Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хиллари Клинтон Путиныг элэглэж байсныхаа төлөө сонгуульд ялагдсан гэжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшиж байсан Хиллари Клинтон өчигдөр орой CBS сувгийн “The Late Show” хөтөлбөрт орж Владимир Путин, Дональд Трамп нарын тухай сонирхолтой яриа өрнүүлжээ.

Хатагтай Клинтон 2016 оны сонгуульд ялагдсан шалтгаанаа Путин хөндлөнгөөс нөлөөлсөнтэй холбоотой гэж хөтлөгч Стефэн Колбертэд ярьсан байна.

Учир нь 2009-2013 оны хооронд төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байхдаа тэрээр Путинтай хэд хэдэн удаа зөрчилдөж байсан гэнэ. Клинтон хатагтайн үзэж байгаагаар энэ шалтгаанаар Путин түүнд өс санах болсон аж.

Тэрээр өөрийгөө Путинтай уулзах бүртээ түүнийг нэлээд тэвдүүлдэг байснаа ярьсан байна. Тухайлбал нэг удаа Путины дадал болсон хөлөө дэлгэж суудаг хэв маягийг элэглэж байсан гэнэ. Эрчүүд хөлөө дэлгэж суух нь нөгөө хүнээ эр бяраар дарангуйлах хүслийн илэрхийлэл гэж сэтгэл зүйчид үздэг ажээ.

 

Үнэхээр Владимир Путин гадаадын төрийн тэргүүнүүдтэй уулзахдаа ийм байрлалаар суусан байдаг. Хиллари Клинтон бас Оросын ерөнхийлөгчийг Зөвлөлт Холбоот Улс нуран унасанд одоо болтол сэтгэл дундуур, бухимдаж явдаг хүн гэж тодорхойлсон байна.

Дараа нь Клинтоноос хөтлөгч НҮБ-ын индэр дээрээс Дональд Трампын хэлсэн үгийн талаар сэтгэгдлийг нь сонсжээ. Клинтон “Миний бодлоор түүний хэлсэн үг маш аюултай, хар бараан, дэлхийн тэргүүлэгч гүрний удирдагчийн амнаас гарахааргүй утга агуулгатай байсан” гэж тодорхойлсон байна.

Тэрээр хэрвээ өөрөө ерөнхийлөгч байсан бол Хойд Солонгосыг хатуу үгээр сүрдүүлэхгүй, Ким Жон Уныг “Пуужинтай хүн” гэж доромжлохгүй, дипломат хэм хэмжээг сахисан агуулгатай үг хэлэх байснаа ярьжээ.

 

Эх сурвалж: Fox News