Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Гуамын арлынхан АНУ-ын колониос гарах тухай хэлэлцэж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногт Номхон далайн баруун хэсэгт орших Гуам арлынхан Чөлөөлөгдсөний баяраа тэмдэглэхээр бэлдэж байна. Үүнтэй зэрэгцэн тус арлын удирдагчид Гуам нь цаашдаа АНУ-ын колони хэвээр үлдэх үү, бие даасан улс болох уу гэдэг асуудлаар хэлэлцэж байгаа юм.

Уг нь энэ асуудал олон арван жилийн турш яригдаж байгаа ч санал асуулга явуулах гэхээр хуулийн зөрчилтэй тулгардаг байжээ. Сенатор асан Эдди Дуэнас тусгаар тогтнолын асуудлыг шийдэх цаг нь болсон, ирэх онд болох захирагчийн сонгуулийн үеэр бүх нийтийн санал асуулга явуулах ёстой гэж үзэж байна.

Нийслэл Хагатна хотод болсон Гуамыг колониос гаргах комиссийн хурал дээр Дуэнас хэлэхдээ “Хэр хол явах, хаа хүрэх нь мэдэгдэхгүйгээр бид явсаар байна” гэсэн нь тус арлын хувь заяа ямар бүрхэг байгааг харуулж байгаа юм.

Гуамын арал нь Испани-Америкийн дайны үеэс буюу 1898 оноос АНУ-ын газар нутагт тооцогдох болсон ч тус арлын 160,000 иргэн хязгаарлагдмал эрхтэй Америкийн иргэнд тооцогддог. Тэд АНУ-ын сонгуулиудад оролцдоггүй, конгресст өөрийн төлөөлөлгүй.

НҮБ тус арлыг манай дэлхий дээр үлдээд байгаа 17 колонийн нэгд тооцдог юм. Арлын захирагч Эдди Калво олон жилийн турш бүх нийтийн санал асуулга явуулахаар тэмцэж байгаа. Түүний бодлоор арлын иргэд тусгаар тогтнох, АНУ-ын муж улс болох, одоогийнх шигээ Вашингтоны колони хэвээр үлдэх гэсэн гурван сонголтоос нэгийг нь сонгох ёстой ажээ.

Гуамыг дэлхийн хоёрдугаар дайны үед Япончууд түрэмгийлэн эзэлж байсан ба 1944 оны долдугаар сарын 21-нд сар орчим үргэлжилсэн дайны дараа Америкийн тэнгисийн цэрэг чөлөөлж байсан юм. Тиймээс энэ өдрийг Чөлөөлөлтийн баяр болгож жил бүр тэмдэглэдэг.

Одоо Гуамын аралд АНУ-ын томоохон цэргийн бааз байрладаг нь Хятад, Орос, Хойд Солонгостой хийх сөргөлдөөнд чухал үүрэгтэй. Үүнээс гадна Гуамын эдийн засаг АНУ-аас хэт хамааралтай. Ойролцоогоор 44,900 иргэн, 15,650 өрх Вашингтоноос хүнсний болон эрүүл мэндийн хангамж эдэлдэг.

Вашингтоноос төлдөг татаас, цэргийн баазын татвар нь Гуамын төсвийг бүрдүүлдэг гол хүчин зүйл. Бүх нийтийн санал асуулга явуулахад тулгардаг хуулийн гол асуудал нь арлын уугуул Каморро үндэстнүүдийн саналын эрхийг зөвшөөрдөггүй. Олон үндэс угсаатан амьдардаг Гуамын хүн амын 65,000 орчим нь уугуул иргэд боловч тэдний эрхийг хязгаарладаг нь үндсэн хуулийг зөрчиж байна гэж арлын захиргаа үздэг юм.

Колонийн үеэс уламжлагдсан энэхүү журам Гуамыг тусгаар тогтнох эсэхээ шийдэхэд саад болсоор иржээ. Тиймээс арлын засаг захиргаа энэхүү хуулийг өөрчлүүлэхийн тулд Вашингтонтой ойлголцох хэрэгтэй байгаа юм.

 

Эх сурвалж: AFP