Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

МЭТГЭЛЦЭЭН: ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД

ikon.mn
2017 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч М.Энхболд, Ардчилсан Намаас нэр дэвшигч Х.Баттулга, Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшигч С.Ганбаатар нарын ШУУД мэтгэлцээн МҮОНРТ-ээр явагдлаа.

iKon.mn нэр дэвшигчдийн мэтгэлцээнээс онцлох эшлэлийг хүргэж байна

Улстөрийн намуудын талаар та ямар байр суурьтай байдаг вэ?

С.ГАНБААТАР: 

Манай хоёр нэр дэвшигчийн ярих зүйлийг эд маань яагаад өнгөрсөн хугацаанд хийгээгүй вэ.

Монголын ажилгүйдэл, ядуурлыг яагаад энэ намууд шийдээгүй вэ. МАНАН, АНМАН-д байн байн итгээд, хууртагдсаар байх уу.

Тэтгэврийн насыг нэмчихлээ.

Энэ намуудыг хянах гэж Ерөнхийлөгч намаасаа татгалздаг.

Монголын ард түмэн энэ намуудаас хариуцлага нэхэх ёстой.

Х.БАТТУЛГА:

Улс төрийн намуудын байр суурь тодорхой байгаа. Бид 1990 оноос олон намын системд шилжсэн.

МАН өнөөдөр ямар түвшинд очсон байгааг бид сайн мэднэ.

Манай намын хувьд 2016 хувьд шинэчлэлээ хийсэн. Манай нам намын даргаа гишүүдийн саналаар сонгосон.

МАХН-ын нэр дэвшигч МАНАН-г шүүмжлэх нь зөв. Гэхдээ С.Ганбаатарт хандаж хэлэхэд МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдрийн МАНАН-гийн суурийг тавилцсан гэдгийг мартаж болохгүй. 

2016 оны сонгуулийн өмнө МАН 60 тэрбум төгрөгийг босгож, луйвар хийсэн. Үүнийг өнөөдөр шүүх цаг болсон.

Намуудын шинэчлэл хийгдэх ёстой. Манай нам шиг бүх гишүүдээрээ сонгогддог, бүх гишүүдээрээ нэр дэвшигчээ сонгодог байх нь зөв.

Ардчилсан намын энэ шинэчлэлийг бусад нам дагах ёстой.

Та гэр бүлийнхээ талаар тодорхой танилцуулна уу

С.ГАНБААТАР: 

Надад их сайхан асуулт тавьжээ. Би гурван охинтой, ханьтайгаа амьдарч байгаа. Би Лондонд амьдарч байхдаа мөн гэр бүлтэй байсан. Тэгэхээр би дөрвөн охинтой гэсэн үг. 

Би гэр бүлээрээ бахархдаг.

Гэртээ зүгээр л сайхан амьдрал зохиохоос гадна миний охид насанд хүрсэн хойноо сайн ханьтай учирч, сайхан нийгэмд амьдраасай гэж хүсэж нийт аавууд маань Монголынхоо төлөө хамтдаа зүтгэе.

Билли Лин гэж Сингапурын иргэншилтэй Хятад хүнийг та хэр сайн таних вэ. Таны мэдлийн компаниудын гол эзэн гэсэн байна. Үүнд хариулт өгнө үү?

Х.БАТТУЛГА:

Энэ асуулт орж ирж байгаа нь сонин байна. Сингапур бол тусгаар тогтносон улс. Билли Линг би 1990 оноос наймаа хийж байхдаа таньдаг болсон. 

Энэ хүний туслалцааг авч, өвчин зовлонтой, мөнгөгүй үед зэрэг олон туслалцааг авч байсан. Хувьцаа эзэмшиж байгаагийн хувьд ийм зүйл байхгүй. 

Баянгол зочид буудлын Касабланка-г тэр ажиллуулдаг.

Монгол орныг жуулчлалын орон болоосой гэж манай охины хуриман дээр ярьж байсан, жирийн нэг бизнесмэн хүн.

Ерөнхийлөгч хууль шүүхийн байгууллагын удирдлагыг томилдог. Та шударгаар томилж чадах уу?

М.ЭНХБОЛД:

Шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой иргэдээс асар их гомдол ирж байгаа.

Шударга ёс тогтоож чадахгүй байна, хариуцлагыг шударгаар тооцож чадахгүй байна гэсэн юм ярьж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн эрх мэдэлд байдаг АТГ, Прокурор гэсэн байгууллагуудад үнэлэлт дүгнэлт өгч, алдаатай бол хариуцлага тооцдог болгох ёстой. 

Шүүгчдийг томилох асуудлын хувьд ШЕЗ-ийн үйл ажиллагаанд өнгөрсөн дөрвөн жил шинэчлэл хийсэн ч бодитой болж чадаагүй гэж бодож байна. 

Өнгөрсөн дөрвөн жилд болсон Төв банкны үйл ажиллагаа, Эрдэнэтийн асуудлуудаар УИХ үнэлэлт дүгнэлт өгч чадсан боловч шүүх хариуцлага тооцож чадахгүй байгаа. 

Ийм учраас шүүх эрх мэдлийн байгууллагын шинэчлэлийг хийх ёстой.

Иргэн, байгууллагад нэг зарчмаар үйлчилдэг ийм шүүх эрх мэдлийн байгууллагыг бий болгох ёстой.

Х.БАТТУЛГА:

Шүүх проукрорыг ерөнхийлөгч томилдог. Өөрөөр томилох боломж байхгүй.

Шударга шүүхийн тухай асуудал бол мөнхийн асуудал.

Шүүгч нарын цалин их хурлаар орж ирэхээр цалингаа тануулахгүй байх тал дээр лобби явагддаг.

Шүүх прокурорт цалингийнх нь асуудлыг шийдэж, их хурлаас хараат бусаар шийдэж өгч байж шударга ажиллуулж чадна гэж боддог.

Нэр дэвшигч С.Ганбаатарт хэлэхэд МАНАН гэж яриад байх юм. Одоо МАНАН гэж байхгүй. МАН төрийн эрхийг барьж байна.

С.ГАНБААТАР: 

Нэгдүгээрт Монгол Улсын Ерөнхийлөгч яагаад хууль, шүүхийн удирдлагыг томилдог вэ гэдгийг хэлье.

Ерөнхийлөгч төсвийн зарцуулалтад оролцдоггүй.

Тиймээс Ерөнхийлөгч төсвөөс хулгай хийх боломжтой хүмүүсийг хянуулахын тулд намаасаа татгалзаж хууль, шүүхийн байгууллагыг томилдог.  

Хууль шүүхийн байгууллагыг МАНАН-гаас салгах ёстой.

Шүүх авлигачдад ээлтэй, ард түмэнд халгаатай байна. Хууль, шүүх алагчлахгүй байх хэрэгтэй.

Мүүний шашны хуралд сууж байгаа таны бичлэг ил байна. Та энэ шашны  шүтэгч юм уу, номлогч юм уу?

С.ГАНБААТАР: 

Мүүн гэж улстөрчдийг намнадаг зүйл бий болоод байна.

Тухайн үеийн Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн үед бидний хэсэг хүн Солонгос явсан. 

Монгол Улсын хөгжлийг ярих гэж байхад одоо ийм арчаагүй зүйлсээр оролдохоо болимоор байна. 

Монголд үйл ажиллагаа явуулж Мүүнтэй холбоотой хүмүүсийг Монголоос үтэр түргэн хөөн гаргах ёстой.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таныг Таван Толгойг авъя гэж над дээр орж ирсэн гэж ярьсан. Энэ үнэн үү?

Х.БАТТУЛГА:

Таван Толгойн асуудлыг надтай холбож асууж байна. 2007 оныг эргэн саная.

2007 онд Ардчилалынхаа партизануудтай Таван Толгойн ордыг 100 хувь С.Баярын засаг Хятадтай хамтарсан компанид өгсөн байсныг 2007 оны долоодугаар сард жагсаал цуглаан хийж 96 хувийг нь Монгол Улсад эргүүлж олгосон удирдагч нь би байна.

Байгалийн баялгийг анх удаа иргэдэд хувьцаа болгон өгсөн нь Таван Толгой.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч чухам ямар асуудлаар ингэж хэлснийг сайн мэдэхгүй байна. Тэрбээр баялаг хуваарилах эрх мэдэл, статустай хүн биш.

Таныг аядуу тайван хүн гэдэг. Улс төрд таны унаган зан арай зөөлддөг гэж боддоггүй юу?

М.ЭНХБОЛД:

Улс төрд хүний хувийн зан чанар нөлөөлдөг гэж боддог. Эцэг эхээс заяасан зөөлөн аядуу зантай. 

Би өөрийнхөө зан чанарыг эрхэлж байгаа үйл ажиллагаандаа зөөлддөг гэж боддог. Асуудлыг чанга дуугарснаараа шийддэг гэж боддоггүй. 

Зөөлдөнө гэдгийг би хариуцлага тооцохтой холбоод ярьчихад би тодорхой асуудал дээр алдаа гаргасан хүнтэй хариуцлага тооцдог.

Цаашдаа ч би ийм байр суурьтай байх ёстой гэж боддог. Жишээлбэл би иргэд, улс төрчдөөс сонгогдсон улс төрчидтэй хариуцлага тооцохоор мөрийн хөтөлбөртөө тусгасан. 

Бид өнгөрсөн хугацаанд төр засгийн ажлыг аваад хийж байна. Ажлын хариуцлага тооцсон нөхдийн түрүүчээс нь хариуцлага тооцсон.

Эх орноо гэж хийсэн ажлаа танилцуулахгүй юу. Намын ажил хамаарахгүй шүү.

М.ЭНХБОЛД:

Эх орныхоо нэр хүндийг гадаадад өргөж, түүх соёлоо данслуулах асуудал бол чухал юм. Тиймээс би олон жилийн турш Монголчуудын түүх соёлтой холбоотой Морьтон Монголчуудыг Гиннесийн дээд амжилтад бүртгүүлсэн. 

Мөн Үндэсний баяр наадам Эрийн гурван наадмыг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгүүлсэн. Би Сүхбаатарын талбайг төсвөөс нэг ч төгрөг гаргалгүй засаж гүйцэтгэсэн. 

Би Олимпийн бэлтгэл сургуулилтын зардлыг 6 сая төгрөг байхад 2007 онд Ерөнхий сайд байхдаа 6 тэрбум болгосон. 

Таван толгойн орд газрын 14 хувийн эзэмшилтэй байсан нөхдийг 4 хувь болгосон. Энэ бол нэг сайдын шийдсэн асуудал биш. Кабинетаараа шийдсэн асуудал байсан.

Х.БАТТУЛГА:

Таван толгойн ордыг Ардчилсан холбооны даргын хувьд 2007 онд 100 хувь гадаадынханд өгсөн байсныг 96 хувиар нь буцаалгасан нь хувь хүнийхээ хувьд хийсэн зүйл гэж боддог.

Хоёрдугаарт, 2008 оны долоодугаар сарын 1-нд болсон эмгэнэлт хагаралдааныг 2008 оны наймдугаар сарын 14-нд миний удирдлагад байсан Жудо бөхийн холбооны тамирчин Н.Түвшинбаяр олимпийн аварга авчирснаар ямар ч улс төрийн лидерүүдийн хийж чадаагүй эвлэрлийг хийж чадсан гэж бодож байна.

Мөн Төрт ёсны 800 жилд зориулж, хамт олныхоо хамтаар Их Эзэн Чингис хааныхаа хөшөөг босгосон нь бахархалтай ажил гэж боддог.

Үүнээс гадна, хөдөөгийн хөгжил, хөдөөгийн нүүдлийг багасгасан ажил хийсэн. Хэлбэл их зүйл байна. Хоёр минутад багтахгүй байна.

С.ГАНБААТАР: 

Манай хоёр нэр дэвшигч Таван Толгойн асуудлыг ярилцаж байна. Таван Толгойг буцааж авахад манай намын дарга Н.Энхбаяр үүрэгтэй оролцсон.

Миний хувьд Оюу Толгой гэрээг ойлгомжтой болгоход олон жил явлаа.

Цалин тэтгэврийг нэмэхэд Үйлдвэрчний эвлэл маань зүтгэсэн.

11 хууль санаачилж явлаа.

Та олон намын Засгийн газар удирдаж байсан. Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг хэлж байна л даа. Хоёр намын хамтарсан биш бүр дөрвөн намын төлөөлөл оролцсон засгийн газрыг удирдахын алдаа оноо юу байсан бэ?

М.ЭНХБОЛД:

2006 оны нэгдүгээр сараас 2007 оны дуустал бид Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг удирдаж байсан. Таван нам оролцсон Засгийн газар байсан. 
Энэ Засгийн газар эвлэж, нэгдэж тодорхой ажлуудыг хийж чадсан гэж нүүр бардам хэлье.

Үндэсний эв нэгдлийн Засгийн газар хоёр жилийн дотор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг хоёр дахин нэмэгдүүлсэн.

Мөн 100 орчим сумыг цахилгаан эрчим хүчтэй болгосон, Мянганы зам төслөөс салаалуулж аймаг орон нутгийн төвийг авто замаар холбох төслийг хийж байсан.

Ардчилсан нам 10 мянган төгрөг амласан байсныг хүүхдүүдэд бүтнээр нь олгосон. 

Үндэсний эв нэгдлийн Засгийн газар эвлэж, нэгдэж, эх орныхоо төлөө их зүйл хийж бүтээсэн.

Солонгос иргэнээс 50 сая вон авсан нь үнэн үү. Баримтаар нотолж хэлнэ үү.

С.ГАНБААТАР: 

Энэ бол маш худлаа гүжирдлэг.

Солонгос хүн Сонгуулийн Ерөнхий Хороонд би буруутай гээд очиж уучлалт гуйж байх уу.

Энэ бүлэглэл, офшорчидтой би олон жил тэмцэж байна.

Би ард түмнээсээ хандив авч байгаа. Харин манай нөгөө хоёр нэр дэвшигч хандив авах шаардлагагүй байж магадгүй. Энэ худлаа гүжирдлэгээ одоо зогсоо.

Маргааш намайг сонгуулиас хаслаа гэдэг худал гүжирдлэгээ тараах гэж байна.

Б.Бат-Эрдэнийг боловсролгүй гэж хэлсэн гэсэн. Энэ үнэн үү?

Х.БАТТУЛГА:

2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас Б.Бат-Эрдэнэ аварга нэр дэвшиж байсан. Телевизээр яригдсан асуудлын талаар бол боловсролгүй гэж би хэлээгүй. Сургууль төгсөнө гэдэг тамирчин хүний хувьд маш хэцүү.

Сургуульд сурах боломж бололцоо бага гэдгийг өөрөөрөө жишээ авч хэлсэн. Түүнээс боловсролгүйн тухай шоолж ярьсан зүйл байхгүй. Би дөрвөн удаа их сургуульд сурсан. Хамгийн удаан нь 45 хоног.

Барилдаад, сургуульд сурна гэдэг маш хүнд байсан гэдгийг өөрийн жишээгээр хэлсэн нь тэр юм.

Өнөөдөр Монгол Улс ямар арга замаар хямрал, ядуурал улс төрийн тогтворгүй байдлыг алга болгож Монгол улсыг дахин сэргээх вэ. ...Та сонгогдвол Монголд хэрэгтэй юу?

М.ЭНХБОЛД:

Би Улаанбаатар хотын захирагчаар 7 жил ажилласан. Ажилласан хугацаанд Газрын тухай хууль шинээр гарсан. 

Тодорхой аж ахуйн нэгж байгууллагууд ашгаараа барилга байгууламж, бүтээн байгуулалт, орон сууцны хороолол барих сонирхол нэмэгдэж байсан. 
Тиймээс би ИТХ-аас гаргасан хэмжээ дамжааных нь хүрээнд газар олгох ажил хийсэн. 

Газрын наймаа хийлээ гэдэг асуудлаар намайг нэг ч удаа хууль хяналтын байгууллагуудаар шалгаж байсан тохиолдол байхгүй.

Харин намайг хэвлэл мэдээллээр газрын наймаачин гэж хэлж, доромжилж байсныг би хууль хяналтын байгууллагад хандаж, нэр төрөө сэргээлгэж байсан нь олон байгаа юм. 

Миний хийсэн газар олголтын асуудал Улаанбаатар хотын өнгө төрхийг өөрчлөхөд тодорхой хувь нэмрээ оруулсан гэж би бодож байгаа. 

Хотын төвийн өнгө төрхийг хүн хараад танихааргүй сайхан болж байгаа. Бүгд барилга байгууламж болсон.

Ухсан нүх, овоолсон шороо болоогүй. Хот шинэ маягийн өнгө төрхтэй болоход тодорхой хувь нэмэр оруулсан гэж би сэтгэл дүүрэн явдаг юм.

Х.БАТТУЛГА:

Монгол орны эдийн засаг энгийн. Бид хямрал гэж яриад байна. Хямруулсан байна. Өнөөдөр Монгол орны баялаг гадагшаа урсаад байдаг, иргэд нь орлого байхгүй.
Тиймээс энэ бол хямарсан эдийн засаг биш, хямруулсан эдийн засаг. Хямарлаа гээд их хэмжээний зээл авдаг. Нэгэнт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй, гадагшаа гаргадаггүй улс яаж зээлээ төлөх вэ? Мэдээж байгалийн баялгаараа. 

Өнөөдөр Монгол Улсад баян ба ядуу гэсэн хоёрхон анги үүссэн.

Сая бүх аймгуудаар явж уулзалт хийлээ. Өргүй Монгол хүн гэж алга.

Тэгэхээд дундаж давхарга буюу баялаг бүтээгчдийг дэмжих бодлого яваагүй байна гэсэн үг. Үүнийг шийдэхэд дотооддоо үйлдвэрлэж, экспортод гаргах мөрийн хөтөлбөр хэрэгжих ёстой юм.

С.ГАНБААТАР: 

Монгол оронд эвтэй байх тухай их ярьдаг болж. Өмнө нь шударга байх тухай их ярьж байсан.

Харин одоо бид асуудлыг их тодорхой ярих хэрэгтэй. 328 мянган хүн өнөөдөр ажилгүй байна.

10 хүн тутмын 4 нь ядуу, хоёр нь нэн ядуу амьдарч байна. 

Олигарх фракцууд эв нэгдэлтэй байснаар бид хөгжихгүй ээ. 

Бид хамтдаа явж байж хөгжинө.

Та Ерөнхийлөгч болвол улстөрийн хариуцлага гэдэг зүйлийг өөрийн намынхандаа тооцож чадах уу?

С.ГАНБААТАР: 

Чадна. Монгол Ардын Хувьсгалт Намтай хамтарч бид Монголын ард түмэнтэй хариуцлагын гэрээ байгуулсан. 

Стратегийн том ордуудыг бид ард түмний дундын өмч болгоно. Хөдөө аж ахуйг эдийн засгийн тулгуур болгоно. 

Олон дүү нараа би боловсролтой болгох гэж ядарч явсан. Тиймээс дээд боловсролыг би үнэгүй болгоно. Эрүүл мэндийн үйлчилгээний стандартыг дээшлүүлнэ.

Үүний төлөө 60 мянган бизнес эрхлэгчдээ дэмжих болно.

Хүн амын хүнсний хангамж гадны улс орнуудаас ихээхэн хамааралтай болж байгааг цаашид хэрхэн даван туулах вэ?

Х.БАТТУЛГА:

Монгол Улсын хүнсний асуудал Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд байнга яригдах ёстой. ХХАА-н сайд байхдаа би хүнсээ 100 хувь дотооддоо үйлдвэрлэдэг байх ёстой гэдэг мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан.

Үүнд Израил улсын жишээг авсан. Хүлэмж хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Израилаас хүртэл дэмжлэг авсан. Харамсалтай нь энэ хөтөлбөрийг хууль хүчний байгууллагаас арга хэмжээ авч зогсоосон.

Энэ их газар хөрс, мал аж ахуйгаас гарч байгаа баялгаар 100 хувь дотооддоо хүнсээ үйлдвэрлэхийг дэмжин ажиллаж, энэ асуудлыг хамгийн түрүүнд авч хэлэлцэнэ.

С.ГАНБААТАР: 

Хавдар залуужиж байна. Энэ бол хүнстэй шууд холбоотой.

Хүнсний хангамжийн асуудлыг төрөөс хянадаг байх ёстой ч манайхан энэ арга замаа бизнес эрхлэгчдийг зүгээр л айлгадаг, торгодог зүйл болгоод байна. 

Хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тулгуур болгоё гэж байгаа маань бидний хүнсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтын баталгаа болох ёстой.

М.ЭНХБОЛД:

Хүнсний аюулгүй байдал бол хүн амын эрүүл саруул байхтай салшгүй холбоотой асуудал.

Гаднаас орж ирж буй импортын бүтээгдэхүүнд тавигдах шаардлага, лаборатори, стандартын шаардлага хангаж байгаа зэргийг бид хөгжүүлэх шаардлага бий. 

Манай үндэсний үйлдвэрлэлийн салбар болсон ХАА-н салбарыг хөгжүүлэх асуудал байгаа. ХАА-н салбарт би газар тариалангийн салбарыг дэмжсэн бодлого Атарын III аяныг явуулж, стратегийн бүтээгдэхүүнд төрөөс дэмжлэг үзүүлдэг бодлого хэрэгжүүлж байсан. 

Харамсалтай нь энэ бүх зүйл сүүлийн жилүүдэд өмнөх шигээ байж чадахгүй байна.

Мал аж ахуйн салбарын хувьд малаа эрүүлжүүлэх асуудлыг онцгой анхаарах хэрэгтэй байна. Мал эмнэлгийн шинэ байгууллагын бүтцийг бий болгох ёстой гэж үзэж байгаа. 

Хуурамч зүйлээр мал эрүүлжүүлж, хүний эрүүл мэндэд хортой зүйл хийдэг явдлыг таслан зогсоох ёстой. Үүнийг гэмт хэрэг гэж үзэх ёстой.

Хүнсний бүтээгдэхүүний чанарт анхаарах ёстой. 

Монголчууд хүнсээ хангаж байсан түүхэн уламжлалтай.

Та яг бүтээсэн хөл дээр нь босгосон байгууллага, ажлаа танилцуулна  уу.

С.ГАНБААТАР: 

Хөл дээр нь босгосон байгууллага гэж байна. Би мянга мянган хүний босгосон Монголын Үйлдвэрчний Холбоо, Эрс шинэчлэл хөдөлгөөн зэргийг шинэчилж, хөл дээр нь босголцсон.

Хаан Банканд удирдах шатанд ажиллаж байсан. Удирдлагын Академид багшилж байсан.

Мөн Дарханд олон олон ажил хийж байсан.

Өмч хувьчлалаар төрийн өмчийг үнэгүйдүүлж, олон тооны том үйлдвэр, зочид буудлыг хувьчилж авсан гэдэг. Энэ талаар тайлбар хийнэ үү? 

Х.БАТТУЛГА:

Өмч хувьчлал 1992 оноос хойш идэвхтэй явагдсан. Учир нь Монголчуудын дунд өмч худалдаж авах боломжтой хүн байгаагүй.

Сонгууль болохоор би олон үйлдвэр авсан тухай яриа гараад байдаг.

Тухайн үед үйлчилгээний салбарт түрүүлж орж байсан учраас надад боломж байсан. Ингээд хүнсний салбар, аялал жуулчлалын салбарыг авч үлдсэндээ баяртай байдаг.

Боловсролын тогтолцоонд ямар өөрчлөлт хийх вэ. Арван жилээ төгсөөд бүгд л их дээд сургуульд элсэх юм. Чанаргүй боловсрол ихсээд, дээд боловсролтой иргэдийн тоогоор дэлхийд дээгүүр байранд орох байх. Хувийн сургуулийг багасгаж болохгүй юу?

Х.БАТТУЛГА:

​Боловсролын салбар дампуураад удаж байна. Бодлого нь тогтмол биш болсон.

Залууст өнөөдөр юу өгөх гээд байгаа нь тодорхой бус байнга өөрчлөгдөж байдаг. 

Өнөөдөр нэг талдаа хөтөлбөр нь тодорхойгүй олон сургууль байгаад байна.

Хонхны баярын дараа нийт төгсөгчдийн 80 хувь нь ажилгүй.

Боловсон хүчнээ бэлтгэхдээ бид хөгжлийн бодлоготойгоо уялдуулах ёстой.

2016 онд хөгжлийн бодлогоо баталсан.

Хөтөлбөр бүтээн байгуулалтаа боловсролтойгоо уялдуулбал залуус ажилтай, ажлын байртай байх юм.

М.ЭНХБОЛД:

Оюутан залуусын сурч боловсрох боломжийг дэмжих ёстой гэж үзэж байгаа.

Улс эх оронд хэрэгтэй, зайлшгүй шаардлагатай мэргэжлээр сурч буй оюутнуудад тэтгэдэг олгодог боломж бололцоог олгоно.

Мөн багш нарын мэдлэг, мэргэжилд анхаарна.

Багш нарын нэр төрийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой, багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх ёстой гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. 

Боловсрол бол улс орны ирээдүй болсон салбар.

С.ГАНБААТАР: 

Боловсрол бол хүч. Хүн болгоноо боловсролтой болгох ёстой.

Нэгдүгээрт, багшийн нэр хүндийг өсгөх ёстой.

Цэцэрлэгийн багш гэхэд хамгийн хэцүү. Үүн дээр Монгол төр харалган ажилладаг. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд төсөв чухал. Тэгэхээр төр хулгайгүй байх ёстой.

Дээд боловсрол дээр Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим зэрэг байгууллагыг боловсролын салбартай холбогдуулж, хамтарч ажиллаж байж амжилтад хүрнэ.

Та ганзагын наймаа хийж бизнесээ эхэлсэн. УИХ-ын гишүүнээр ажиллахдаа хэчнээн хууль санаачилсан бэ. Батлуулсан ямар хууль байна вэ?

Х.БАТТУЛГА:

УИХ-д гурван удаа суусан. Хоёр удаа Засгийн газарт ажилласан. Бүтээн байгуулалттай холбоотой ихэнх бодлогыг батлуулсан. 

Шинэ хөдөөг хэрхэн хөгжүүлэх, шинэ сумыг хөгжүүлэх, аж үйлдвэрийн паркуудын бодлогыг батлуулсан.

Хүнсний аюулгүй байдлын тухай бодлого, Улаанбаатар хотыг 21 аймагтай холбох замтай холбоотой бодлогыг батлуулсан. 

20-30 хуулийг УИХ-д суухдаа батлуулсан. Батлуулсан хуулиуд өдийг хүртэл хэрэгжээд явж байна.

МАХН-д та хэзээ элссэн бэ?

С.ГАНБААТАР: 

МАХН-д би сар орчмын өмнө элссэн. Үүнийг хүмүүс гайхахгүй байх гэж бодож байна.

Яагаад гэхээр Монголын Үйлдвэрчний Эвлэлийн дарга байх нь нам бус байх хэрэгтэй болдог.

МАХН бол зүүн чигийн жирийн ажилчны төлөөх нам учраас энэ намыг сонгосон. 

МАХН-ын дарга үндсэндээ энэ сонгуульд ялчихсан хүн шүү дээ. Одоо харин надаас их эмээж байх шиг байна.

Нэг улсаас хэт хараат зээл авах, түүхий эдийн хувьд нэг улсаас хараат байгааг хэрхэн өөрчлөх вэ. Бид БНХАУ-ын бэлтгэн нийлүүлэгч улс орон байсаар байх уу. Энэ тал дээр ямар тодорхой бодлого баримтлах вэ?

М.ЭНХБОЛД:

Монгол Улс гадаад бодлогын хувьд энх тайванч зарчим баримталдаг. 

Нэг улсаас хараат байх явдлыг үндэсний аюулгүй байдлын бодлогод зааж өгсөн байдаг. 

Бид эдийн засгийн хувьд тавьж байгаа хяналтыг хүлээн зөвшөөрч байгаа, байгаль экологид хамгийн халгүй арга технологи хэрэглэж байгаа хөрөнгө оруулагчидтай хамтарч, эвлэрч нэгдэж ажиллах ёстой.  

Нэг улсын хэт хараат байдалд орох эсэхийг ЗГ хяналт тавьж ажиллах ёстой гэж бодож байна. 

Бид гадаадын хөрөнгө оруулалтыг үргээж байсан ард түмэн.

Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж тууж, хууль эрх зүйн орчноо тогтворгүй байлгаснаас эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх шалтгаан болсон.

С.ГАНБААТАР: 

Монгол Улсын Эдийн засаг урд хөршөөс хамааралтай нь үнэн. Манай гадаад бодлогын гол бодлого бол хоёр хөрштэйгээ тэнцвэртэй харилцаатай байх. 

М.Энхболд хамгийн түрүүнд ОХУ руу явна гэж бодож байсан ч дайрч өнгөрөөд Араб явсан.

Оросууд та нар худалч, хэлсэн амандаа хүрдэггүй гэдэг.

Оростой өнөөдөр бид нэг л төмөр замаар холбогдож байна. Энэ утгаараа ОХУ ын цогц хамтын ажиллагаагаа эхлүүлэх ёстой гэж бодож байна.

Х.БАТТУЛГА:

Бид өнөөдөр 96 хувь урд хөршөөс хамааралтай байна.

Төмөр замын бодлогыг бид 2010 оны зургаадугаар сард баталсан.

Далайд гарцгүй орны хувьд төмөр зам үндсэн тээвэр.

Далайд гарцгүй орны хувьд төмөр зам бол гурав дахь хөрштай харилцаа тогтоох хамгийн гол арга хэрэглүүр.

Энэ бодлого батлагдсан цагаасаа эхлээд нөгөө нэг хэдхэн гэр бүлийн эсэргүүцэлтэй тулж ирсэн.

Одоог хүртэл энэ бодлого хэрэгжихгүй байна. УИХ энэ бодлогыг эргэж харах хэрэгтэй.

Эдийн засгийн тусгаар тогтнолоо авч үлдэхгүй бол, үүнд анхаарахгүй бол болохгүй.

Та МАН-ын даргаар хоёр удаа сонгогдсон. Дарга хийх өөр хүн байдаггүй юм уу?

М.ЭНХБОЛД:

МАН энэ улсын эрүүл мэнд, боловсролын салбарыг өдий зэрэгт хүргэсэн, бичиг үсэгтэй болгосон, тусгаар тогтнолыг бий болгосон ууган улс төрийн хүчин.

Энэ нам боловсон хүчний хомсдолд ороогүй. Манай нам дотроо ардчилалтай.  Энэ утгаараа би хоёр удаа намын даргаар сонгогдсон. 

Намын хамт олны даалгаврыг бүрэн дүүрэн хэрэгжүүлж байгаа.

Таныг дээд сургууль төгсөөгүй боловсролынхоо талаар худлаа мэдээлсэн гэдэг. Энэ талаар тодруулна уу?

С.ГАНБААТАР: 

Амьдралдаа долоон сургуульд сурах гэж оролдож байсан.

Миний ээж эрт өнгөрсөн. Бэрхшээл бол байна.

Би зургаан дүүгийнхээ тавыг нь баруунд боловсрол эзэмшүүлсэн.

Эцсийн дүндээ зовлон үзэж байж бусдын зовлонг ойлгодог.

Би Хөдөлмөрийн дээд сургуулийн магистр.

Сонгуулийн хар машиныг худалдаж авч яах гэж байсан бэ?

Х.БАТТУЛГА:

Манайд хууль хүчний байгууллага байдаг л байх.

Хар машинтай холбоотой асуудал инээдтэй юм болсон.

Ардчилсан намын сонгуулийн асуудал яригдаад эхэлсэн.

180 мянга орчим хүний дунд явагдах асуудал учраас гараар тоолох хэцүү юм гэдэг үүднээс машин үйлдвэрлэгч компанитай холбогдсон. Тэр байгууллагаас танай Монгол Улсад 2,000-3,000 хар машин байдаг гэсэн хариулт ирсэн.

Шинэ яармагтай холбоотой би гэр хорооллыг орон сууцжуулах төслийн Яармагт БХБ-ын сайд байхдаа барилгажилтын утаагүй төслийг эхлүүлсэн юм.

Энэ бол сонгуультай холбоотой инээдтэй гүтгэлэг юм.

Авлигатай ямар аргаар тэмцвэл үр дүнтэй вэ?

С.ГАНБААТАР: 

Хамгийн үр дүнтэй арга бол нийт 3 сая иргэний төлөө, 60 мянган аж ахуйн нэгжийн төлөө хараат бусаар хяналт тавих ёстой.

Офшорын эсрэг гэсэн нүгэлт хуулийг цуцалж өмнө нь хулгай хийсэн хүмүүстэй хариуцла тооцох ёстой. 

Авлига гэдэг бол ядарч байгаа хүүхдийн сүүлчийн тариаг хулгайлж байгаа зүйл шүү дээ.

Х.БАТТУЛГА:

Олон аргаар тэмцэнэ. Н.Энхбаяр байгуулсан байгууллагадаа ямар байр суурьтай байдгийг Монголчууд анзаарсан байх.

Улс төрийн захиалгат ажлыг хийдэггүй хүн байх ёстой.

Нас тогтсон нам бус, өргөсөн тангарагтаа үнэнч байх тийм хүнийг олох ёстой.

Хоёрдугаарт, улс төр дээр сүүлийн хоёр жил над руу довтолсон байцаагч нарын бүтээн байгуулалтын хөтөлбөр төслүүдийг зогсоосон хүмүүсийн учрыг олох ёстой.

Хэрэв би Ерөнхийлөгчид нэр дэвшээд гарах юм бол Авлигалтай тэмцэх газарт өргөсөн тангарагтаа үнэнч хүмүүсийг тавих болно. 

М.ЭНХБОЛД:

Энд нэр дэвшсэн гурван хүн гурвуулаа УИХ-ын гишүүн байсан хүмүүс. 

Хэдийгээр шинээр байгуулагдсан их хурал урт ажиллаагүй ч Авлигатай тэмцэх хөтөлбөрийг баталсан. Энэ бол олон улсын хэмжээнд ийм хөтөлбөртэй улс орон боллоо гэдэг нэр хүндийг авч байгаа.

Авлигалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг ахиж эргэж төрийн албанд оруулахгүйгээр хариуцлага тооцдог боломжийг бий болгосон.

Авлигатай тэмцэх гол асуудал соён гэгээрүүлэх асуудал. 

Бизнес эрхлэгчдэд асар их дарамт үзүүлдэг зүйл их байсан.

Өнгөрсөн 4 жилд 60 мянган ААН үүд хаалгаа хаасан. Энэ бүгд авлигалын эсрэг арга хэмжээнд хамрагдах ёстой асуудал.

Та фэнг-шүг яагаад Монголд оруулж ирсэн бэ?

С.ГАНБААТАР: 

Монголд оронд өнөөдөр фэнг-шүгээс илүү 60 тэрбумын асуудлыг ярих ёстой. 

Намайг доромжлох тусам би өнгө орох болно.

Өнөөдөр бидэнд фэнгшүгээс илүү ярих чухал зүйл их байна.

Д.Хишигжаргал гэж хүн таныг Хятадаас шүлхийн хөлдсөн вациныг сайд байхдаа өөрийн компаниар оруулж ирсэн гэж ярьсан. Энэ талаар тайлбар хийнэ үү?

Х.БАТТУЛГА:

​Д.Хишигжаргал гэдэг хүнийг алдаж, онож явсан аавын хүү гэж бодож явдаг. Энэ хүн намайг ХАА-н сайд байхад малын вакцин хийдэг байсан юм билээ.

ХАА-ын салбарынхан энэ хүнийг мэддэг, ам муутай байсан.

Вакцин оруулдаг ямар ч компани надад байхгүй. 60 тэрбумын асуудалд Сундуйн ярьж байгаа нь үүнтэй холбоотой.

Эрүүгийнхэн анддаггүй юм билээ. Үүн дээр М.Энхболд тодорхой хариулах байх гэж бодож байна.

60 тэрбум төгрөгний бичлэгийн талаар тайлбар өгнө үү?

М.ЭНХБОЛД:

60 тэрбум төгрөгний асуудлын талаар гурван сонгууль дараалан ярьж байна. 

Тэр үед нь бид асуудал тавьж, хууль хяналтын байгууллага шалгаач, эвлүүлэг байна гэж хэлж байсан. 

Нэг биш хэд хэдэн удаа эвлүүлэг гэдгийг хууль хяналтын байгууллагууд хэлж байгаа.  

Энэ эвлүүлгийн асуудлаар шүүхийн шийдвэр гарсан.

Нэр дэвшигч Х.Баттулгын асуудлаар төрийн албаны 200 гаруй хүнээс асууж, тогтоогдохгүй байна гэдэг асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль эвлүүлэг, хар пиар хэтэрсэн боллоо.

Тэр ч бүү хэл хойд хөршийнхөө Ерөнхийлөгчтэй гар барьж байгаагаар эвлүүлэг хийсэн нэр дэвшигч ч байна.

Мэтгэлцээний төгсгөлд нэр дэвшигчдийн хэлсэн үг

Х.Баттулга: Ерөнхийлөгчид МАН-аас нэр дэвшигчийг өгөөд, 2020 онд Ерөнхий сайдын байр суурийг авах хуйвалдааныг бид ярих ёстой байсан юм

 
Гэрэл зургийг mpa.mn

Улс төрийн мэтгэлцээн дуусч байх шиг байна. Энэ мэтгэлцээн бол олон хүлээлт байдаг. Гадны улс орнуудыг дуурайдаг зүйлийг өөрчлөх ёстой байна. 
Өнөөдөр бид зэрэгцэж зогсоод бэлдсэн асуултад харуилаад, хэнийг хуураад байгаа нь мэдэхгүй, дандаа лоозогносон "тэгнэ, ингэнэ" гэсэн юм яриад байна. 

Мэтгэлцээнд өнөөдөр бид улс төрийнхөө нөхцөл байдлыг дүгнэж ярих ёстой. Өнгөрсөн хугацаанд 2012 оноос хойш Ардчилсан нам, Монгол Ардын нам төр барьсан. Өнөөдөр хэдхэн гэр бүл баялгийг хянах 30 жилийн төлөвлөгөөг хийсэн. Үүн дээр хууль хүчний байгууллагуудыг ашигласан.

Ардчилсан намаас нэр дэвшигч, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай бүх лидерүүд хар пайз зүүсэн. Зохиомол хэргүүдийг зүүсэн.

Орон нутгийн сонгуулийг хуйвалдаанаар зохиосныг баталгаажуулж өгсөн боловч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, хууль хүчнийх нь байгууллага хөдлөхгүй байна.

Ерөнхийлөгчийг МАН-аас нэр дэвшигчийг өгөөд, 2020 онд Ерөнхий сайдын байр суурийг авах хуйвалдааныг бид ярих ёстой байсан юм. Харамсалтай нь цаг бага байлаа.

С.Ганбаатар: Монголын ард түмний ажилгүйдэл, ядуурлыг арилгахын төлөө тэмцсээр өнөөдрийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжийг өглөө

 
Гэрэл зургийг mpa.mn

Ард түмнийхээ төлөө зүтгэж байхад надад ямар ч 65 ын бүлэг саад болохгүй.

Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад зах зээлийг нээж ажиллах ёстой. 60 мянган аж ахуйн нэгжийн төлөө ажиллах ёстой.

Монголын ард түмний ажилгүйдэл, ядуурлыг арилгахын төлөө тэмцсээр өнөөдрийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжийг өглөө. Цаашдаа ч тэмцэх болно.

М.Энхболд: Намайг дэмжээгүй сонгогчдын итгэлийг олохын төлөө ажиллана

 
Гэрэл зургийг mpa.mn

Эрхэм сонгогч та өөрийнхөө үр хүүхдийг, эх орноо бодож тунгааж үзнэ биз. Ингэхдээ та аль нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр илүү вэ гэдгийг бодож үзээрэй.  Иргэдийн амьдралд өөрчлөлт гарах мөрийн хөтөлбөрийг би гаргаж ирж чадсан.  Энэ зөвхөн Ерөнхийлөгчийг сонгох гэж байгаа биш, улс орныхоо ирээдүйг сонгох гэж байгаа.  

Миний өрсөлдөгч хямрал, хагарал юм. Үүнийг даван туулахад эв нэгдлийн асуудал чухал. Иргэн сонгогч та цалин хөлс, ашиг орлого, ажлын байраа нэмэгдүүлэх боломж бололцоогоо сонгож байгаа хэрэг юм.  Би намайг дэмжсэн хэн бүхний итгэлийг бүрэн дүүрэн дааж ажиллана. Намайг дэмжээгүй сонгогчдын итгэлийг олохын төлөө ажиллана. Эвтэй Монгол ялна.

ВИДЕО: ШУУД МЭТГЭЛЦЭЭН

https://www.facebook.com/iKonNews/videos/687939131391658/
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.