Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп Хойд Солонгосын талаар мэдлэг, мэдээлэлгүйгээ харуулав

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын эсрэг авсан сүүлийн эдийн засгийн хоригт газрын тосны бүтээгдэхүүн хамрагдсан байгаа. Ингэснээр Пёньяны дэглэм хүнд байдалд орно гэж АНУ-ын эрх баригчид үзэж байгаа юм.

Өчигдөр буюу Ням гарагт Дональд Трамп нэгэн мэдэгдлийг твиттер хуудсандаа нийтэлсэн нь Вашингтоны удирдагч нар хэр буруу ойлголт, хүлээлттэй байгааг нь харуулжээ.

Ням гарагт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй утсаар ярьсныхаа дараа Трамп “Би өчигдөр орой Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүнтэй утсаар ярилаа. Түүнээс ‘Пуужинтай Хүн’ ямар байгааг асуулаа. Хойд Солонгост бензиний урт дараалал үүссэн гэж байна. Маш муу!” гэжээ.

Гэвч үнэн хэрэгтээ газрын тосны бүтээгдэхүүний хязгаарлалт Хойд Солонгосын дэглэмд нөлөө үзүүлэх эсэх нь эргэлзээтэй байгаа.

Яг нарийн тоо олох хэцүү ч багцаагаар Хойд Солонгост нийтдээ 250,000-300,000 автомашин байдаг гэсэн тоо бий. Тэднээс хүн амаар хоёр дахин илүү Өмнөд Солонгост 20 сая автомашин байдаг.

Хойд Солонгосын ихэнх машин нь Хятадаас импортлосон хуучин тэрэг байдаг. Гэсэн хэдий ч энгийн иргэдэд хувьдаа автомашинтай болох нь холын мөрөөдөл юм.

Үүнээс гадна автомашиныг Пёньян голдуу засгийн газар, армийн нэр дээр бүртгэж, хатуу зохицуулалтын дор хэрэглэдэг. Онцгой зарим тохиолдлоос бусад үед эмэгтэй хүн жолоо барих хориотой аж.

Сүүлийн жилүүдэд нийслэл Пёньян болон Хятадын хилийн дагуу хотуудад хувьдаа машинтай болох үзэгдэл нэмэгдсэн ч хатуу хяналт, өндөр шалгуур хэвээр байдаг гэнэ.

НҮБ-ын шинэ хоригийн дагуу Хойд Солонгосын жилд импортлодог газрын тосны бүтээгдэхүүн 30 хувь буурч байгаа. Гэвч энэ хязгаарлалт Пёньяны дэглэмийн цөмийн зэвсгийн хөтөлбөрт төдийлөн нөлөөлөхгүй гэдгийг АНУ-ын Аюулгүй байдлын Наутилус хүрээлэнгийн тайланд өгүүлсэн нь бий.

Хоригийн гадна үлдсэн Хятадын 30 км хоолой Дандон хотоос Хойд Солонгос руу түүхий газрын тос нийлүүлсээр байгаа ба хилийн нөгөө талд боловсруулах үйлдвэр ажиллаж байгаа юм.

Энэ нийлүүлэлт тал хувиар багассан ч Хойд Солонгосын дэглэмд нөлөө үзүүлэхгүй гэдгийг дээрх хүрээлэн тооцоолсон байна.

Харин ингэж хорогдсон газрын тосны нийлүүлэлт эсрэгээрээ Хойд Солонгосын энгийн ард иргэдийн амьдралд дарамт болно гэж тэд үзжээ. Автомашингүй энгийн иргэд гэрэлтүүлэх керосингүй, эрчим хүчээр хангах генераторгүй болох аж.

Хойд Солонгосын хэлэлцээрт Өмнөд Солонгосын элчээр ажиллаж байсан Чун Юн Вугийн дүгнэж байгаагаар ямар ч газрын тосны импортгүй болсон Хойд Солонгос дангаараа хоёр жил тэсэх чадвартай гэнэ.

Зовлон үзсэн Хойд Солонгосчууд трактор, машинаа зогсоогоод хүний хүч, ердийн хөсгөөр хэсэгтээ амьдраад байж чадна гэж тэр хэлжээ.

Тиймээс Пёньянд шатахуун түгээгүүрүүдийн гадна урт дараалал үүсэх ямар ч боломжгүй болохыг Дональд Трамп мэдээгүй л байна.

 

Эх сурвалж: The Guardian