Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батцэнгэл: Сэргээшийн асуудлаас болж ОХУ-ын тамирчид тэмцээнд оролцоогүй

Өглөөний сонин
2017 оны 8 сарын 16
MorninigNews.mn
Зураг зураг

Олон улсын хүүхдийн спортын долоодугаар их наадам манай улсад тав дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Наадамд ОХУ-ын Буриад улс, БНХАУ-ын Өвөрмонгол болон манай улсын гээд нийт 1,000 гаруй хүүхэд ширээний теннис, футзал, хөнгөн атлетик, жүдо, чөлөөт бөх, сагсан бөмбөг зэрэг спортын 11 төрлөөр өрсөлдөж байна. Энэхүү тэмцээн нь энэ сарын 12-нд сагсан бөмбөгийн төрлөөр эхэлсэн юм.

Энэ удаагийн сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэй, эрэгтэй тус бүр таван баг оролцож байгаагаас БНХАУ-ын эрэгтэй, эмэгтэй хоёр баг оролцож байна. Харин манай улсаас U17 насанд эр, эм I, II баг, U16 насанд эрэгтэй, эмэгтэй мөн I, II баг өрсөлдөж байгаа юм. Тоглолт тойргийн журмаар явагдах ба багийн дүнгээр нэг хоёроор шалгарсан багууд аваргын алтан медалийн төлөө тоглох эрхтэй болно. Хэрэв хоёр баг тэнцсэн тохиолдолд оноо тоолох зарчмаар ялагчийг тодруулах аж.

Тэгвэл шүүгчдийн хувьд Монголын сагсан бөмбөгийн холбооны 16 шүүгч, БНХАУ-ын нэг шүүгч ажиллаж байна. Зохион байгуулагчдын ярьж байгаагаар энэ удаагийн Олон улсын хүүхдийн спортын долоодугаар их наадмын зарим төрөлд оролцох байсан манай хойд хөршийн баг, тамирчид тодорхой шалтгааны улмаас тэмцээндээ ирж чадаагүй байна. Энэ талаар тэмцээний зохион байгуулагч, ерөнхий шүүгч Б.Батцэнгэлээс дараах зүйлийг тодруулсан юм.

-Олон улсын хүүхдийн спортын их наадмыг долоо дахь жилдээ зохион байгуулж байна. Харин энэ жилийн хувьд ОХУ-ын баг, тамирчид цөөхөн харагдаж байгаа нь ямар шалтгаантай вэ?

-Хөнгөн атлетикийн олон улсын холбоо гэж бий. Харин ОХУ-ын баг, тамирчид сэргээш хэрэглэсэн гэх шалтгаанаас олон улсын чанартай ямар нэгэн тэмцээнд оролцох эрхийг нь хориглосон. Уг нь, саяхан болсон дэлхийн аваргын тэмцээний үеэр эрхийг нь нээх болов уу гэж харж байлаа.

Харамсалтай нь, тэдний эрхийг нь нээсэнгүй. Энэ мэт шалтгаанаас үүдэж энэ удаагийн тэмцээнд ОХУ-ын Буриад улсын тамирчид хүрэлцэн ирж чадсангүй.

-Ирэх онд аль улсад зохион байгуулах билээ?

-Өнгөрсөн жил ОХУ-ын Буриад улсад зохион байгуулсан. Харин энэ жилийн хувьд манай улс мэргэжлийн гүйлтийн замтай болсноороо зохион байгуулах эрхтэй болсон. Ирэх жил Хөх хотод болно.

Зураг