Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбоход шаардагдах хөрөнгийг УЛСЫН ТӨСВӨӨС гаргах үүрэг өглөө

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Засгийн газрын өнөөдрийн /2017.08.17/ хуралдааны шийдвэр-

Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын 20 мянган айл өрхийг өндөр чадал бүхий цахилгаанаар халаах, нийслэлд буй 71 халаалтын зуухыг буулгахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Эрчим хүчний сайд П.Ганхүү нарт даалгажээ.

Хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбоход шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр шийдвэрлэхийг үүрэг болголоо.

20 мянган айл өрхийг 4.0 кВт цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх, хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг хангахад шаардлагатай тооцоо судалгааг хийсэн байна. Үүнд агаарын чанарын нэгдүгээр бүсэд байрлах Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нийт 23 хорооны 20 гаруй мянган айл өрх хамрагдах аж.

Мөн Нийслэлд буй 71 халаалтын зуухыг буулгаж, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбохоор зураг төслийг хийжээ

Хүчдэлийн уналттай болон шинэ суурьшлын бүсийн гэр хорооллын айл өрхийг цахилгаан хангамжаар хангах 42 багц ажлын хүрээнд Улаанбаатар хотын зургаан дүүргийн 63 дэд станцыг шинээр барьж суурилуулах ажлыг 11.74 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хийсэн байна.

Уг төслөөр нийт 6,373 шинэ хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчинд холбожээ.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс