Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын засгийн газар ирэх оноос эхлэн сүм хийдүүд, лам хуврагуудаас татвар авна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Ирэх оны эхнээс Өмнөд Солонгосын засгийн газар сүм хийд, лам хуврагуудаас орлогын албан татвар авч эхлэхээр болжээ. Татварын хэмжээг 6-аас 38 хувийн хооронд байлгахаар хуулинд нэмэлт оруулах тухайгаа тус улсын сангийн сайд Ким Дон Ён парламентын чуулган дээр мэдээлсэн байна.

Үндэсний Татварын газар бэлтгэл ажлыг эхлүүлж, шашны байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийж эхэлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт энэхүү санаачилгыг эрх баригч намын тэргүүлсэн парламентын гишүүд хоёр жилийн хугацаатай хойшлуулахаар хөөцөлдөж эхэлсэн юм.

Гэвч олон нийт сүм хийдүүдээс татвар авахыг дэмжиж, хойшлуулах саналыг хүчтэй эсэргүүцсэн тул хуулийг хэрэгжүүлэх хугацааг хэвээр үлдээсэн байна. Иргэдийн дунд явуулсан санал асуулгаар тэдний 90 хувь нь лам хуврагуудаас татвар авахыг дэмжжээ.

Тиймээс засгийн газар есдүгээр сард шашны байгууллагуудтай уулзаж саналыг нь тусгаад, аравдугаар сард татвар тооцох аргачлалыг боловсруулахаар болсон байна. Өмнөд Солонгост анх 1968 онд шашныхнаас татвар авах саналыг тухайн үеийн Үндэсний Татварын газрын дарга Ли Нак Сун гаргаж байжээ. Гэвч үе үеийн засгийн газар сонгуулийн үр дүнд нөлөөлнө гэж болгоомжлон хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн юм байна.

Гэвч сүүлийн жилүүдэд хүн ам хөгширч, нийгмийн халамжийн зардал өссөн тул татварыг орлогын шинэ эх үүсвэр бий болгох нь чухал болоод байгаа ажээ.

 

Эх сурвалж: Korea Times