Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын санаачилгаар Солонгосын хойгт дайн дэгдэх боломжгүй болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин өчигдөр буюу Пүрэв гарагт Хөх ордонд анхны томоохон хэвлэлийн хурал зохион байгуулсан нь түүний тангараг өргөснөөс хойшх 100 дахь хоногт зориулагдсан юм.

Энэ үеэр тэр нэгэн чухал мэдэгдэл хийсэн нь Солонгосын хойгт АНУ-ын санаачилгаар дайн дэгдэх боломжийг хаасан тохиролцоонд хүрсэн тухай байлаа. АНУ-ын талаас Хойд Солонгост түрүүлж цохилт өгөх бол эхлээд заавал Сөүлтэй зөвшилцөх амлалтыг Америкийн ерөнхийлөгч Дональд Трампаас авсан тухайгаа энэ үеэр Мүүн Жэ Ин мэдэгдсэн байна.

“Өмнөд Солонгосын зөвшөөрөлгүйгээр хэн ч энд цэрэг дайны ажиллагаа эхлүүлж чадахгүй” хэмээн тэр хэлсэн юм.

Тэр бас дайн гаргуулахгүй байхын тулд өөрийн бүх чадлыг шавхан ажиллахаа амласан байна. “Солонгосын хойгт дахин дайн гаргуулахгүй гэдгээ би баталж чадна” хэмээн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч мэдэгджээ.

Саяхан НҮБ-аас гаргасан Хойд Солонгосын эсрэг эдийн засгийн шинэ хоригийг Мүүн Жэ Ин “дайн гарахаас сэргийлж, Пёньяныг хэлэлцээрийн ширээний ард суулгах зорилготой” гэж тодорхойлсон байна.

Харин Хойд Солонгосын тал туршилт, өдөөн хатгалгаа явуулсаар байх бол эдийн засгийн хоригоо улам чангалсаар байх болно гэж хэлээд Дональд Трампын хэлж байсан “хатуу үгс” нь дайн хийх зорилготой бус, Ким Жон Унд дарамт үзүүлэхэд чиглэгдсэн үйлдэл гэж Мүүн Жэ Ин тайлбарлажээ.

 

Эх сурвалж: Korea Times