Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Коммунист намын их хурлыг тохиолдуулан Бээжингийн аюулгүй байдлыг чангатгалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Таван жил тутамд тохиодог Хятадын Коммунист Намын их хурал маргааш буюу Лхагва гарагт эхлэх гэж байгаатай холбогдуулан Бээжин хотын аюулгүй байдлыг чангатгах арга хэмжээг авч эхэлжээ.

Хятадын муж бүрээс 2,000 гаруй төлөөлөгч их хуралд суухаар Бээжинд ирээд байгаа юм. Хурал маргааш эхэлж долоо хоног орчим үргэлжилнэ.

Энэ долоо хоногоос эхлэн Бээжингийн томоохон баар цэнгээний газрууд 10 хоногийн хугацаанд үйлчилгээгээ хаасан байна. Тэдний ихэнх нь нийслэлийн гол зугаа цэнгээний дүүрэг болох Санлитунд оршиж байгаа юм. Тэд хэсэг хугацаанд хааж байгаагаа зарлаад харин сарын сүүлээр болох Халлоуины баярыг өргөн тэмдэглэхээ амласан байна.

Мөн өнөөдрөөс эхлэн Бээжингийн метронд зорчигчдын биед болон ачаа тээшинд шалгалт хийж эхэлсэн гэнэ.

Үүнээс болоод хөдөлгөөн саатаж, метронд орох гэсэн хүмүүсийн урт дарааллууд үүсчээ. Мөн ийм арга хэмжээг Бээжингийн бүх төмөр замын өртөөнд хэрэгжүүлсэн байна.

Хамгийн сүүлд 2012 онд болж байсан намын их хурлын өмнө Хятадын төрийн мэдлийн мэдээллийн хэрэгслүүд удирдагчдынхаа ололт амжилтыг магтан дуулж эхэлжээ.

Намын их хурлаар тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ирэх таван жилийн төлөвлөгөөг танилцуулж, өөрийн бүрэн эрхийн хугацааг дахин таван жилээр сунгуулах нь тодорхой байгаа юм.

 

Эх сурвалж: South China Morning Post