Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ гишүүний тэтгэлэгт оюутнууд юуг зорьж байна вэ?

ikon.mn
2017 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

2017-2018 оны хичээлийн жилийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачлагаар “Эргэх Холбоо” ТББ, “Азийн Хүлэг Улс” бодлогын судалгааны хүрээлэнтэй хамтран тойргийнхоо оюутан залуучуудын дунд 2 дахь жилдээ тэтгэлэгт хөтөлбөрөө зарлажээ.

Тус тэтгэлэгт хөтөлбөр нь сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй боловч санхүүгийн бэрхшээлийн улмаас суралцахад хүндрэлтэй байгаа орон нутгийн оюутнуудыг урамшуулах, тэдний сурах хүсэл тэмүүллийг дэмжих зорилготой зохион байгуулагдсан юм.

Өнгөрсөн жилийн хувьд Хэнтий аймгийн 41 дүгээр тойргийн 9 сум тус бүрээс нэг оюутан шалгаруулж бүтэн жилийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлсэн бол энэ жил сум тус бүрээс 2 оюутныг шалгаруулсан байна. Тэтгэлгийн эзэд зөвхөн сургалтын төлбөрийн дэмжлэг аваад зогсохгүй бүтэн жилийн турш манлайллын хөтөлбөрт хамрагдах юм байна.

 

Оюутнууд тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатны шалгаруулалтад “Миний алсын хараа” сэдвээр эссэ бичиж оролцсон бөгөөд сүүлийн шалгаруулалтад ярилцлаганд орсон юм. Шилдэг оюутнууд өөрийн алсын харааны талаар хэрхэн өгүүлснийг сонирхоцгооё!

Норовлин сумын тэтгэлэгт оюутан Э.Гантуяа          

“Алсын хараа. Миний эргэцүүллээр үүнийг “хүрэх цэг” гэж хардаг. Энэ нийгмийг хүмүүнлэг, ардчилсан, хүн хүнээ дээдэлсэн, амгалан, айх айдасгүй, бусдын жишигтэй улс болсон байхаар хардаг.”

Баян-Овоо сумын тэтгэлэгт оюутан Д.Давааням

“Миний мөрөөдөл бол дэлхий дахинд Монгол хүн ямар их оюуны потенциальтайг таниулж, дэлхийн хаа ч очсон Монгол хүн, Монгол технологи гэж хэлүүлэх бүтээл хийсэн “Шилдэг инженер” болохыг хүсдэг. “

Галшар сумын тэтгэлэгт оюутан Ц.Сувд-Эрдэнэ

“Залуучууд бид эерэг өөрчлөлтийг бий болгохын тулд эдийн засгийн нөхцөл байдлаас илүү хувь хүний хүсэл эрмэлзэл хамгийн чухал гэж би хувьдаа боддог."

Дадал сумын тэтгэлэгт оюутан О.Хэрлэнчимэг

“Би бусад хүмүүсийн адил зорилго тавьдаг. Гэхдээ тавьсан зорилгынхоо цаад утга нь тодорхойгүй үед яах гэж өөрийгөө уг зорилгын төлөө зовоож байгаагаа гайхдаг. Харин зорилгыг ирээдүйн алсын хараатай холбож харах үед тэр зорилго тодорхой утга учиртай болж ирдгийг мэдсэн юм. “

Баян-Адрага сумын тэтгэлэгт оюутан Б.Хонгорзул

“Их Засаг олон улсын их сургуулийн шилдэг оюутан болоход гэр бүл минь надаар маш их бахархаж байсан. Би гурван дүүгийнхээ үлгэр дуурайлал, эцэг эхийнхээ итгэл найдвар нь. Тиймээс л би зорилгынхоо төлөө хичээдэг."

Биндэр сумын тэтгэлэгт оюутан Т.Дулмаа

“Сэтгэлээс гарсан халуун дулаан үг, хүслээрээ зорьсон алсын хараа, хайраар тэтгэгдсэн урам гэдэг хүний итгэлийн галыг хэзээ ч мөхөөдөггүй. “

Баянхутаг сумны тэтгэлэгт оюутан М.Даариймаа

“Би ээж аавынхаа ачийг хариулж эх орноо мөн нийгмээ сайн сайхан байлгахын төлөө нийгмийн ажилтан мэргэжлээр суралцаж яваа нэгэн.”

Норовлин сумын тэтгэлэгт оюутан Ц.Пүрэвхүү

“Улс орны хөгжлийг түргэтгэх хамгийн гол хүчин зүйл бол хувь хүний хөгжил юм. Оюутан залуучууд бид өндөр боловсрол эзэмших, эх оронч сэтгэлгээтэй иргэд болон төлөвших ирээдүйн хөгжлийн түлхүүр нь юм.”