Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын хувийн хөрөнгийн нийт хэмжээ ДНБ-ээсээ 2 дахин их болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Хятадын эдийн засагт эргэлдэж байгаа хувийн хөрөнгийн хэмжээ 165 их наяд юань буюу $24 их наядад хүрч, улсынхаа Дотоодын Нийт Бүтээгдэхүүнээс хоёр дахин их, 10 жилийн өмнөх дүнгээс зургаа дахин өссөн болохыг Лхагва гарагт нийтлэгдсэн судалгааны тайланд өгүүлсэн байна.

Энэ оны сүүлд дээрх тоо 188 их наяд юаньд хүрэхээр байгааг бас дурджээ. Судалгааг Bain & Co болон China Merchants Bank хамтран боловсруулсан байна. Гэхдээ энэ жилийн өсөлт 14 хувь байх нь сүүлийн 10 жилд хамгийн доод өсөлт болох гэнэ. 2014 ба 2016 онуудад өсөлтийн хэмжээ 21 хувьд хүрч байжээ.

“Энгийнээр хэлбэл сүүлийн 10 жилийн өдөр бүр 400 хятад олон-саятан (multi-millionaire) төрөн гарч байжээ” гэж China Merchants Bank-ийн хувийн банкны салбарын ерөнхий менежэр Ван Жин хэлсэн байна. Судалгааны дүнгээс Хятадын баячуудын гадаад орнуудад хөрөнгө оруулалт хийх сонирхол ихээр өссөн нь харагджээ.

Өнгөрсөн онд тэдний 56 хувь нь хилийн чанадад хөрөнгө оруулсан бол 2011 онд энэ тоо 19 хувьтай байсан байна. Хятад баячуудын хамгийн их хөрөнгө оруулсан топ 5 оронд Хонг Конг, АНУ, Австрали, Канад, Сингапур багтжээ. Хэл соёлын ойролцоо байдал нь Хонг Конгийг хөрөнгө оруулах тэргүүн сонголт болгож байгаа гэнэ.

Бээжингийн эрх баригчид сүүлийн үед гадагш урсах хөрөнгийг хянах болсон ч баячуудын ихэнх нь гадаад зах зээлээс орлогоо олдог тул нөлөө бага байгааг судлаачид онцолсон байна.

 

Эх сурвалж: Nikkei