Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Япон, Өмнөд Солонгосын удирдагч нартай Хойд Солонгосын асуудлаар яаралтай уулзана

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын асуудлаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Япон, Өмнөд Солонгосын удирдагч нартай яаралтай уулзахаар болсныг Цагаан ордон өчигдөр мэдээлжээ.

Уулзалт ирэх долоо хоногийн Пүрэв гарагт Нью Йорк хотноо НҮБ-ын ерөнхий ассемблэйн чуулганы үеэр болох гэнэ. Уулзалтад Японы ерөнхий сайд Шинзо Абэ, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин оролцохоор болсон байна.

Энэ талаар мэдээлэл өгсөн Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Х.Р.Макмастер “Ким Жон Уны сүүлд явуулсан туршилт түүнийг манай дэлхийн хамгийн аюултай, яаралтай шийдэх ёстой асуудал болгож байна” хэмээн тодорхойлжээ.

Баасан гарагийн өглөө Хойд Солонгос баллистик пуужинг Японы арлуудыг давуулан харвасан нь тус дэглэмийн түүхэнд хамгийн хол харвасан пуужин болсон юм. Мөн хэдхэн хоногийн өмнө Пёньян түүхэндээ хамгийн хүчтэй цөмийн туршилт зохион байгуулсан.

Макмастер энэ үеэр “хүлээж суух цаг байхгүй болсон”-ыг хэлсэн нь Хойд Солонгосын эсрэг цэргийн ажиллагаа явуулах нь байж болох хувилбар гэдгийг харуулж байна.

Мэдэгдлийн үеэр Макмастертай хамт байсан НҮБ дэх АНУ-ын элч төлөөлөгч Никки Хэйли сүүлд хэрэгжүүлсэн Хойд Солонгосын эсрэг эдийн засгийн хориг нь тус дэглэмийн гадаад худалдааны хэмжээг 90 хувь бууруулах нөлөөтэй гээд “энэ бол бидний хийж чадах олон ажлын зөвхөн эхлэл юм” гэжээ.

 

Эх сурвалж: Japan Today