Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Уэйнштэйн Оскараас бүр мөсөн хөөгдлөө

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Оскарын шагнал гардуулах ажиллагааг зохион байгуулдаг Motion Picture Academy байгууллагын удирдах зөвлөлийн 54 гишүүн өчигдөр Лос Анжелес хотноо шуурхай хуралдаж, бэлгийн дарамтын хэрэгт холбогдоод байгаа нэрт продюсер Харви Уэйнштэйнийг гишүүнээсээ хөөх шийдвэрийг санал нэгтэй баталлаа.

Том Хэнкс, Вүүпи Голдберг, Стивен Спилберг зэрэг алдартнууд багтдаг зөвлөл гурван цаг орчим хуралдсаны эцэст ийм шийдвэр гаргажээ.

Ингэснээр Уэйнштэйн дахиж Оскарын шагналд нэр дэвшихгүй, шүүх ажиллагаанд оролцохгүй, бүр шагнал гардуулах ёслолд ч оролцох боломжгүй болж байна.

Харин түүний 1998 онд “Shakespeare in Love” киногоор авсан Оскарын шагналыг нь хэвээр үлдээхээр шийджээ. 

Сүүлийн байдлаар Уэйнштэйний бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртөж байснаа 34 эмэгтэй жүжигчин түүний эсрэг мэдэгдэл гаргаад байна.

Уэйнштэйний бүтээлцсэн кинонууд нийтдээ 300 гаруй удаа Оскарын шагналын төрлүүдэд нэр дэвшиж, 81 нь шагнал авч байсан юм.

Мөн олон уран бүтээлчид Оскар гардахдаа тайзан дээрээс түүнд онцгойлон талархлаа илэрхийлж байв. Тухайлбал 2012 онд Мэрил Стрип шагнал гардахдаа Уэйнштэйнийг “Бурхан” хэмээн өргөмжилж байжээ.

Хэдхэн хоногийн өмнө Британий кино, дэлгэцийн урлагийн академи буюу BAFTA продюсерийн гишүүнчлэлийг цуцалж байгаагаа зарласан. Мөн Британичууд Хатан хааны CBE шагналыг түүнээс хураахыг шаардаж эхэлсэн бол Францчууд засгийн газрынхаа олгосон Хүндэт Легионы одонг хураах тухай хэлэлцэж эхэлжээ.

Motion Picture Academy түүхэндээ хоёр дахь удаа гишүүнээ хөөж байгаа нь энэ юм. 2004 онд жүжигчин Кармин Кариди киноны шүүлтэд зориулагдсан нууц видео линкийг найздаа дамжуулж, тэр нь онлайн ертөнцөд тараасан хэргээр анх удаа хөөгдөж байжээ.

 

Эх сурвалж: BBC, Quartz