Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр дахь санал хураалттай холбоотой ТӨӨРӨГДӨЛ ба ТАЙЛБАР

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

~Сонгогчийн боловсролд~

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн хоёр дахь санал хураалт долоодугаар сарын 9-ний өдөр товлогдсон .Энэ өдөр Монголчууд хоёр дахь удаагийн санал хураалтад оролцоно. Бид Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуулиас шүүж, мэргэжилтнүүдийн зөвлөгөөтэй дараах мэдээллийг бэлтгэлээ.

Хоёр дахь санал хураалттай холбоотой төөрөгдөл, асуулт иргэдийн дунд их байна. Үүнийг зөвөөр тайлбарлая.


Төөрөгдөл 1: Хоёр дахь санал хураалтад өмнө нь санал өгөөгүй хүмүүс оролцоно

Тайлбар 1: Хоёр дахь санал хураалтад өмнө нь санал өгсөн байх хамаагүй бөгөөд сонгуулийн насны иргэд бүгд оролцоно.

Сонгуулийн тухай хуулийн 104.6-д зааснаар “Дахин санал хураалтын ирцийг дахин санал хураалтад оролцсон сонгогчдын ирцийн хувиар хүчинтэйд тооцно” гэжээ.

Энэ нь санал хураалтыг санал хураалтад оролцсон хүмүүсий ирцээр тооцно, өмнө ирсэн хүмүүсийн санал хамаагүй хүчингүй болсон гэсэн үг юм. Иймд бүгд дахин очиж сонгуулиа өгөх ёстой.

Төөрөгдөл 2: Хоёр дахь санал хураалтын ирц хүрэхгүй бол дахин сонгууль явуулна

Тайлбар 2: Олон нийтийн сүлжээнд энэ асуудалд эргэлзэж байгаа хүмүүс олон байна. Хоёр дахь санал хураалтаар ирц нь 50 хувь хүрэхгүй бол яах вэ. Хэрэв ирц нь хүрэхгүй бол нэмэлт санал хураалт явуулна. Энэ санал хураалтад саналаа өгөөгүй хүмүүс оролцох юм.

Сонгуулийн тухай хуулийн 106.1-т зааснаар “Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулна” гэжээ.

Нэмэлт санал хураагаад ч ирц хүрэхгүй бол яах вэ. Энэ тухай Сонгуулийн хуулинд мөн тодорхой заажээ. Нэмэлт санал хураалтыг нэмээд ч ирц нь хүрэхгүй бол сонгуулийн дүнг шууд гаргана. 

Сонгуулийн тухай хуулийн 106.6-д зааснаар “Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн хэсэг дэх санал хураалтын дүнг гаргана” гэжээ.

Дахин сонгууль явагдах нэг л үндэслэл бий. Энэ нь ирц биш юм. Харин хоёр дахь санал хураалтаар нэр дэвшигчдийн аль нь ч олонхийн санал авч чадахгүй бол сонгуулийг дахиж явуулна /яг одоогийн нөхцөл байдалтай адил/. Хэрэв сонгууль дахиж явах нөхцөл бүрдвэл намууд нэр дэвшигчдээ солих шаардлагатай. 

Төөрөгдөл 3: Саналын хуудсыг бөглөхгүй буюу хоосон өгч болохгүй

Тайлбар 3: Хэрэв танд нэр дэвшигчдийн хэнийг нь ч сонгох хүсэл байхгүй бол саналын хуудсаа хоосон уншуулж болох юм. Энэ нь таны сонголт хийхгүй байх эрхийг баталгаажуулсан боломж.

Энэ талаар Сонгуулийн тухай хуулийн:

97.9.-т "Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно"

99.2.-т "Сонгогч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тооцно" гээд тодорхой заачихсан байгаа юм. 

Саналын хуудсыг бөглөөгүй буюу хоосон уншуулсан иргэдийн ирц нь бүртгэгддэг бөгөөд сонгуулийн дүн гарахад сонголтгүй сонгогч гэсэн ангилалд ордог.  Ерөнхийлөгчийн сонгуулийн анхны санал хураалтад сонголт хийхгүй байх эрхээ баталгаажуулсан 18 мянга гаруй иргэн байсныг бид мэдээлсэн билээ.

Хэрэв иргэн таныг сонгуулийн санал авах байранд “заавал бөглөх ёстой” гэсэн ухуулга хийвэл түүнд өртөлгүйгээр хуулийнхаа дагуу сонгохгүй байх эрхээ эдлээрэй.