Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Мэйвезэр-Макгрегорын ТҮҮХЭН ТУЛААН ирэх Ням гарагт болно

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Хэдэн сарын турш үргэлжилсэн хэлэлцээр, цуурхал, дуулиан, бэлтгэл сургуулилалт, мэтгэлцээний эцэст ирэх Ням гарагт (Улаанбаатарын цагаар) спортын түүхэнд бичигдэх сонирхолтой тулаан болох гэж байна.

Бүх цаг үеийн хамгийн шилдэг боксчин, зодог тайлаад байгаа Флойд Мэйвезэр, холимог тулааны (UFC) төрлийн өнөө цагийн хамгийн том од Конор Макгрегор нар Лас Вегасын T-Mobile дэвжээн дээр тулалдах юм.

Мэйвезэр бол 49 удаа ялалт байгуулж, нэг ч удаа ялагдаагүй мэргэжлийн боксчин. Харин Макгрегор бол мэргэжлийн боксчинтой хэзээ ч тулалдаж үзээгүй холимог тулааны тамирчин гэдгээрээ онцлог.

Мэргэжилтнүүдийн ихэнх нь Мэйвезэрийг ялна гэж тооцоолж байгаа.

29 настай Ирланд залуу Макрегор одоогоор холимог тулааны төрөлд тэргүүлж яваа тамирчдын нэг бол сүүлийн хоёр жил идэвхгүй байсан 40 настай Мэйвезэр нь мэргэжлийн боксын босоо тамирчин юм.

Мэйвезэр хамгаалах тоглолт хийдгээрээ алдартай, өрсөлдөгчийнхөө довтолгооноос чадмаг зайлах зуураа оноо авч чаддаг боксчин. Харин хөнгөн жингийн дэлхийн аваргын бүсийг хадгалж байгаа Макгрегор холимог тулааны дэвжээнд тэсрэлттэй хүнд цохилт хийдгээрээ алдартай нэгэн юм.

Хоёр тамирчны тулаан боксын дүрмээр явагдана. Үүнээс гадна тэд 300 грам жинтэй боксын бээлийтэй тоглох ба хөлөөр цохилт хийх, хэвтээ байрлалд тулалдахыг хориглож байгаа. Энэ бүхэн холимог тулаанч Макгрегорт хүндхэн сорилт болохоор байгаа юм.

Сүүлийн хэдэн сарын хугацаанд тэд мөн бие биеийнхээ эсрэг хурц, өдөөн хатгалттай мэдэгдлүүдийг хийгээд байгаа нь тулааныг улам бүр сонирхолтой болгож байна.

Тулааныг сурталчлах тойрон аялалын арга хэмжээг дөрвөн хотод хийгээд байгаа.

Энэ үеэр тэд харилцан хэл амаар дайралцаж байв. Макгрегор өрсөлдөгчдөө хандан “Чи бол 20 жилийн хугацаанд ганц ч хүнийг хүнд цохилтод оруулж байгаагүй хүн” гэсэн бол Мэйвезэр “Би хэдэн жилийн өмнөх шигээ биш байгаа ч чамайг хангалттай ялна” гэжээ.

Хариуд нь Макгрегор “Чи цагаан тугаа өргөх болно. Чи нүүрээрээ унах уу, нуруугаараа унах уу? Аль нь чамд дээр вэ? Чи зүгээр л хүслээ хэл, үлдсэнийг нь би хийнэ” гэсэн байна. Харин Флойд “Бурхан ганцхан зүйлийг төгс хийсэн юм. Энэ бол миний боксын рекорд” гэж өрсөлдөгчөө хариу сүрдүүлжээ.

Аваргуудын тулааныг Монголд үзэх боломжийг Univision үйлчилгээ олгож байгаа юм байна. Улаанбаатарын цагаар Ням гарагийн өглөө 08:00 цагаас тулааны өмнөх шоу эхэлж, өдрийн 12:00 цагаас тэмцээн эхлэх юм. Univision-ий UniLive 88 төлбөртэй сувгаар тэмцээнийг дамжуулах ба төлбөр нь 5,000 төгрөг болохыг тус компанийн эх сурвалж мэдээллээ.

Тэдний өнгөрсөн сард Лос Анжелест хийсэн хэвлэлийн хурлын дүрс бичлэг: