөнгийн биржид гаргаж, IPO хийх шийдвэрийг биелүүлэх хүрээнд хэд хэдэн ажил хийж, явцын талаар Засгийн газарт тогтмол танилцуулж байгааг энэ үеэр мэдээлэв.

Тухайлбал,

  • IPO хийх чиглэлээр УУХҮ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан.
  • Хууль, санхүүгийн нөөцийн үнэлгээний аудитын олон улсын зөвлөх компанийг сонгон шалгаруулах бэлтгэл ажил явагдаж байна.
  • Тавантолгой-Гашуунсухайт, Оюутолгой-Ханги-Мандал, Тавантолгой-Цагаан Дэл гэх чиглэлийн авто зам, Тавантолгой-Гашуунсухайт-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, усан хангамжийн төслүүд урагшилж байна.
  • Эрдэнэс-Тавантолгой компанийн техникийн шинэчлэлд конверийн систем нэвтрүүлэх.
  • Мөн мэдээллийн технологийн шинэ ER систем нэвтрүүлэх.
  • Геологийн нөөцийн үнэлгээг шинэчлэн батлуулах, нүүрс угаах, баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэх ажлууд тус тус хийгдэж байгаа талаар Д.Сумъяабазар сайд дурдлаа. 

2018 оны эхний долоон сарын байдлаар Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 10 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.8 (22.2%) их наяд төгрөгөөр өссөн байна. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 7.0 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 1.4 (24.1%) их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт болж байна. Үүнээс нүүрс олборлолт 2.3 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 482.9 (26.7%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 4.0 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 756.1 (23.4%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2018 оны эхний долоон сард 7.1 их наяд төгрөг буюу 70.7%, уул уурхай, олборлох аж үйлдвэр 6.0 их наяд төгрөг буюу 59.6%-ийг гадаад зах зээлд тус тус борлуулжээ.