Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ирматай ижил хүчтэй далайн хар салхи Хятадын эргийг чиглэн ирж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Хятадын зүүн өмнөд бүсийн эрх баригчид өнөөдрөөс буюу Мягмар гарагаас эхлэн хагас сая хүнийг эргээс нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлж байна.

Ингэх болсон шалтгаан нь долоо хоногийн сүүлээр энэ бүс нутагт маш хүчтэй хар салхи газардах гэж байгаа юм. Талим нэртэй хар салхи Хятадын зүүн өмнөд Фужянь мужийн эрэг дагуух хэд хэдэн хотыг дайрах төлөвтэй байгааг цаг уурчид мэдээлжээ.

Эхний ээлжинд 400-500 мянган иргэнийг эх газрын гүн рүү нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарсан ба цаашдын нөхцөл байдлаас шалтгаалан тоо нь нэмэгдэх магадлалтай юм.

Дүрвэгсдийг сургуулиуд, спортын танхимуудад түр орогнуулахаар болжээ.

Талим хар салхи өнгөрсөн Бямба гарагт Филиппиний зүүн хэсэгт үүссэн бөгөөд баруун хойд зүгт шилжиж, Тайвань арал, Фужянь мужид хүрэхээр байгаа юм.

Салхины хүч Хятадын хэмжүүрээр хамгийн хүчтэй, АНУ-ын хэмжүүрээр 4 ба 5 дугаар ангиллын буюу Ирма хар салхитай дүйж байгаа гэнэ.

Энэ онд дэгдэж байсан бүх хар салхинаас хол илүү хүчтэйд тооцогдож байгааг мэргэжилтнүүд хэлжээ. Одоо Хятадын орон нутгийн эрх баригчид Ирма хар салхины үед АНУ-ын засаг захиргааны авч хэрэгжүүлсэн арга хэмжээг анхааралтай ажиглаж, туршлага судалж байгаа гэнэ.

Фужянь мужийн хувьд Флоридагаас 50 хувь илүү олон хүн амтай. Харин хоёр хар салхи нь хүч чадлын хувьд ижил хэмжээтэй байгаа тул Хятадын тал илүү их анхаарал тавих хэрэгтэй болж байгаа гэнэ. Хятадын нэг сул тал нь хүн амын нягтшил. Иргэдийг олноор нүүлгэн шилжүүлэхэд замын түгжрэл, түр байрлуулах газар зэрэг асуудал хүндрэлтэй юм.

Цаашдаа ийм хор хөнөөлтэй байгалийн гамшиг хэвийн үзэгдэл болох тул иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулилалт, нарийн төлөвлөгөө хийгдэх ёстойг судлаачид анхааруулжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post