Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

С.Эрдэнэ: Бид сонгуулийн үйл ажиллагаанд аль болох хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж байгаа

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Баянгол дүүргийн Улаанбаатар өртөөн дахь санал авах байран дээр очиж саналаа өглөө. Санал өгсөний дараа тэрбээр мэдэгдэл хийлээ.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Өнөөдөр Монголчууд маань тав дахь Ерөнхийлөгчөө сонгож байна. Үдээс өмнөх байдлаар манай хэсгийн санал авах байран дээр ирц 30 хувьтай байна гэлээ. Энэ нь иргэдийн оролцоо сайн байна гэж харж байна. 

Сонгуультай холбоотойгоор асуудлууд их гарч байна. Ардчилсан намын хувьд сонгуулийн ухуулагч, ажилчдын хоол унааны зардлын мөнгийг замд нь саатуулж, үүнийхээ дагуу улстөржсөн мэдэгдэл хийж буй цагдаагийн байгууллагуудын увайгүй үйлдлүүд сүүлийн 2 хоногт нэлээн их гарлаа. 

Алслагдсан баруун таван аймагт ажиллаж байгаа Ардчилсан намын 8,000 гаруй ухуулагч, ажилчдын харилцаа холбоо, шатахуун, хоол унааны зардалд явж байсан мөнгийг замд нь саатуулсан. Үүнийгээ сонгогчдод энэхүү мөнгийг тараах гэж явж байсан мэтээр заралсан. Өнөөгийн цагдаагийн байгууллагууд ингэтлээ улстөржсөн хэрэг үү.

Эрх барьж байгаа нам нь эрх мэдлээ ашиглаж  нөгөө намынхаа санхүүжилтийг цагдаагийн байгууллагаар дамжуулан шууд дээрэм хийж байгаа үйл ажиллагаа болж байна. 

Мөн, Твиттер дээр цэргийн байгууллагын удирдлага нь санал өгч буй цэрэгт шууд хуруугаараа зааж дугуйлуулж байгаа баримтууд тавигдлаа. Зарим хэсгүүд дээр илт олонхоор түрүү барьж Ардчилсан намын ажиглагчдыг хөөх, хэл амаар доромжлох, сонгогчдод санал өгөхөд нь хөндлөнгөөс оролцох зэрэг увайгүй их үйлдлүүд гарч байна.

Бид аль болох хүлээцтэй, сонгуулийн үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж байгаа. Ямар нэгэн сөргөлдөөн, үймээн самуун болохоос сэргийлж ажиллаж байна" гэв.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.