Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Үнсгэлжин" дуурийг Монгол, Итали, Испани, ОХУ-ын уран бүтээлчид үзэгчдийн хүртээл болгоно

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 6 сарын 28
iKon.MN
 

Монгол, Итали хоёр улсын  соёл, урлаг, сонгодог хөгжим, дуурийн урлагийг дэмжих, харилцаа холбоо тогтоон хөгжүүлэх зорилгоор Монгол, Итали, Испани, ОХУ-ын уран бүтээлчид хамтран анх удаа Ж.Россинигийн "Үнсгэлжин" дуурийг тоглох гэж байна. 

Энэхүү төслийг Ром хотын “Дилетто Барокко” найрал хөгжмийн гоцлол дуучин, төслийн урлагийн менежер, Италид амьдарч, уран бүтээлээ туурвидаг монгол дуурийн дуучин, найруулагч, продюсер  С.Аяна санаачлан хэрэгжүүлж, Монгол Улсын Соёлын Элч Ж.Өнөрмаа анхнаас нь дэмжин ажиллаж байгаа юм байна. Энэ талаар өнөөдөр төслийг хэрэгжүүлэгч, уран бүтээлчид мэдээлэл хийлээ.

Төслийг хэрэгжүүлэгч С.Аяна "Итали Монгол хоёр орны харилцааг урлагаар дамжуулан бэхжүүлэх хүсэлтэй байгаа. Мэдээж хэрэг Италийн дуучид анх удаа л Монголд орж ирж байна. Итали, Монгол, Испанийн уран бүтээлчид хамтарч байгаа нь ч гэсэн анхны тохиолдол болж байна. Бид хамтдаа ингэж амжилласнаараа эдгээр гурван улсын урлагт өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж буй хэрэг юм.

 

Энэ төсөл хилийн чанад дахь Монголчууд болон урлагт элэгтэй ахан дүүс, төр засгийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байна. Энэ төслийг хувиараа явуулж буй төсөл гэж нэрлэж болох юм л даа. Учир нь төслийнхөө зардлын ихэнх хувийг бид гаргаж байна. Төслөө хэрэгжүүлэхийн тулд  жил гаруй хугацаанд бэлдлээ. Менежментийн талаас хамгийн их ач холбогдол өгсөн" гэв.

  • Үнсгэлжин дуур нь долоодугаар сарын 2-нд Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Тeатрын тайзнаа Улсын Филармоны Симфони найрал xөгжимтэй xамтран, Италийн дэлxийд алдартай сонгодог xөгжмийн удирдаач Якобо Сипари Ди Пeскассэрoлигийн xөгжмийн удирдлагын дор зохион байгуулагдах юм.
  • Харин маргааш буюу зургаадугаар сарын 29-ний өдөр Улаан хивсний баярын "Барокко: Итали болон Eврoп" тоглолтыг Улсын филармоний тайзнаа тоглох юм байна. Энэхүү тоглолтод Үнсгэлжин дуурийн бүрэлдэхүүнд оролцож байгаа бүх дуурийн дуучид Барокко стилийн дуунуудаа танилцуулах аж.

Тоглолтын найруулгыг С.Аяна, тайзны засалтын уран зургийг гаргаж буй мэргэжлийн зураач Гүнж Натали фон Риттерсберг нар өвөрмөц шийдэл гаргахаар ажиллаж байгаа бөгөөд, мөн дуучин С. Аяна тоглолтын xувцаслалт дээр анxааран, зарим xувцаслалтын дизайныг өөрөө биечлэн бүтээсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын "Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр", Монгол Улсын соёлоор дамжуулан хилийн чанадад сурталчлах зөөлөн хүчний бодлогод чухал ач холбогдолтой эдгээр тоглолтын видeo бичлэгийг Италийн SKY Тeлeвиз, мөн Ватиканы Телевиз бүтэн дамжуулах бөгөөд RAI Тeлeвизийн мэдээгээр гаргаж Италийн үзэгчдэд xүргэх юм. 

Түүнчлэн, тус тоглолт нь Еврoпын орнуудад аялан тоглох анxны Итали-Монгол Xамтарсан Дуурийн төсөл болоx бөгөөд дарaачийн тоглолтыг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон xотноо Монгол Улсын Соёлын элч Ж.Өнөрмаа болон "Creative Curating" Aртс мeнeжeмент агeнтлагтай xамтран зоxион байгуулаxаар төлөвлөж байгаа гэнэ.