Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Кубад тохиолдсон нууцлаг халдлагыг АНУ шалгаж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Кубын нийслэл Хаванад суудаг АНУ-ын дипломат ажилтнуудад тохиолдсон нууцлаг халдлагыг Вашингтон эрчимтэй шалгаж эхэлжээ.

Хаванад байгаа элчингийн ажилтнуудын эсрэг хэн нэгэн дуу авианы зэвсэг хэрэглэсэн байж магадгүй байгаа юм.

Шөнө унтаж байхад нь чихарсан, хүчтэй чимээ сонсогдож, орноосоо босоод хэдхэн алхахад сонсогдохоо болих үзэгдэл анх илэрчээ. Гэвч орондоо эргээд ороход нь дахин сонсогдож байсан гэнэ.

Үүнд өрөөний хана, туурга ямар ч нөлөө үзүүлэхгүй байжээ. Үүний дараа дипломатчдад сонсголоо алдах, хэл ярианы бэрхшээлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрч, хохирогсдын тоо 21 хүрсэн байна.

Дипломатчид үүнийг “эрүүл мэндийн эсрэг халдлага” гэж тодорхойлж байгаа юм. Одоогоор Вашингтон энэ хэргийн талаар ямар ч тайлбар хийж чадахгүй байна.

Эхлээд Холбооны Мөрдөх Товчоо үүнийг Кубын тал дуу авианы зэвсэг хэрэглэсэн гэж сэжиглэж байв. Удаан хугацааны дараа зарим хохирогчид нь анхаарал төвлөрүүлж чадахгүй болж, сонсголоо бүр мөсөн алдаж, зарим нэг үгийг огт санахгүй болсон буюу тархины гэмтэлтэй болсон байна.

Анхны тохиолдлоос хойш есөн сарын дараа өнгөрсөн наймдугаар сард Вашингтон анх удаа энэ асуудлыг ноцтой халдлага гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Өмнө нь тийм ноцтой асуудал гэж хүлээж авахгүй байсан юм.

Кубын тал ч энэ халдлагад хамаагүй гэдгээ мэдэгдэж, АНУ-ын талтай хамтарч ажиллахад бэлэн гэдгээ хэлээд байгаа. Холбооны Мөрдөх Товчоо уг хэргийн цаана эхлээд Кубын засгийн газар байна гэж сэжиглэж байсан бол дараа нь Кубын арми дахь ямар нэг фракц, Орос зэрэг гуравдагч орон байж болох хувилбарыг судалж эхэлсэн байна.

Зөвхөн Америкийн дипломатчдыг онцолсон биш гэдэг нь Кубад суугаа Канадын элчингийн 10 хүн мөн хэлмэгдсэнээс харагдаж байгаа юм. Тэдний заримд нь хамраас цус гарах зэрэг өөр өөр шинж тэмдэг илэрч байжээ. АНУ-тай харьцуулбал Канад нь Кубатай удаан хугацаанд найрамдалт харилцаатай явж ирсэн.

Тиймээс асуудал улам бүр ээдрээтэй болж байна.

Кубын засгийн газрын мэдэгдэлд “Куба улс хэзээ ч өөрийн нутаг дэвсгэрийг бусад улсын дипломат ажилтнууд, тэдгээрийн гэр бүлийн эсрэг аюул учруулахад ашиглуулахгүй” гэжээ.

Ердөө 150 орчим километрийн зайтай хоёр эрэг дээр оршдог АНУ, Куба улсууд 2015 онд тавиад жилийн дараа анх удаа харилцаагаа сэргээсэн юм.

Хэрвээ Кубын тал АНУ-ын дипломатчдын эсрэг ийм халдлага үйлдсэн бол хоёр орны дөнгөж эхэлж байгаа харилцаанд том бэрхшээл бий болох юм.

 

Эх сурвалж: Associated Press