Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Себастьян Курц: Аюулгүй, тогтвортой байдлыг хангахад залуусын оролцоо өндөр ач холбогдолтой

Т.Жаргалсайхан, Үндэсний шуудан
2017 оны 10 сарын 19
Үндэсний шуудан
Зураг зураг

Консерватив Ардын нам ялалт байгуулж, тус намын дарга Себастьян Курц дэлхийн хамгийн залуу удирдагчаар тодорсон билээ. Ердөө хоёр сарын өмнө 31 нас хүрсэн тэрбээр тун удахгүй Ерөнхий сайдын тамгаа хүлээж авах бөгөөд өмнө нь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) дарга, Европын холбоонд Австри Улсыг төлөөлөх сайд, Австри Улсын Гадаад харилцааны сайд зэрэг төрийн өндөр албан тушаалуудыг хашиж байсан туршлагатай.

Түүнчлэн Себастьян Курц бол хамгийн залуудаа дээрх албан тушаалуудыг хашиж, энэ хүнд ачааг нэр төртэй үүрч ирсэн учраас олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгдсөн “төрөлхийн” удирдагч гэдгээрээ онцлог. Гэхдээ түүнийг Европ даяар тархаад байгаа цагаачдын эсрэг хандлагыг далимдуулж Засгийн эрхэнд гарлаа гэж буруутгах тал бий юм. Ингээд түүний Европын аюулгүй байдал, Австри Улсын гадаад бодлогын талаарх ярилцлагыг хүргэе.

-2017 онд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагыг Австри Улс толгойлохоор болсон. Та ямар асуудлуудад төвлөрч ажиллах төлөвлөгөөтэй байна?

-Австри Улсын удирдах хугацаанд өнөөгийн Европт тулгамдаж, бидний үүдэнд ирээд байгаа гурван сорилтыг шийдвэрлэхээр анхаарч ажиллах болно. Эхнээс нь нэрлэе.

Нэгдүгээрт, өдрөөс өдөрт нэмэгдэж, арга хэлбэрийн хувьд ширүүссээр байгаа харгис зөрчил, мөргөлдөөн. Хоёрдугаарт, ялангуяа залуу хүмүүсийн дунд нэмэгдэж байгаа радикалчлал дотоодын аюулгүй байдлыг хутганы ирэн дээр аваачаад байна. Гуравт, улс орнуудын хоорондын итгэлцэл алдагдсаар байгаа явдал. Гэхдээ дан ганц улс орнуудад ч биш энэ байгууллагад хамаарах, харьяалагдах иргэн бүрийн хувьд эдгээр асуудал үнэт  зүйлээ хамгаалж, энх тайвныг хадгалахад чухал үүрэгтэй.

Дээр дурдсан гурван сорилт асар өргөн цар хүрээг хамарч байгаа учраас нэг шөнийн дотор шийдэгдчихгүй. Нөхцөл байдал хэдийгээр ийм байгаа боловч бидний удирдах хугацаанд ЕАБХАБ бүрэн хүчин чадлаараа ажиллаж, 57 гишүүн орныхоо аюулгүй байдал, хамтын ажиллагааг дээд зэргээр хангаж, итгэлцлийг дахин бий болгоно.

Бид тулгамдаж буй бүх асуудалд шийдвэрлэх үүрэгтэйгээр оролцож, үр дүн гаргаж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Бидний арга барил харилцан яриа, ойлголцолд суурилдаг. Гэхдээ Засгийн газар, мэргэжилтэн, иргэний нийгмийн байгууллагуудыг нэг ширээний ард суулгаж, шийдвэрлэх ач холбогдол бүхий чухал яриа өрнүүлэхэд чиглэх юм. Ингэснээр хамтын шийдвэр, нэг үр дүнд хүрч чадна.

-Та радикалчлалын эсрэг зогсохыг гол гурван чиглэлийнхээ нэгээр нэрлэлээ. Чухам юу таныг энэ зүгт харахад хүргэв?

-Хэт туйлшрагчдын харгис үйлдэл болон радикалчлал нийгмийн залуу үед маш хүчтэйгээр нөлөөлдөг. Дотоод аюулгүй байдалд заналхийлж буй хамгийн том аюул энэ мөн. Одоогийн байдлаар ЕАБХАБ-ын бүсийн орнуудын арван мянга орчим иргэн Исламын Улс бүлэглэлд нэгдээд байгаа юм. Исламын Улс бүлгийнхэн Сири, Ирак, Ливи Улсуудад шашны цөөнхөд хамаарах хүмүүсийг алж, хүчиндэж, аймшигтай гэмт хэрэг үйлдэж байгааг бид мэднэ.

Эдгээр зэрлэг алан хядагчдын эсрэг үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байгаа нь сайн хэрэг. Г эхдээ манай нийгэмд хэдий хэмжээний, хэр олон алан хядагч эргэж ирэх вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Энэ утгаараа улс орны, нийгмийн дотоод аюулгүй байдалд асар том заналхийлэл болж байна.

Энэхүү дүр зургаас үндэслэж бид радикал үзэл болон түүнийг хөдөлгөгч суурь хүчин зүйлсийг судалж, ойлгохын тулд хамтран ажиллаж байна. Залуусын дуу хоолойг сонсох нь зайлшгүй бөгөөд үр дүнтэй алхам. Бид дөрвөн бүст ажиллах цэгүүд байршуулах төлөвлөгөөтэй байгаа. Баруун Европ, Хар тэнгисийн бүс, Төв Ази, Балканийн орнуудад залуустай хамтран судална. Залуу үеийнхэн энэ асуудлыг шийдвэрлэж чадах шинэлэг санаа боловсруулж, идэвхтэй оролцоно. Тэдний санааг ЕАБХАБ-ын бодлого, чиглэлд тусгах юм. Түүнчлэн 2017 онд залуусыг чиглэсэн хөтөлбөрөө хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн.

-ЕАБХАБ цагаачлалын бодит байдлыг хэрхэн тодорхойлж байгаа вэ. Энэ асуудалд ямар үүрэгтэйгээр оролцох вэ?

-Цагаачдын шинэ давалгаа ЕАБХАБ-ын гишүүн орнууд болон нийт иргэдэд томоохон сорилт авчирсан. Хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын хандлагаар, нарийвчлан авч үзвэл шийдвэрлэж байсан туршлагад суурилж цагаачлалын урсгалыг тогтвортой бууруулж болно гэдэгт би итгэлтэй байгаа. ЕАБХАБ одоогийн байдлаар цагаачлалтай холбогдон үүсэж буй асуудлуудыг шийдвэрлэхээр идэвхтэй ажиллаж байна.

Жишээлбэл, залуу хүмүүсийг дэмжиж ажлын байраар хангах зэргээр тодорхой хөтөлбөрүүд эхлүүлсэн. Хөтөлбөрт хамрагдсан улс орнууд цагаачлалтай холбоотой бүх сорилтуудтай тулгарсан ч тэднийг хэрэгтэй мэдээллээр хангаж, санал хүсэлтийг нь анхаарч байгаа.

Хүний эрх, аюулгүй байдлыг хамгаалж, хилийн зохицуулалтыг уян хатан зохион байгуулалтаар хангах нь мөн л бидний хэрэгжүүлж буй хөтөлбөрт хамаарна. ЕАБХАБ-ын хүлээц тэвчээртэй, ялгаварлан гадуурхалтын эсрэг хийж буй ажлууд гишүүн орнуудад үлдэхээр шийдсэн цагаачдад тус нэмэр болж, хожим нийгмийн гишүүний хувиар хувь нэмрээ оруулна хэмээн итгэж байгаагийнх.

-ЕАБХАБ-ын бүсэд үүсээд байгаа зөрчил, тэмцлийг зогсоож, шийдвэрлэхэд Австри Улс ямар хандлага баримтлах вэ?

-Австри Улс үүссэн асуудлуудыг шийдвэрлэж, дараа нь асуудал үүсэхээс сэргийлж ажиллах болно. Эхний ээлжид дотоодод үүсээд байгаа зөрчил тэмцлийг зогсоох үүднээс улс төрийн намуудын хооронд харилцан ойлголцол, итгэлцлийг бий болгохоор ажиллана. ЕАБХАБ-ыг даргалах албан үүрэг энэ ажилд багагүй дэмжлэг үзүүлнэ.

Үүний зэрэгцээ ЕАБХАБ-ын зөрчлийг харах үндсэн хандлага, зайлсхийх арга барилыг эргэн харахад хүрч байна. Энэ бүсийг хамарсан асуудлууд өөр хоорондоо асар их ялгаатай. Учир шалтгааны хувьд ч мөн адил. Тиймээс тулгарах асуудал, хөгжлийн чиглэлээс хамаарч арга барилаа үргэлж өөрчлөх шаардлагатай болсон.

Бүх улс төрийн санаа, санаачилга зөрчил, тэмцлийг зогсоохын тулд аюулгүй байдал нь алдагдсан хүн амд төвлөрөх ёстой. Тэдгээр бүст амьдарч байгаа иргэд өдөр тутмын амьдралаараа асуудал бэрхшээлтэй нүүр тулж байна. Бага багаар ч болов тэдний зовлонг нимгэлэхийн тулд л бид ажиллах ёстой. Австри Улс энэ тал дээр чиглэсэн хөтөлбөрүүдэд хамтран ажиллахад үргэлж нээлттэй. Төвийг сахигч улсын хувьд бид Европыг дахин аюулгүй болгоход хамгийн шударга зуучийн үүрэг гүйцэтгэнэ.

Бид хэлэлцүүлэг, санаачилгын үеэр эмэгтэйчүүдийн оролцоог илүүтэй дэмжин ажиллаж байна. Эмэгтэйчүүдийн оролцоо нийгэмд үүссэн зөрчил тэмцлийг зогсоох, тайван байдлыг хадгалах, аюул эрсдэлээс сэргийлэхэд маш чухал. Энх тайван тогтоох үйл ажиллагаанд бүх нийтийн дуу хоолой, үзэл бодол нэг цэгт төвлөрвөл амжилтад хүрнэ. Энэ бол энх тайвныг удаан хадгалах цорын ганц нөхцөл. Австри Улс ЕАБХАБ-ыг тэргүүлэх хугацаандаа залуус болон эмэгтэйчүүдийн оролцоог энх тайван, аюулгүй байдалтай холбогдох үйл ажиллагаанд илүү ергөн хүрээнд ашиглана гэж ойлгож болно.

-Та Австри Улсын төвийг сахигч байр суурь баримталдаг зарчмыг ЕАБХАБ-ын гишүүн орнууд суралцах хэрэгтэй гэж боддог уу?

-Төвийг сахисан байр суурь Австри Улсын гадаад бодлого, аюулгүй байдлын гол хэрэгсэл бөгөөд цаг хугацааны эрхэнд манай үндэстнийг илэрхийлэх дотоод бүрэлдэхүүн хэсэгт багтах болжээ. 1975 онд ЕАБХАБ-д нэгдэхдээ улс орнууд бусад гишүүн орнуудын бүрэн эрхт байдал, газар нутгийн нэгдмэл шинжийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэхээ илэрхийлсэн байдаг. Энэ нь тухайн улс аливаа холбоонд элсэх, төвийг сахих зэрэг бүхий л эрхийг нь хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.

1999 онд батлагдсан Европын Аюулгүй байдлын тунхаг бичиг оролцож буй бүх улсуудад аюулгүй байдалдаа баримтлах бодлогыг янзлах, өөрчлөх эрхийг нь олгосон. Эдгээр үндсэн суурь зарчмуудад бидний аюулгүй байдлыг тодорхой заасан учраас заавал хүндэтгэх ёстой юм. Хэдийгээр тийм боловч ЕАБХАБ-ын даргын хувьд би холбооны гадна, бас дотор зэрэг байх хандлагаас шилжих хүсэлтэй байна.

-Та Хүйтэн дайны талаар огтхон ч мэдэхгүй үеийнхний нэг. Бас сая залуусын шинэ дуу хоолойд боломж олгох талаар ярилаа. Тэгэхээр аюулгүй байдал, хамтын ажиллагааны хувьд өөр чиг шугам санал болгохыг хүсээд байгаа юм шиг санагдлаа?

-Би ардчилсан тогтолцооны хүрээнд энх тайван, хуулийн засаглал дор эрх чөлөөг таашааж, нээлттэй Европ тивд өсөж, амьдарсан. Үүний төлөө ЕАБХАБ-ын үйл ажиллагаанд талархаад баршгүй. Харамсалтай нь, одоо ЕАБХАБ-д хамаарах бүх бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хангах амлалт бүрэн хэмжээнд хэрэгжихгүй байна. Өнөөдөр ЕАБХАБ-д тулгамдаж буй асуудлууд урьд өмнө огт байгаагүй олон талтай, илүү түвэгтэй сорилтыг бидний өмнө авчирсныг онцолж хэлье.

Ийм сорилт цогц шийдэл шаарддаг учраас ЕАБХАБ-ын нэгдмэл хандлага юуны өмнө үгүйлэгдэж байгаа юм. Асуудлыг шийдэх арга барилаас илүүтэйгээр оролцооны цар хүрээ маш чухал. Нийгмийн бүх бүлгийн дуу хоолойг нэгтгэж шийдвэр гаргахын тулд оролцоо л хэрэгтэй. Оролцооноос шинэ шийдэл, шинэ санаачилгууд гарна. Тэрхүү цогц санаануудыг нэгтгэж, үр дүнтэй байдлаар ашиглах бүх боломж ЕАБХАБ-д бий.

Бүс нутагтаа аюулгүй, тогтвортой байдлыг хангахад залуусын оролцоо ийм өндөр ач холбогдолтой. Оролцоо, идэвх нэмэгдмэгц дагаад залуу үеийн үнэ цэнэ нийгэмд нэмэгдэнэ. Нийгмийн эрэлтэд оновчтой нийлүүлэлт ингэж хийвэл ашиг шимийг нь нийгмийн бүх гишүүд хүртэнэ шүү дээ.

Зураг