Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хавдрын алсын зайн оношилгоо, тусламж, үйлчилгээг иргэдэд үзүүлж эхэллээ

ikon.mn
2017 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Хавдар Судлалын Үндэсний Төвтэй хамтран Монгол Улсын бүх аймгийн төвүүдийг холбосон өндөр хурдны шилэн кабелийн сүлжээгээрээ дамжуулан алсын зайнаас хавдрын оношилгоо, тусламж, үйлчилгээг үзүүлэх цогц системийг нэвтрүүлэх “МОМЕNТ” төслийг эхлүүллээ. Төслийн нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.

Төслийн нээлтийн арга хэмжээнд ЭМЯ-ны сайд А.Цогцэцэг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, Хавдар судлалын үндэсний төвийн  ерөнхий захирал Ж.Чинбүрэн, “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Золбаяр нарын албаны хүмүүс оролцлоо.

Өнөөгийн байдлаар аймаг, орон нутгийн эмнэлэгүүдэд зөвхөн хавдрын шинж тэмдгийн оношилгоо хийгддэг тул Улаанбаатар хотод ирж бүрэн шинжилгээнд хамрагдаж, өвчний оношилгоог баталгаажуулахад  дунджаар нэг сарын хугацаа зарцуулдаг байна. Хавдрын өвчнийг оношилоход 6-8 төрлийн нарийн мэргэжлийн эмч нар оролцдог бөгөөд аймаг орон нутагт мэргэшсэн эмч нар дутагдалтай байдгаас цаг хугацаа алдах, өвчин гүнзгийрэхэд ихээхэн нөлөөлдөг байна. 

Түүнчлэн оношлуулсныхаа дараа ч жилд 3-6 удаа Улаанбаатарт ирж, тогтмол үзлэг, оношилгоонд хамрагдан  давтан эмчилгээнд ордог нь тухайн өвчтөний сэтгэл санаа, цаг хугацаа, санхүүгийн хувьд ихээхэн хүндрэл учруулахаас гадна Хавдар судлалын үндэсний төвийн ачааллыг эрс нэмэгдүүлдэг байна.

Энэхүү нөхцөл байдлыг өөрчлөх, хорт хавдрын өвчлөлийн эсрэг авч хэрэгжүүлэх дараагийн шатны арга хэмжээ нь аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн түвшинд анхан шатнаас шилжүүлсэн, хорт хавдрын сэжигтэй үйлчлүүлэгчийн оношийг тодруулах, нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлэх  ажлыг шинэ түвшинд гаргах шаардлагатай байгаа юм. 

Тиймээс Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Хавдар Судлалын Үндэсний Төвтэй хамтран Монгол Улсын бүх аймгийн төвүүдийг холбосон өндөр хурдны шилэн кабелийн сүлжээгээрээ дамжуулан алсын зайнаас хавдрын оношилгоо, тусламж, үйлчилгээг үзүүлэх цогц системийг нэвтрүүлэх “МОМЕNТ” төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

Энэ төслийн эхний шатанд 21 аймгийн нэгдсэн эмнэлгүүдийг холбосон өндөр хурдны шилэн кабелийн сүлжээг байгуулж, шаардагдах төгсгөлийн төхөөрөмжүүдийг суурилуулан Хавдар судлалын үндэсний төвтэй холбож, алсын зайны оношилгоо, эмчилгээний дэд бүтцийг бүрэн хэмжээнд бий болгох юм. 

Ингэснээр хавдрын оношилгоо, тусламж, үйлчилгээнд томоохон дэвшил гарч, цаг хугацаа, зардал хэмнэсэн, түргэн шуурхай эмнэлэгийн тусламж үйлчилгээний олон боломж, давуу талуудыг бий болгох аж.

Үүнээс гадна аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд хавдрын оноштой өвчтөнүүдийн оношилгооны талаарх эмч нарын зөвлөлгөөн зохион байгуулагддаг хугацааг эрс багасгаж, 14 хоног тутам алсын зайнаас аймаг, орон нутгийн эмч нар Хавдар судлалын төвийн хавдрын чиглэлээр нарийн мэргэшсэн, бэлтгэгдсэн мэргэжлийн зөвлөх багтай хамтран видео хурал зохион байгуулж, цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг ч бий болгож байгаа юм байна.

Цаашид “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ийн 285 гаруй сум сууринг хамарсан 17,451 км урт шилэн кабелийн сүлжээг ашиглан сумдын хэмжээнд уг төслийг хэрэгжүүлж, зөвхөн хавдрын төдийгүй бусад төрлийн эрүүл мэндийн бусад оношилгоо, үйлчилгээг алсын зайнаас үзүүлэх боломжтой болох юм.

 

Эх сурвалж: “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит ХХК, Хавдар судлалын үндэсний төв