Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Филиппиний ерөнхийлөгч таван сар бүслэгдсэн Марави хотыг Исламистуудаас чөлөөлснөө зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертэ тус улсын өмнөд хэсгийн Марави хотыг орон нутгийн Исламист бүлэглэлээс таван сарын дараа чөлөөлснөө өнөөдөр зарлажээ.

Исламын улс бүлэглэлийн нэг хэсэг гэж өөрсдийгөө зарласан уг зэвсэгт бүлэглэлээс одоо 20-30 орчим хүн үлдэж, 20 орчим хүнийг барьцаалан хотын нэг хэсэгт тулалдсаар байгаа гэнэ.

Бүлэглэлийн хоёр толгойлогч алагдсан болохыг өчигдөр Дутертэ бас мэдэгдэж байсан юм. Тэрээр Минданао арлын энэхүү жижиг хотын 200,000 орчим оршин суугчийн хэвийн амьдралыг сэргээн босгохоо энэ үеэр амлажээ.

Исламын улс бүлэглэлийн зүүн өмнөд Азийн эмир гэгддэг Иснилон Хапилон, Давла Исламия бүлгийн хоёр халифийн нэг гэгддэг Омархаям Мауте нарыг Даваа гарагт хөнөөж, цогцсыг нь мөн болохыг таниулсан байна.

Зэвсэгт бүлэглэлд Марави хотыг 148 хоногийн хугацаанд алдсан явдал нь Филиппиний дотоодыг хамгаалах хүчний хувьд томоохон хямрал байсан юм.

Католик хүн ам голлодог тус улсын өмнөд хэсгийн ядуу буурай, муслим цөөнхийн дотор экстремист үзэл газар аваад байгааг эрх баригчид дутуу үнэлж байсан нь эндээс ил болжээ.

Филиппиний өмнөд Минданао арлыг Сири, Иракт төвлөрдөг Исламын улс зэвсэгт бүлэглэлийн зүүн өмнөд Ази дахь түшиц газар болгохоор орон нутгийн бүлэглэлүүд тэмцэж байсан нь ийнхүү хэсэгтээ дарагдаж байна.

 

Эх сурвалж: AFP