Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Бумбаны Их Тахилга Сайн Номуун Хийдэд болно

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2017 оны 7 сарын 24
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
Зураг зураг

Налайх дүүргийн Сайн Номуун Хийдээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эд баялгийг эрхшээгч Намсрай, Гонгор, Замбала, Дарь эх, Лусын бумбаны тахилга 2017 оны долоодугаар сарын 28, 29, 30-ний өдрүүдэд Сайн номуун хийдэд зохион байгуулагдах гэж байна.

Тахилгын бүртгэлийг: Долдугаар сарын 20–27-ны өдрүүдэд 9:00–18:00 цагийн хооронд Налайх дүүргийн Сайн Номуун Хийдэд хийж байна. 

Холбоо барих утас: 99050052, 99794601

Сайн Номуун Хийдийн байршлыг энд дарж үзнэ үү.

Өнмөх жилийн Бумбаны Тахилгын зургуудаас
Бумба, түүний утга учир

Номын адис жинлаваар бүтээгдсэн, олон төрлийн ариун зай, эд зүйл, эрдэнэсийг агуулан хадгалдаг, амсар, хүзүү, ходоод, суурь бүхий эрдэнэсийн савыг “бумба” гэнэ. Бумба нь бүтээсэн эд зай, зориулсан уншлага бүтээл зэргээсээ шалтгаалан олон янз байна.

Тухайлбал: Гонгор, Намсрай, Замбала, Дарь эх, Лусын, Эдийн, Маанийн, Насны, Рашааны, Бүтээлийн болон Угаалын зэрэг байх бөгөөд эдгээр нь тус бүрдээ өөр өөр утга санаа, зорилгыг агуулдаг.

Бумба бүрийн дотор тусгайлан бэлдсэн ховор нандин зай, эрдэнэсийн дээж, олон төрлийн будаа, үнэртэн, үр ургамал зэрэг нийт 80 гаруй төрлийн нандин зүйлсийг судар номонд заагдсан ёс жаягийн дагуу хийж бэлдээд тусгайлсан уншлагаар равнай өргөн үйлддэг.

Бумба бүхэн тухайлан зориулсан бурхадын тарнитай бөгөөд уг тарнийг нь урин залж, уншлага бүтээл үйлдэж байвал нэн тустай.

Сайн Номуун Хийдийн Хамба лам, Доктор Сайнбуянгийн Нэргүй Бумбаны тахилгын талаар ийнхүү ярьлаа.   
 

Сүүлийн үед Монголчуудын дунд олон төрлийн Бурхадын Бумбыг орон гэртээ залж, тахиж шүтэх нь нилээд түгээмэл болсон байна.

Тийм учраас Бурханы шашны "Сайн Номуун" хийдээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “БУМБАНЫ ИХ ТАХИЛГА” нь бумба түүний утга учир, ач холбогдол, ёс, зан заншлын талаар олон нийтэд зөв ойлголт, мэдлэг мэдэгдэхүүн өгөх зорилготой буяны төдийгүй шашин соёлын арга хэмжээ юм. 
Бурхад бүхэн өөр өөрийн бүтээлийн бумбатай байх бөгөөд үүн дотроос бидний эрхэмлэн дээдэлж шүтдэг бумбанууд нь Гонгор, Намсрай, Дарь эх, Замбала, Лус болон Эдийн бумбанууд бөгөөд бумба нь тухайн айл гэр, хувь хүмүүсийн хишиг буян, эдийн тэнгэр орших эрдэнэсийн сав гэж үздэг учраас эрхэмлэн дээдэлдэг ёс заншилтай.

Сайн Номуун хийд нь жил бүр уламжлал болгон дээрх олон төрлийн бурхадын бумбаны тахилгыг ёсчлон хурж, тахилга үйлддэгээрээ бусад газар орны бумбаны тахилгаас өвөрмөц онцлог ялгаатай юм.

Иймд бидний шашин соёлын үйл ажиллагаанд бие сэтгэлээрээ нэгдэн хамтын буян хураах чин хүсэл эрмэлзэлтэй сүсэгтэн таны арван цагаан буян арвидан дэлгэрч байхын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

Бумбаны тахилга
 

Бумбаны тахилга гэдэг нь олон нэр төрлийн бумбануудыг нэгтгэн, ёс уламжлал жаягийн дагуу олон бурхдад өргөх тахилыг бэлтгэн дэлгэрэнгүй уншлага, зан үйлийг үйлдэхийг хэлж байгаа юм.

Бумбаны тахилга үйлдэхэд хэд хэдэн чухал зүйлүүдийг анхаарах шаардлагатай бөгөөд юуны түрүүнд тахилгыг үйлдэж буй лам хуврагууд тухайн тахилгын хугацаанд махан хоол идэхгүй байх ба тахиулж буй өглөгийн эзэд нь тухайн тахиулж буй бумбандаа болон бурхдад ихэд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Бумбыг газарт тавих, хир тоостой орчинд хадгалах зэргийг цээрлэх учиртай.

Учир нь бумба нь тухайн айлын эд эдлэл, хишиг буяны тэнгэр орших сав гэж үздэг тул нандигнан дээдлэх ёстой. Бумбаа тахиулж байгаа айл бумбаа даллаганы сум, даллагын идээ зэрэгтэй хамт бэлдэх ба шинээр бумба залах айл нь Гонгор, Намсрай, Замбала, Дарь эх, Лусын болон Эдийн бумбаны өөрийн сэтгэлд зохистойг залж ном ёс жаягийн дагуу тахиулан орон гэртээ залдаг.

Бумбаны тахилгыг жил бүр тасралтгүй үйлдүүлж байх нь бумба болон айл гэрт сайн шид бүтээлийг хурааж, хүч чадлыг нь нэмэгдүүлж байх учиртай тул тахилгаа таслахгүй байх нь чухал юм.

Намсрай бурханы бумба
 

Намсрай бурхан нь эд баялгийн эзэн бурхан хэмээн шүтэгддэг ба түүний дүр байдал нь сүр жавхлант үзэсгэлэнтэй, бага зэрэг догшин дүртэй ба мишээсэн нүүртэй, нэг тэргүүн хоёр мутартай ба баруун мутартаа эрдэнийн дуаз жанцан барьсан, зүүн мутартаа эрдэнээр бөөлжиж буй үхэр оготно барьсан, биеийн эргэн тойрноо эрдэнийн эд зүйлсээр чимэглэсэн, ихэд сүр жавхлантай бурхан юм.

Намсрай бурхан бол хамаг эд эдлэлийг эрхэндээ хураасан байдаг бөгөөд түүнийг эд эдлэл, хишиг буяны тэнгэрийн их эзэн хаан гэж үздэг. Намсрай гэдэг нь Төвөд үг бөгөөд баяжуулагч хөвгүүн гэсэн утга санааг илэрхийлсэн нэр юм.

Тиймээс түүний бумбыг нь ном ёсны дагуу бүтээлгэн тахиж шүтэх аваас эд эдлэлийн эрхэм хаан Намсрай бурханд ивээгдэж, гурван цагийн цаглашгүй их хишиг буянаар арван цагаан үйл бүхэн нь батжин дэлгэрэх ерөөлтэй.

Намсрай бурханы бумбыг бүтээн залж тахисны ач тус нь есөн ариун хүслээр эрдэм билэг, нас, хишиг буян, эд эдлэлийг хурайлан дуудаж, элдэв өлзий бусыг арилган ертөнц дэх түмэн зүйлийн ядуурал хоосролоос бүрэн ангижруулж, эд эдлэл, хишиг буянаар цаг ямагт тэтгэж байхыг бэлгэдсэн байдаг тул бүтээн залж шүтэх нь нэн тустай. Намсрай бурханы тарни нь: Ум Вээ Шарва Наей Суухаа.

Гонгор бурханы бумба
 

Гонгар буюу Гонгор гэдэг нь төвөд үг бөгөөд “цагаан итгэлт” гэсэн утга санааг илэрхийлсэн үг юм. Гонгор бурхан нь цаст уул мэт цагаан өнгөт лагшинтай, бага зэрэг догшин дүр төрхтэй, хувцас өмсгөл нь эрдэнийн чимэг зүүлт тэргүүтнээр чимэглэгдсэн, нэг тэргүүн зургаан мутартай бурхан юм.

Баруун талын дээд мутартаа илд барьсан, дунд мутартаа номын дамар барьсан, цээжний хэсэгт чагжилсан мутартаа есөн ариун хүслийг дэлгэрүүлэгч чандмань барьсан ба зүүн талын дээд мутартаа гурван үзүүрт сэрээ барьсан, дунд мутартаа дөрвөн ертөнцийг эрхэндээ хураах төмөр шийдэм барьсан бөгөөд цээжин хэсэгтээ чагжилсан мутартаа есөн хүслийг дэлгэрүүлэгч эрдэнээр дүүргэсэн гавал аяга, бумба барьсан дүр төрхтэй.

Гонгор бурханы бумбыг бүтээж, шүтэхийн ач тус нь ариун хүслээр эрдэм билэг, нас, хишиг буяны үйл зөнгөөр ундран дэлгэрч, ариун цагаан буян бүгдийг хурайлан оруулж байхын бэлгэдэлтэй төдийгүй Гонгор бурханы бумбыг бүтээж залсан газар орон, айл өрх бүхэнд үгүйрэл хоосролын үүд бүхэн хаагдаж, үр удам, хойч үе бүхэндээ хишиг буян нь өргөжин дэлгэрч, өөдлөн дэвжиж байхын ерөөлтэй байдаг.

Түүнийг шүтсэний гол утга нь хүмүүний үйлдсэн арван цагаан буяныг цаг алгасалгүй үе удам дамжуулан дэлгэрүүлж байх ерөөлтэй төдийгүй бумбыг нь бүтээн залсны ач тус хэмжээлшгүй их байдаг. Гонгор бурханы тарни нь: Ум Гүрү Маха Гала Харини Сиди За.

Дарь эхийн бумба
 

Ногоон дарь эх бурхан нь биеийн лагшин ногоон, нэг тэргүүн хоёр мутартай, амирлангуй мишээсэн дүртэй, бадам лянхуа суудал дээр заларч баруун хөлөө шулуун, зүүн өвдгөө нугалсан, хоёр мөрөндөө дэлбээлсэн удвал цэцгээр гоёсон, тэргүүндээ алтан титэм зүүж, биеэ эрдэнээр чимэглэсэн, үзэсгэлэн төгөлдөр биетэй, баруун мутрынхаа алгыг дэлгэж удвал цэцгийн үзүүрээс атгасан, зүүн мутраа дээш хагас босгож удвал цэцгийн үзүүрийг чагжлан барьсан дүр төрхтэй бурхан юм.

Түүний эргэн тойронд 21 дарь эхийн лагшин дүрүүд хүрээлсэн байдалтайгаар оршдог. Дарь эхийн бумба нь 21 ногоон дарь эх болон Цагаан дарь эх бурханы үүднээс бүтээгддэг бөгөөд ихэвчлэн насны буян хишиг дэлгэрүүлж, нас уртасгаж бататгахыг бэлгэдэн залагддаг учиртай.

Тиймээс дарь эхийн бумбыг насны бумба гэх нь ч бий. Ялангуяа бага насны хүүхдүүдийн өвчин эмгэг, ад зэтгэр зэргийг амирлуулах ба хөгшид, эмэгтэйчүүд, эхчүүдийн насан хутаг дэлгэрч амар амгалан төрөх хийгээд үрийн заяаг тогтоон дэлгэрүүлж, насан бие төгс төгөлдөржүүлэх үүднээс бүтээдэг.

Дарь эхийн бумбыг залсан газар оронд буяны сэтгэлээр санасан аливаа ажил үйлс зөнгөөрөө бүтэж, хишиг буян дэлгэрч амь насан дэлгэрэхийн их ерөөлтэй тул ёсчлон тахиж шүтдэг. Дарь эхийн бумбаны бүтээлийн тарни нь: Ум Дарэ ДүдДарэ Дүрэ Суухаа.

Лусын бумба
 

Газар орон бүхнийг далдаас ивээн хамгаалж, эрхэндээ хурааж байдаг эздийг лус савдаг гэдэг. Тэднийг дотор нь амирлангуй зөөлөн ба догшин ширүүн гэж ангилдаг. Лус бүгдийг эрхэндээ хураасан нь Лүйван жалбуу буюу Лусын эрхэт хаан нь юм.

Энэ нь догшин ширүүн дүр төрхтэй, нэг тэргүүн хоёр мутартай, бүтэн биеэрээ могой ороож хаан сэнтийд заларсан дүр төрхтэй юм. Газар орны эзэд, лус савдаг тэргүүтэн нь хүний энэ насны ажил үйлс, хишиг буяныг дэлгэрүүлэхэд тусалдаг тул лусын бумбыг шүтэн залдаг учиртай.

Лусын бумбыг газар орны эзэн лус савдгийг баясгах, догшин  лус савдгийг аргадах, хорлолыг амирлуулах, хишиг гуйх үүднээс түүний бүтээлийг үйлдэж залдаг бөгөөд лусын бумбыг ихэвчлэн лус оршсон уул овоо, газар усанд бүтээнэ.

Мөн түүнчлэн шинээр барилга байшин, сүм дугана бүтээх зэрэгт зориулахаас гадна газрын эд баялгийг ашиглаж байгаа үйл бүхэнд зориулан лус савдагт өргөнө. Үүнийг орон гэр болон эрхэлж буй газрын үйлэнд зориулан залваас лусын хорлол хөнөөл үл халдана гэдэг. Лусын бумбаны бүтээлийн тарни нь: Дадяата Ум Дата Гада Вага Вана Нагараза Шара Адистиди На Адистиди Суухаа.

Замбала бурханы бумба
 

Замбала гэдэг нь санскрит нэр бөгөөд эдийн тэнгэр гэсэн утга санааг илэрхийлсэн үг юм. Замбала бурхан нь эд эдлэлийг эрхэндээ хураан эрхшээж байдаг бурхан бөгөөд бадамлянхуа дэвсгэр дээр очир завилгаагаар заларсан, амирлангуй дүртэй, нэг тэргүүн хоёр мутартай ба баруун мутартаа очирт эрдэнэ барьсан, зүүн мутартаа эрдэнээр бөөлжигч хулгана барьсан, сүр жавхлантай дүртэй бурхан юм.

Мөн түүний дүр төрх олон янз байдаг. Замбала бурханы бумба бүтээн залахын ач тус нь нэн их бөгөөд түүнийг ихэвчлэн ариун цагаан үйлс дэлгэрүүлэх, мөн түүнчлэн буянтай үйл бүхнийг үйлдэж, ашиг орлого олж байгаа эрхэм хүмүүний мөнгөн сан хөмрөгийг дэлгэрүүлэхэд зориулан бүтээн залдаг.

Иймд бусдын тусын тулд ариун үйлс, ажил хөдөлмөр эрхэлж буй хэн бүхэн энэхүү Замбала бурханы ариун бумбыг бүтээлгэн ёсчлон тахиваас сайн үйл бүхнээр олсон хөрөнгө мөнгө нь арвижин тогтож, бие нас болон эд эрхтний хүч нь дэлгэрч, үйлс мөнгөний эзэн Замбала бурханы ивээлд багтдаг. Замбала бурханы тарни нь: Ум Замбала Залан Даей Суухаа.

Эдийн бумба
 

Норжинма буюу эд эдлэл хайрлагч бурхан нь очирт суудал дээр заларсан, нэг тэргүүн хоёр мутартай, амирлангүй үзэсгэлэн төгөлдөр бие лагшинтай, хоёр мутраа зөрүүлэн алган дээрээ чандмань эрдэнэ барьсан, улаан хүрэн өнгөөр хувцас чимэг сэлт зүүсэн дүр төрхтэй бурхан юм.

Түүний бумбыг бүтээлийн хувьд дээрх олон төрлийн бурхад болох Намсрай, Гонгор, Замбала, Ногоон дарь эх, Лусын бумба зэргийг бүтээхэд ордог ариун нандин эрдэнэ, зай, амуу, юнгар зэрэг гайхамшигт хольц бүхий олон төрлийн жоруудыг нэгтгэн бүтээдэг.

Түуний бүтээлийн тарнийг урин залж бүтээл үйлдсэн бумбыг эдийн бумба гэж нэрлэж байгаа юм. Эдийн бумба нь энэ болон хойч үеийн цаглашгүй их буян хишиг, эд эдлэлийг дэлгэрүүлэн, үгээгүй ядуу хоосны гэмийг арилгаж, гэмт муу бүхнийг амирлуулан, гарзын үүдийг хааж, хишиг буяныг дэлгэруулдэг учиртай. Эдийн бумбаны бүтээлийн тарни нь: Ум Барма Дүда Аръяа Замбала Чинда Яй Суухаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.