Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Неандертальчуудын ген орчин үеийн хүмүүст өмнө тооцоолж байснаас илүү өвлөгдсөнийг тогтоожээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Хорватын нэгэн агуйгаас олдсон, одоогоос 52,000 жилийн өмнө амьдарч байсан неандерталь хүний ясанд орчин үеийн аргаар хийсэн шинжилгээний үр дүнг өчигдөр олон нийтэд хүргэжээ.

Неандертальчууд нь орчин үеийн хүний өвөг дээдсийг Африк тивээс нүүдэллэн очихоос олон мянган жилийн өмнө Евразид амьдарч байсан төрөл зүйл юм. Тиймээс тэд хүйтэн сэрүүн орчинд илүү дасан зохицсон байв. Нүүдэллэн очсон бидний өвөг дээдэс ч шинэ орчинд зохицож үлдэхийн тулд Неандертальчуудтай холилдсон гэдэг.

Өмнө хийгдсэн хэд хэдэн судалгаагаар орчин үеийн Европ, Ази хүмүүсийн генийн 2.1 хувь Неандертальчуудаас өвлөгдсөн гэж дүгнэж байжээ. Харьцуулбал Африкийн уугуул иргэдэд ийм ген бараг байдаггүй юм.

Тэгвэл Германы Макс Планкийн хүрээлэнгийн судлаачид бидний өвлөсөн Неандерталь генийн хэмжээг 2.6 хувь гэж шинэчлэн тогтоосон байна.

Ингэхдээ тэд Британий Biobank санд хадгалагдаж байгаа 112,000 хүний генийн мэдээлэлтэй харьцуулж судалжээ.

Үүний үр дүнд орчин үеийн хүмүүсийн арьсны өнгө, үсний өнгө, арьсны наранд борлох чадвар, нойрны хэмнэл, никотинд донтох чанар зэргийг Неандертальчуудаас өвлөж авсан гэж дүгнэсэн байна.

Дээрх шинжүүд нь бүгд нарны гэрэл бага тусдаг орчинд зохицсон шинж чанарууд ажээ. Тухайлбал цагаан, шар арьстнуудын арьс наранд борлохдоо муу байгаа нь неандерталь гентэй холбоотой гэнэ.

Энэхүү судалгаанаас өмнө хүмүүсийн неандертальчуудаас өвлөгдсөн шинж чанарт цусан дахь холестеролын түвшин, хоол хүнстэй холбоотой янз бүрийн өвчин эмгэгүүд, гэдэс хэвлий орчмоор өөх хуримтлагддаг чанар, шизофрени, ганцаардал, сэтгэл гутрал зэрэг эмгэгийг нэрлэдэг байв.

Хамгийн сүүлийн неандерталь одоогоос 30,000 жилийн өмнө амьдарч байсан гэгддэг.

 

Эх сурвалж: Science Alert