Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хүмүүс Европ тивд ирэхээс 20,000 жилийн өмнө Австрали тивд суурьшсан болохыг баталжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Хүн төрөлхтөн Европ тивд суурьшихаас 20,000 жилийн өмнө Австрали тивд хүрсэн болохыг эрдэмтэд шинэчлэн тогтоожээ.

Хойд Австралиас олдсон дэлхийн хамгийн эртний чулуун сүх, шар зосоор зурсан хадны сүг зураг зэрэг олдворууд нь ногоон тивд хүмүүс 65,000 жилийн өмнө хүрч суурьшсан болохыг баталж байгаа гэнэ. Үүнээс өмнө тус тивд хүн суурьшсан хугацааг 50,000 жил гэж үздэг байсан юм.

Орчин үеийн хүний өвөг дээдэс Африк тивд 200,000-300,000 жилийн хооронд үүсэн бий болж, 45,000 жилийн өмнө анх Европ тивд хөл тавьсан гэж үздэг.

Тэгвэл Австралид ирсэн хүмүүс нь чулуун сүхнээс гадна жадаар зэвсэглэсэн байжээ. Баримт олдсон газар нь Мирарр овгийнхны уугуул нутаг болох Маджедбэбэ юм байна. Өчигдрийн Nature сэтгүүлд нээлтийн тухай “Маджедбэбэд хүн суурьшсан хугацаа 65,000 орчим жилийн өмнө байгаа нь Африкаас гарсан хүмүүс Азиар дамжин Австралид ирсэн хугацааг шинэчлэн тогтоож байна” гэжээ.

Тухайн үед далайн усны түвшин бага байсан нь Азиас Австралид хүрэх замыг саадгүй болгосон гэж үзэж байна. Мөн Австралид нэгэн үед амьдарч байсан аварга биет амьтад (megafauna) болох хоёр тонн жинтэй баавгай, дэгдэж чаддагүй аварга имж, 2 метр өндөр шувуу зэрэг амьтад хүмүүс ирснээс болж устсан гэх өмнөх онолыг эргэлзээтэй болгож байна.

Шинэ хугацаагаар бол Австралид хүмүүс ирснээс 20,000 жилийн дараа эдгээр үлэмж биетнүүд бүрэн устаж алга болсон байна. Хүнтэй удаан хугацаанд зэрэгцэн амьдарч байсан эдгээр амьтад ямар шалтгаанаар устаж үгүй болсныг тодорхой болгох шаардлагатай гэж эрдэмтэд үзэж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Independent