Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчид авлигын асуудлаар хэрэг үүсгэж болзошгүй

Э.Мөнхзаяа
2017 оны 6 сарын 28
MorninigNews.mn
Зураг зураг

-Улстөрчдийн үзэж буйгаар Мишел Темер парламентын гишүүдийн талаас илүү хувийн дэмжлэгийг авах магадлалтай байна. Тэгэхээр түүнд хэрэг үүсгэх хүсэлт удахгүй цуцлагдана гэсэн үг-

Бразилийн Ерөнхий прокурорын газар Холбооны дээд шүүхдээ тус улсын Ерөнхийлөгч Мишел Темерт авлигын асуудлаар хэрэг үүсгэн шалгах тухай хүсэлт гаргажээ. Энэ тухай “Glo-bo" суваг мэдээллээ.

Тус сувгийн мэдээлснээр ийм нөхцөл байдал Өмнөд Америктаа томд ордог энэ улсын түүхэнд анх удаа тохиож байгаа гэнэ. Бразилийн Ерөнхий прокурор Родригу Жаногийн гарын үсэг бүхий уг баримтад “Мишел Темер болон түүний хамтрагч асан Родригу Роша Лоурес нар хууль бусаар төрийн албан хаагчдын чухал үүргийг өөрчилж, өөрсдийнхөө хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлсэн” гэжээ.

Мөн “2017 оны 3-4 дүгээр сард Ерөнхийлөгч Мишел Темер төрийн тэргүүний албан тушаал, үндэсний бодлогын тэргүүлэгчийн байр сууриа ашиглан Родригу Рошу Лоурес хэмээх зуучлагчаар дамжуулан зориудаар J&F Investo-mentos S.A. компанийн ерөнхийлөгч Жоэсли Мендонса Батистагийн өгсөн 500 мянган реал буюу 152 мянган ам.долларыг авсан” гэжээ.

Ерөнхий прокурорын газраас ойрын өдрүүдэд Темерийг буруутгасан бас нэг хүсэлтийг гаргаж магадгүй байна.

Бразилийн хууль тогтоомжид зааснаар төрийн тэргүүн шүүхийн мөрдлөг шалгалтаас хагас дархлаатай байдаг. Тиймээс түүнд зөвхөн Холбооны дээд шүүхээс л хэрэг үүсгэх боломжтой юм. Үүнээс гадна шүүхийн дээд байгууллага энэ асуудлаар парламентаас зөвшөөрөл авах үүрэгтэй. Харин Ерөнхийлөгчид хэрэг үүсгэх тухай санаачилгыг парламентын доод танхимын гишүүдийн дор хаяж 2/3 нь дэмжиж байж, хүчин төгөлдөр үйлчлэх юм байна.

Цаашдын хувилбар

Бразилийн олонх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, улстөрчдийн үзэж буйгаар өдгөө Темер парламентад буй эрх баригч эвслийн намын гишүүдийн талаас илүү хувийн дэмжлэгийг хүлээх төлөвтэй байна. Тэгэхээр Ерөнхийлөгчийн буруутгасан ямар ч хүсэлт цуцлагдах магадлал өндөр гэсэн үг юм. Энэ нь төрийн тэргүүнд хэрэг үүсгэх явц хаагдана гэсэн үг.

Хэрвээ гишүүдийн 2/3-аас багагүй хувь нь Темерийн эсрэг хэргийг шалгахыг дэмжвэл Холбооны дээд шүүхийн нэгдсэн хуралдааны олонхын саналаар түүнд хэрэг үүсгэх аж. Хэрвээ шүүгчид прокурорын газрын баримтыг итгэл үнэмшил муутай гэж үзвэл хэргийг шууд хаана. Эсрэг тохиолдолд Темер албан ёсоор эрүүгийн гэмт хэрэгт холбогдож, 180 хоногт албан тушаалаасаа огцрох гэнэ. Энэ үед төрийн тэргүүний үүргийг парламентын доод танхимын дарга Родригу Майя түр орлон гүйцэтгэх юм.

Ингээд Темерийг албан тушаалаас нь огцруулсан мөчөөс хойш 180 хоногийн турш буруутай нь тогтоогдвол албан тушаалаа бүр мөсөн алдана. Энэ хугацаанд шүүхээс түүнийг буруутай гэж нотолж чадахгүй бол Ерөнхийлөгч үүрэгт ажилдаа эргээд орох аж.

Ерөнхийлөгчийг тойрсон авлигын дуулиан

Өмнөд Америкийн томоохон улс болох Бразилд тавдугаар сарын дунд төрийн тэргүүнтэй шууд холбоотой авлигын дуулиан дэгдсэн билээ. Бразилийн бизнесменүүд болох Жоэсли ба Уэсли Батиста Холбооны дээд шүүхэд нэгэн дуу бичлэгийг өгсөн. Энэхүү дуу бичлэгт Темер парламентын доод танхимын дарга асан, өмнөх Ерөнхийлөгч Дилма Руссеффийг огцруулах ажиллагааг зохион байгуулсан Эдуард Куньяг хахуульдах гэж байгаа тухай бичигджээ.

Мөрдөн шалгагчдын үзэж буйгаар энд яригдсан мөнгө нь Куньяг дуугүй байлгах гэж хахуульдсан аж. Үүнээс гадна цагдаа нар нэгэн дүрс бичлэг иржээ. Энэхүү дүрс бичлэгт Темерийн ойрын зөвлөхүүдийн нэг Родригу Роша Лоурес чемоданд их хэмжээний мөнгө хийж байгаа нь харагджээ. Үүний дараа сөрөг хүчний хэд хэдэн улстөрч парламентын доод танхимын дарга Родригу Майяд Ерөнхийлөгчийг огцруулах тухай хүсэлт гаргажээ. Үүнээс гадна Темерийн асуудлаар мөрдөн байцаалт эхлүүлсэн байна. Темер эдгээр дуу, дүрс бичлэгийг эвлүүлэг, хуурамч гэсэн байна.

Зураг