Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Сураггүй болсон хос 75 жилийн дараа хайлсан мөсөн дундаас олджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Альпийн уулс

Одоогоос 75 жилийн өмнө Швейцарийн нэг гэр бүлийн хос үнээндээ тэжээл өгөх гэж яваад Альпийн нуруунд сураггүй алга болсон юм.

Тэгвэл тэдний цогцос уулсын мөнх цас хайлахад бүрэн бүтнээрээ олджээ. Цогцоснууд муми хэлбэртэйгээр бичиг баримттайгаа, дэлхийн хоёрдугаар дайны үеийн хувцастайгаа олдсон байна.

Тэднийг Марселин ба Франсин Дюмолин гэдэг байсан бөгөөд баруун өмнөд Швейцарийн Шандолин тосгоны ойролцоо амьдарч байжээ. Сураггүй болох өдрөө тэд 40 ба 37 настай, таван хүү, хоёр охинтой байсан гэнэ.

Хүүхдүүдийн хамгийн бага болох Марселин Одри Дюмолин гуай одоо 79 настай. Тэрээр Швейцарийн Le Matin сонинд ярихдаа хүүхдүүд нь “насан туршдаа зогсолтгүй эцэг эхээ хүлээсэн” гэжээ. Эцэг эх нь сураггүй болсны дараа хүүхдүүд нь тус тусдаа салан амьдарч, “хүний хүмүүс” болсон ч эцсээ хүртэл найдлага тасраагүй байна. Одри Дюмолин гуайн хэлж байгаагаар тэр өдөр ээж нь анх удаа нөхөртөө туслахаар хамт явжээ. Өмнө нь үргэлж бие давхар байдаг байсан тул ингэх боломж гардаггүй байсан гэнэ.

Ингэж яваад тэд ангал руу хальтирч унасан байна. Сүүлийн үед цаг уурын дулаарал болж байгаагаас уулын мөнх цас, мөс хайлж, иймэрхүү олдворууд ил гарах нь нэмэгдсэн тухай Le Matin сонин бичжээ.

“75 жил хүлээсний эцэст би энэ мэдээг тун тайван хүлээж авсан” гэсэн Одри Дюмолин гуай “Эцэг эхийнхээ оршуулгын ёслолд би хар биш цагаан хувцас өмсөнө. Ингэх нь бидний итгэл найдвар хэзээ ч алдраагүйн илэрхийлэл болох юм” хэмээн ярьжээ.

 

Эх сурвалж: The Verge