Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Усайн Болт хөлбөмбөг тоглохоор шийджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Зодог тайлсан богино зайн дэлхийн аварга, домогт гүйгч Усайн Болт өөрийнхөө нэг мөрөөдөл болох мэргэжлийн хөлбөмбөгт тоглож магадгүй байгаагаа хэлжээ.

Өнгөрсөн наймдугаар сард болсон ДАШТ-ий дараа зодог тайлсан Ямайкийн супер од Германы Бундеслигийн Боруссиа Дортмунд багаас урилга авснаа өмнө нь ярьдаг байсан юм. Одоо 31 настай Болт нь 100, 200 метрийн зайн дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Олимпийн найман удаагийн аварга.

“Энэ бол миний хувийн зорилго, бусад хүмүүс юу гэж бодох нь хамаагүй” хэмээн хөлбөмбөгийн мөрөөдлийнхөө талаар Ням гарагт Остинд болсон Формула-1 уралдааны үеэр сэтгүүлчдэд ярьжээ.

Болт “Би өөрийгөө хуурахгүй. Хэрвээ чадахааргүй байвал би энэ мөрөөдлөө орхино” гээд “Энэ бол миний мөрөөдөл, амьдралын минь дараагийн хуудас байгаасай гэж би их хүсэж байгаа. Үнэхээр нэг зүйлийг хүсэж мөрөөдөж байвал хэн ч гэсэн оролдоод үзнэ шүү дээ” гэж ярьсан байна.

Түүнийг удаан хугацаанд ивээн тэтгэсэн Puma зуучилж өгснөөр Дортмунд клуб эртнээс Болтыг урьж байжээ. Гэвч өвдөгний гэмтлээ бүрэн эдгээхийн тулд тэр урилгыг хүлээж авахаа түр хойшлуулаад байсан гэнэ.

Болт гэхдээ өөрийн шүтдэг Премиер Лигийн Манчестер Юнайтед клубт тоглох тухай бодож зүрхлэхгүй байгаагаа хэлжээ. “Жосе Моуриньог ятгах хэцүү байх, гэхдээ тэнд очихдоо Алекс Фергусонд хэлээд үзнэ дээ” хэмээн тэр хошигносон байна.

Болт бас хөлбөмбөгийн боломж чадвараа шалгаж үзсэнийхээ дараа Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбоонд ямар нэг үүрэг гүйцэтгэх нөөц төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Тэр өөрийн амжилт гаргасан төрлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой элчээр ажиллах хүсэлтэй гэдгээ энэ үеэр ярьсан байна.

 

Эх сурвалж: AFP