Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэль анх удаа газрын тосны үнээ юаниар илэрхийлэх болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Албан тасалгаандаа бүжиглэж буй Мадуро

Вашингтоныг дайснаа гэж үздэг Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро газрын тосны албан ёсны үнээ Баасан гарагт анх удаа ам.доллараар биш, хятадын юаниар илэрхийлж байх шийдвэрээ зарласан байна. Өмнөх удирдагч Хьюго Чавесын үеэс 14 жилийн турш Венесуэлийн засгийн газар газрын тосны арилжаанаас ам.долларыг хална гэж сүрдүүлж ирсэн нь ийнхүү хэрэгжиж байна.

Магадгүй Хятадын засгийн газар Вашингтон шиг Мадурогийн дарангуйллыг унагах талаар ярихгүй байгаа нь ингэхэд хүргэсэн байх. Нөгөө талаас Венесуэль улсын эрх баригчид Хятадаас $60 тэрбумын зээлийг хямд үнэтэй газрын тосоор эргүүлж төлөх нөхцөлтэй авсан нь үүнд нөлөөлсөн байж магадгүй.

Гэвч зээлээ төлөх газрын тосыг Венесуэль олборлохгүй байгаа. Тус улсын төрийн өмчит газрын тосны PDVSA компани дампуурлын ирмэг дээр байна. Сүүлийн жилүүдэд Венесуэлийн газрын тос олборлолт огцом унаад байгааг OPEC-ийн тоо баримт харуулж байгаа. 2015 онд Венесуэл 2,375 баррел газрын тос өдөрт олборлодог байсан бол 2016 онд энэ тоо 2,159 болсон. 2017 оны эхний улирлын байдлаар уг хэмжээ 2,057 болсон бол өнгөрсөн наймдугаар сарын байдлаар 1,918 болжээ.

Уг нь Венесуэль улс дэлхийд хамгийн томд орох газрын тосны нөөцтэй. Хар алтны үнэ баррел нь $100 байх үед Венесуэлийн экспортын 95 хувийг газрын тос эзэлдэг байв. Тэд илүү гарсан ашгаа засгийн газрын Макро Эдийн Засгийг Тогтворжуулах Хөрөнгө Оруулалтын Сан гэгчид хуримтлуулдаг байлаа. Гэвч энэ том сангийн ихэнх хөрөнгийг талийгаач Чавесийн засаг захиргаа зориулалтын бус зүйлд үрж дуусгасан юм.

Венесуэль улс Транспаренси Интернэшнлийн авлигын индексээр дэлхийн 176 орноос 166-д жагсдаг тул үүнд гайхах зүйлгүй. Венесуэлийн ард Ливи, Иемен, Сомали, Хойд Солонгос зэрэг орнууд ордог юм.

 

Эх сурвалж: OilPrice