Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хоёр дахь том санах ой үйлдвэрлэгч Тошиба дийлэнх хувиа зарахаар боллоо

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Гурван сар үргэлжилсэн яриа хэлэлцээрийн эцэст Японы томоохон компани Тошиба өөрийн санах ойн бизнесийг АНУ-ын Bain Capital хөрөнгө оруулалтын фирмийн тэргүүлсэн консерциумд зарахаар болсноо өчигдөр мэдээлжээ.

Уг консерциумд Өмнөд Солонгосын чип үйлдвэрлэгч SK Hynix, АНУ-ын технологийн томоохон компани Apple багтаж байгаа юм. SK Hynix-ийн хувьд дэлхийн зах зээлд NAND flash санах ой үйлдвэрлэлээр тавдугаарт ордог тул дээрх наймаа өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэхээр болж байна.

Харин Тошиба энэ салбарт Самсунгийн дараа дэлхийд хоёрт жагсдаг тоглогч юм. Өнгөрсөн зургаадугаар сард Тошиба худалдан авах саналууд дундаас өөрийн сонголтыг хийсэн боловч удаан хугацаанд түншилж ирсэн Western Digital компанитай холбоотой хуулийн маргаанаас болоод албан ёсны наймаа нь хойшилсон юм.

Тошибад эзэмших АНУ­-ын компаниудын хувь эзэмшлийн дээд хязгаарыг Western Digital хүлээн зөвшөөрөхгүй байсан гэдэг. Гэвч эцэст нь Bain болон SK Hynix компаниуд нийтдээ 567.5 тэрбум иен, Apple дангаар 335 тэрбум иен гаргах болсноор наймаа тохиролцоонд хүрсэн байна.

Үүнээс гадна консерциум Японы хөгжлийн банкнаас 600 тэрбум иений зээл авах юм. Үлдсэн мөнгийг консерциумд багтсан АНУ, Японы хэд хэдэн компаниуд гаргахаар болжээ.

Наймааны үр дүнд Bain консерциум Тошибагийн санах ойн бизнесийн 49.9 хувийг эзэмших бол Тошиба өөрөө 40 хувьтай үлдэх юм. Үлдсэн 10.1 хувийг бусад Япон компаниуд эзэмшихээр болжээ.

 

Эх сурвалж: Korea Herald