Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Дүгэржав: Антарктидад “Уяхан замба тивийн наран”-гаа хадааж мөс хайлахыг харах нь миний мөрөөдөл

Г.Ганчимэг Монголын мэдээ
2017 оны 6 сарын 22
Монголын мэдээ
Зураг зураг

Энэ удаагийн “Чухал хүн”-д уригдсан эрхэм бол Антарктид судлалын төвийн захирал, профессор, Sc.D Лхамсүрэнгийн Дүгэржав. Түүний унасан газар Азийн чээжин дэх хөх Монгол, харин хоёр дахь эх орон нь Болгар, гурав дахь “нутаг” нь зургаа дахь тив юм. Антарктидын “суугуул” тэрбээр төрөлх эх орондоо ирээд удаагүй байна.

Холын зам, урт аяны хүнээс үг сонсохын тулд Монгол Улсын ШУТИС-ийг зорилоо. Түүний удирдаж, үйл ажиллагааг нь зангиддаг Антарктид судлалын төв энд байрладаг учраас тэр. “Хувьтай хүн хур бороон”- оор гэгчээр энэ зуны ган гачгийг тайлсан их уснаар бид уулзав. 

-Та бол олон хүний хувьд цоо шинэ ертөнц. Тиймээс ихэнх нь таныг Увс аймгийн Хяргас нуурын хөвөө хавьцаа төрсөн байх гэж таамаглаж байгаа болов уу. Ер нь та хаана мэндэлж, өссөн бол? 

-Би Тэсийн голын хүүхэд. Тэртээ 60 жилийн өмнө дүн өвлөөр буюу нэгдүгээр сарын найманд Увс аймгийн Тэс суманд төрсөн. “Тэсийн голын унага, Тэрхийн голын хүүхэн” гэдэг биз дээ. Гэхдээ зургаахан сартайдаа дутуу төрсөн юм билээ. Миний аав ээж тайж гаралтай. Аав минь хошуу ноёны ач хүү. Би эцэг эхээс 16-уул. Би айлын 10 дахь хүү. Намайг “За, энэ хүн болохгүй нь дээ” гэж бодож байсан гэнэ лээ.

Тэгээд аавын малгайнд багтаад нарны аяс дагаад хананы толгой дамжсаар Майн баяр буюу тавдугаар сарын нэгэн болсон чинь “За, энэ хүн болох юм байна. Арай өнгөрчихгүй нь” гэсэн итгэл төрж миний зургийг авхуулсан байдаг. Би аав ээждээ баярлаж явдаг.

Тэсийн гол зундаа +50, өвөлдөө -50 градус байдаг юм шүү дээ. Монголоос Антарктид тивд хүрсэн эхний дөрвөн хүн дөрвүүлээ Тэсийн голын хөвөөнд төрж өсөцгөөсөн байдаг юм. Ж.Цэрэндэлэг, Хөвсгөлийн Д.Чулуунбат /Тэсийн голын эх хэсэг тэнд бий/, тэгээд А.Батболд бид хэд байна. Ж.Цэрэндэлэг гуайн үг бий. “Хэр зэрэг хүйтэн юм бэ” гэж асуухад “Аа, манай Тэсийн гол шиг л байдаг юм байна” гэж хариулсан байдаг байхгүй юу.

-Таны анхны мэргэжил газрын тосны инженер гэхээр бас л газрын хэвлийтэй холбогдож байна шүү дээ?

-Тэсдээ наймдугаар анги, Улаангомд аравдугаар анги төгсөөд Болгарт газрын тосны өрөмдлөг, олборлолтын инженер гэсэн хуваарь авч суралцсан. Өрөмдлөг, геологийн инженер гэдэг чинь өргөн утгатай, олон шинжлэх ухааны дунд байж байдаг. Геологи, хайгуул, нефть, цэвдэг, техник, технологи, эдгээрийг чинь бүгдийг уялдуулж болдог нь өрөмдлөг юм.

Өөрөөр хэлбэл, газрын дор барьж байгуулж буй барилга байгууламж байхгүй юу. Хаана ч очсон газрын гүнийхээ өрөмдлөг, судалгааг хийхгүйгээр судалгааны ажил хийх ойлголт байдаггүй. Тэр тусмаа хамгийн үнэтэй судалгааны ажил нь энэ байдаг юм. Антарктид тивд өчнөөн судалгааны ажлыг хийчихсэн, хүмүүс Орос, Америк хоёр өрөмдөж байна.

Би өрмийн инженер хүн учраас азтай. Намайг дагаад өрмийн инженер мэргэжилтэй дөрвөн монгол залуу очсон. Тэд геологи, ус, цаг уураар мэргэшсэн залуучууд. Бид одоо газрын гүн руу нэвтэрч орох боломжтой. Яагаад бид Антарктид тив рүү яваад байна вэ гэвэл хүн төрөлхтөн нэг л дэлхийтэй. Чиний толгой өвдөнө үү, зүрх өвдөнө үү, хөл өвдөнө үү хамаагүй нэг л амьд бодгаль шүү дээ.

Үүнтэй л адил зүйл өнөөдөр хүн төрөлхтөнд тохиолдож байна. Би саяхан “Дэлхийн дулаарал Монголд нөлөөлөх нь” сэдвээр илтгэл тавьсан. Яагаад дэлхийн дулаарал Монголд нөлөөлж байна вэ. Бидэнд ямар давуу тал, мөн ямар дутагдал байгаа юм бэ. Энэ амьд байгаль дотор амьдарч яваа монголчууд өөрийн гэсэн орон зайгаа зөв авч явж чадвал Монгол гэдэг нэр үргэлж л өөдөө явах ёстой юм. 

-“Антарктид тивд очих юмсан” гэдэг хүсэл сонирхол таны мөрөөдлийн учигт сүүмэлзэж эхэлсэн нь хэдий үеэс вэ. Ямар гаргалгаа, тойрог төөргөөр явж байж та энэ боломжоос атгаж авав? 

-Монгол орны цэвдгийн хил улам бүр хойшилж байгаа. Манай дэлхийн цэвдгийн хамгийн урд талын хил Монголоор буюу тал хээр, Алтай, Хангай, Хэнтийн уулсаар өнгөрдөг юм. Энэ нь одоо улам хойшилсоор байна. Дахиад 10 жилийн дараа Монгол орны цэвдгийн зураг дээрээс маш олон цэнхэр өнгө алга болно.

Би 1991 онд “Монгол орны цэвдгийн доорх усны судалгаа” гэдэг сэдвээр эрдмийн зэрэг хамгаалж доктор болсон. Энэ бүхэн л надад дэлхийн дулаарал гэдэг зүйлийг судлах боломжийг олгосон юм. Монгол Улс бол дэлхийн нэг хэсэг шүү дээ. Дэлхийн хуурай газрын нэг хувь нь юм. Эмч нар миний яриаг сайн ойлгоно.

Хүний өрөөсөн хуруу байхгүй болоход бие махбодод өөрчлөлт орж байдаг. Дэлхийн дулаарал гэдэг үүнтэй адилхан. Миний судалгааны ажлыг мэддэг учраас найз болгаруудынхаа дэмээр дөрвөн удаа Болгарын экспедицийн бүрэлдэхүүнд орж явлаа. Мөн олон улсын экспедицийн бүрэлдэхүүнд орж Өмнөд туйлд хүрсэн анхны монгол хүн болсон. Би түүндээ баярлаж явдаг. Миний нэрээр нэрлэгдсэн “Dugerjav peak” гэдэг оргил Антарктид тивд бий.

Монгол Улсынхаа төлөө, үр хойчийнхоо төлөө хийсэн гавьяа минь энэ гэж би хувьдаа боддог. Бүхэл бүтэн экспедиц зохион байгуулах хэмжээнд хүрсэн. Манай Антарктид судлалын төв гэхэд 40 орчим гишүүнтэй. Түүнээс Антарктид явсан залуучууд маань бүгд докторын зэрэг хамгаалсан. Физик, математик, геологи, минериологи, газар зүйн ухаанаар. Одоо дараагийн ээлжийнх нь хүмүүс бэлтгэгдэж байгаа. Манайхан Антарктид очно оо очно. Яагаад гэвэл, тэр хүйтэн, эрс тэс нөхцөлд монголчууд хамгийн түрүүнд адаптаци /организм орчиндоо зохилдохыг ингэж хэлдэг/-д орж чаддаг.

Тиймээс монголчууд хамгийн эхэлж тэнд соёл түгээгээсэй гэж хүсэж байна. “Уяхан замба тивийн наран”-г хадааж мөс хагарч байхыг үзээсэй. Монгол орны цаг уурын өөрчлөлт дэлхийн цаг уурын өөрчлөлтийн нэг барометр шүү гэдгийг ойлгож дэлхийн хэмжээний олон улсын төсөл хөтөлбөрт оролцдог, үүнийг манай улсын Засгийн газар ойлгож дэмждэг байгаасай гэж хүсдэг. Энэ бол шинжлэх ухаан. Эргээд амьдралтай холбогддог юм шүү. Хүссэн, хүсээгүй монголчуудад төдийгүй хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл. Тиймээс удирдах дээд төвшиндөө дэмжих хэрэгтэй байгаа юм. Дэмжлэггүй л бол уначихна. Бид одоохондоо явж л байна. Гэхдээ сая сая, тэрбум тэрбум ам.доллараар үнэлэгддэг ажил шүү дээ.

Өнөөдөр “Улсын начин болоход тэдэн сая төгрөг хэрэгтэй гэнэ” гээд л яриад байдаг. Тэгвэл нэг улсын начны зардлаар жилийн хугацаатай экспедиц ажиллуулж, 4-5 монгол хүнийг тэнд аваачиж болно. Шинжлэх ухааныг үнэлж, Монгол Улсын нэр хүндийг өргөх асуудал. Төр нэгийг бодох л ёстой болов уу. Монголчууд тамирчид бөхчүүдийнхээ бяр чадал, хүч хөдөлмөр, урлагийнхны авьяас чадварыг үнэлж, ойлгодог болжээ. Харин одоо шинжлэх ухааныг ойлгож оюуны бядыг дэмжих хэрэгтэй. Ингэж байж л Монгол Улс хөгжинө. 

-Антарктид тивд “зочлоод” ирсэн хүмүүсийн үлгэр домог шиг яриаг сонсож төсөөлөл хуримтлуулах, анх хөл тавих хоёрын хооронд ялгаа зөрүү нь юу байв. Энэ бүхэн чинь л түүх болж үлдэнэ шүү дээ? 

-Социализмын үед буюу 70, 80-аад оны үед Ж.Цэрэндэлэг, Д.Чулуунбат гуай хоёр явсан. Тэр үед дэд бүтэц хөгжөөгүй байсан юм. Тэр хүмүүс хэчнээн мундаг Зөвлөлтийн экспедицийн бүрэлдэхүүнд орсон ч гэсэн маш их эрсдэлтэй нөхцөлд харанхуйгаар л явж байсан. Надаас 10 дахин илүү эрсдэлтэй нөхцөлд тэд маань явж байсан байхгүй юу. Орчин үед юм бүхэн хөгжиж байна шүү дээ. Тухайлбал, тэр үед өмсдөг байсан хувцсыг өнөөгийн бидний хувцастай зүйрлэвэл эрс ялгаатай. -70 градуст ажрахгүй хэр нь нимгэхэн термо хувцас өмсөөд явдаг.

Ямар ч усанд унасан үхэхээргүй тийм гадуур хувцастай явдаг. Тэр үеийн хүмүүст хөлдөж үхэх эрсдэл ойрхон байсан бол өнөөдөр ийм эрсдэлээс зайлсхийх магадлал маш өндөр болчихсон. Ганцхан тэнд хүн хэр удаан тэсэж чадах вэ, амьдарвал яах вэ гэдэг нь арай ондоо асуудал болчихож байгаа юм. Мэдээж, тэр хүмүүсийн ярьсан, бичсэн номууд бол байгаа. Үүнийг үзээд тэдэнтэй уулзсан хүмүүс ч бий. Тухайн үедээ энэ нь мөрөөдөл л байсан. Би Антарктид судлалыг гурван үед хувааж үздэг.

Хамгийн анхных нь 1910 оны үед Руаль Амундсен, Роберт Скоттын үед монгол морь тэнд хүрсэн. Монголын нэр нь үл мэдэгдэх хоёр адуучин Хөвсгөл нутгаас Скотт ахмадын багт орж яваад Антарктидын эрэгт хүрсэн байгаа юм. Дараагийнх нь социализмын үед ЗХУ-ын экспедицийн бүрэлдэхүүнд Ж.Цэрэндэлэг гуай, Д.Чулуунбат гуай хоёр арав арван жилийн зайтай оролцоод бүтэн жил тэнд ажиллаж амьдарсан.

Бүтэн жил гэдэг бол нормальный хүн тэнд байх боломжгүй хугацаа. Гуравдах нь одоо буюу бидний үе. Би А.Батболдыгоо эхэлж явуулсан юм. Дараа нь би дөрвөн удаа Болгарын бүрэлдэхүүнд орж Ливингстоны арал дээр очоод, нэг удаа олон улсын экспедицийн бүрэлдэхүүнд орж Өмнөд туйлд хүрч нийтдээ таван экспедицид орсон.

Түүний дараа манай далайчин Д.Ганбаатар гэдэг залуу явлаа. “Ус”-ны Д.Батмөнх гэдэг хүн явсан. Цаг уурч Х.Пүрэвдагва гэдэг залуу явсан. Өнгөрсөн жил Эрдэнэтийн судлаачид, инженерүүд явлаа. Мөн Японы экспедицийн бүрэлдэхүүнд манай нэг геологич шавь маань ороод явсан. Гавьяат уулчин Б.Гангаамаа Винсоны оргилд гарлаа.

Түүний өмнө “Шар айраг”-ын Г.Ганхүү бас энэ оргил дээр гарч байсан. Монголчуудын хувьд Антарктид тив хол биш болжээ. Чингис хааны удмынхан дэлхийн хагасыг эзэлж байсан үе бий. Тэр үед “Уяхан замбативийн наран”-г дуулдаг байсан байгаа юм. Нарны тухай хүмүүс мэдэж байсан юм чинь дэлхийнхээ тухай мэдэж л байсан байж таараа.

-Өмнөх хоёр үе маань олон улсын экспедицийн бүрэлдэхүүнд орж, заавар даалгавраар нь хөдөлмөрлөж байсан. Нэг талаараа бие даах эрхгүй байлаа. Харин таны үед зөвхөн монгол хүний хөлийн мөрийг үлдээх биш монгол гал голомт тэнд бий болж буй юм байна гэж ойлгож байгаа?

-Олон улсын Антарктидын гэрээг 1959 онд үзэглээд 1962 онд анхны 12 улс гэрээнд гарын үсэг зурсан. Тэр улсууд Антарктидын хамгийн анхны гэрээний Засгийн газрын гишүүд нь. Одоогоор энэ гэрээнд 54 улс нэгдээд байна. Монгол Улс 53 дахь гишүүн нь. Монгол Улс 2015 оны зургаадугаар сард Антарктидын конвенцид гишүүнээр элссэн. Өмнө нь бид дандаа зочин гишүүнээр очдог байсан бол одоо Антарктидын конвенцийн бүрэн эрхт гишүүн болсон учраас бидэнд өөрийн гэсэн хөтөлбөр, баг, бааз, мэргэжилтнүүдтэй байх ёстой.

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Байгаль орчны яам, Боловсролын яам 2015 онд хамтран энэ конвенцид элсэх бүх бэлтгэлийг хийж тодорхой мэргэжлийн хүмүүс үүн дээр ажиллан УИХ-аар соёрхон баталж АНУ-ын Төрийн департамент “оk” хэмээн зөвшөөрч байлаа. Нэгэнт УИХ соёрхон баталж, олон улсын гэрээнд нэгдсэн учраас жилийн төсөвт төлдөг тэр 20 мянга ч юм уу, 30 мянга ч юм уу ам.долларыг Сангийн яам батлаад оруулж байх ёстой юм.

Тэгээд жил болгоны хөтөлбөрт оролцоход Монгол Улсын Засгийн газраас дэмжлэг үзүүлэх хэрэгтэй болов уу. Бид одоо тэнд баазаа байгуулж байгаа. Жилд 5-6 монгол хүнийг хүлээн авах хүчин чадалтай. Үүнийг би төр засгийн дэмжлэггүйгээр хийгээд дуусаж байна.

Гэхдээ дэмжээсэй гэж хүсдэг. Уг нь төсөл маань 250-300 ам.долларын үнэтэй. Найз нөхөд, шавь нар маань хамгийн их тусалсан. Энэ жил би өөрөө нэг яваад ирнэ. Тэгээд жилд 5-6 хүнийг хэнийг ч гуйхгүйгээр хүлээж авна даа. Энэ зардал бол улсын начин төрүүлдэг тэр л мөнгө. Өнөөдөр яагаад Хятад, Өмнөд Солонгос, Европын холбоо, Орос тэнд долларыг тэрбум, тэрбумаар нь зараад байгаа юм бэ. Тэнэг хүмүүс ийм зүйл хийхгүй шүү дээ. Тиймээс бид их том зүйлийн төлөө явж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бид тэнд үргэлж өөрийн гэсэн хэсэгтэй байж байх ёстой. Тэнд монголчуудыг НҮБ-ын индрээс дутахааргүй сурталчлах талбар болно. 

-Нийгэмд бас өнөө маргаашаа яая гэж байж тэр мөсөн дунд юугаа хийдэг юм бэ гэж үгүйсгэх хэсэг бий. Харин та юу гэж хариулах бол? 

-Хорвоо дэлхийн амьдрал биднээр дуусахгүй. Дэлхий ертөнц биднээс хэдэн сая живаа жилийн өмнө ч, биднээс хойш хэдэн сая жилийн дараа ч байж л байх болно. Харин хүн төрөлхтний хойч үе хязгааргүй орон зайд амьдарна. Тиймээс өнөөдөр бүгдийг заавал ч үгүй таван төгрөгөөр хэмжиж харахын оронд үүнд Монголоо яаж оролцуулах вэ гэдгийг бодолцох л ёстой.

Бид 10 гаруй жил ажиллаад бүхэл бүтэн багийг бий болгочихлоо. Өнөөдөр Монголоос Антарктид тивд ихэвчлэн цаг уурын инженерүүд очиж байна. Гэтэл тэнд хүн юу идэж, юу өмсөх ёстой юм бэ. Цаашилбал, эрүүл байхын тулд яах ёстой вэ гэдгийг судлахын тулд эмч нар, тогооч нар очих ёстой. Бүр монголчууд яагаад маш эрсдэлтэй нөхцөлд адаптацид хурдан ордог вэ гэдгийг хүртэл очиж судлах хэрэгтэй байхгүй юу. Тиймээс бидний дараагийн үе бэлэн байх ёстой. Япончууд Антарктидын аялал жуулчлал гэж гайхалтай сайхан зүйлийг хийж байна. Жилд 10 мянган япон хүн мөсөн тивийг зорьдог болсон.

Дахиад ард нь 600 мянган хүн дугаарлаж байна. Очерт орсон сүүлчийн хүн 60 жилийн дараа тэнд очихоор байгаа юм. Тэр агуу их гайхамшигтай цэвэр лаборатори, дэлхийн дулаарлыг зохицуулж байдаг байгалийн хөргөгч, дэлхийн цэнгэг усны нөөцийг цэвэр ариун байлгахын зэрэгцээ хүмүүсийн амьдрах орчныг Антрактидад яаж бүрдүүлэх вэ гэдэгт шинжлэх ухааны салбар анхаарлаа хандуулж байна.

Өнөөдөр дэлхийн хүн ам долоон тэрбумд хүрлээ. Удахгүй ес, арван тэрбум болно. Дэлхий 30 тэрбум хүнийг амьдруулах чадалтай. Харин түүнээс дээш болчихвол яах вэ. Заавал ч үгүй цөмийн дайн болох ёстой юм уу. 

-Тэгвэл Антарктидад хүн амьдрах орчин байна уу. Үүнийг мэдэхгүй мянга мянган хүн бий. Тухайлбал, тэнд өдөр шөнө ээлжилдэг үү. Зуны улирал гэж байна уу. Одоо тэнд ямар улирал болж байгаа бол. Та нар очоод хоол хүнсээ яаж боловсруулж иддэг юм бэ. Нөөшилсөн хүнсээ л гал түлээд халааж иддэг юм уу. Мод ургамал байна уу гээд олон мэдэхгүй асуулт байна? 

-Тэнд ямар ч мод, ургамал тэр байтугай ямар ч вирус байхгүй. Тиймээс хамгийн сүүлчийн асуултаа март. Идэж уухдаа ч санаа бүү зов. Шинжлэх ухаан хөгжиж байна. Хүмүүс идэх уухаа эх газраасаа аваад очдог болчихсон. Тэнд газ аваад оччихно. Хоолоо хийгээд иднэ. Тэр битгий хэл халуун усанд орж, саунд ч сууж болно. Зурагт ч үзэж болно. Гэхдээ тэр газар чинь бидний цэвэр усны нөөц байхгүй юу.

Дэлхийн хуурай газрын 10 хувийг эзлэх хэмжээний хөрстэй газар дээр дунджаар 2400 метр зузаантай мөс байгаа. Харин Хойд мөсөн далай бол хөлдчихсөн далай юм. Сүүлийн 10 жилээс энэ жил анх удаагаа хайллаа. Харин одоо Антарктидад жилийн дундаж температур -74-өөс -80 градус байгаа. Гэхдээ зургаадугаар сараас наймдугаар сар хүртэл Оросын экспедицийнхний хэмжсэнээр -90, -92, -94 градус хүрч байсан нь тэмдэглэгдэж үлдсэн. Тэнд нар баруунаас мандаж, зүүн зүгт шингэдэг. Ус буруу урсдаг. Цагаан баавгай тэнд үрждэггүй. Тэнд очиж байгаа хүн бүхэн өөрөө судалгааны объект болдог. 

-Та Антарктид судлаач, газрын тосны инженерээс гадна олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Элчин сайд хүн. Олон улсын харилцаанд маш чухал үүрэгтэй, Монгол Улсыг төлөөлөх элч төлөөлөгч учраас энэ цолыг хэн бүхэнд хүртээхгүй нь ойлгомжтой. Та дипломат албанд хэдий үеэс зүтгэв. Дипломат алба таныг сонирхов уу. Эсвэл та өөрөө дипломат албыг сонирхов уу?

 -Антарктидыг судална гэдэг бол дэлхийн зургаа дахь тивийг судална гэсэн үг. Тиймээс энэ нь олон улсын харилцааны асуудал юм. Антарктидын конвенцид элсэнэ гэдэг бол Монгол Улсын гадаад харилцааны бодлого. Тиймээс энэ чинь дипломат албатай холбоотой л зүйл. Хувь заяагаар би Болгарт сургууль төгсөж, тэнд удаан амьдарсан хүн.

Болгарын экспедицитэй хамтраад Антарктид руу таван удаа явчихсан байх үед надад ийм боломж гарч ирсэн. Антарктид судлалыг цаашид авч явахын тулд энэ албыг санал болгоход нь би татгалзаагүй. Түүнээс биш би албан тушаал хөөцөлдөж байсангүй. Би Болгарт дээд сургууль төгсөөд тэнд дэд эрдэмтэн, шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалаад таван жил Антарктидийн экспедицид ажиллаж, дөрвөн жил Элчин сайдаар томилогдож нийтдээ 20 жил амьдарсан. Манай гэр бүлийнхэн бүгдээрээ болгараар ярьдаг. Миний хоёр дахь эх орон. 

-Өнөөдөр Болгар-Монголын харилцаа ямар төвшинд байна вэ? 

-Жаахан түвэгтэй. Яагаад гэвэл, бид аль аль нь социалист улс байсан. Тэр үеийн харилцааг одоотой харьцуулах аргагүй. Хуучин социализмын үед Болгар- Монголын харилцаа сайхан байлаа. 1950 онд дипломат харилцаа тогтоосон. Энэ жил 67 жилийн ой болж байна. Болгарын техник, эдийн засгийн тусламжтайгаар Дарханы нэхий эдлэлийн үйлдвэр, Шарын голын жимс, ногооны аж ахуй, Баянхонгорын Жаргалантын алтны уурхай, Дорнодын мах комбинат, Говь-Алтай, Өвөрхангайн тоосгоны үйлдвэр мөн IV цахилгаан станцын ойролцоо “Дэвшил” сангийн аж ахуй байгуулж байсан түүхтэй. Дээрээс нь манай улсын урлаг, спорт, техникийн шинжлэх ухааны чиглэлийн анхны томоохон мэргэжилтнүүд тэнд төгсөж байлаа.

Болгарт төгссөн Ардын жүжигчин зургаа, гавьяат гэхэд л 40 гаруй хүн байна. Орчин үеийн мэргэжлийн урлагийн байгууллагыг тэд босголцсон. Социализмын үед ардчилсан Германы дараах харилцаатай улс нь Болгар байлаа. Тэнд нийтдээ 700 гаруй хүн дээд сургууль төгсөж, 3000 гаруй хүмүүс мэргэжил дээшлүүлсэн юм. Зарим үедээ өнөөдрийн ханшаар тооцох аргагүй, хэмжээлшгүй их мөнгөөр хоорондоо харилцаатай байсан. Монголчууд Болгар руу мах, архи, нэхий дээл явуулдаг. Болгараас мөн архи, бүх төрлийн тамхи, эм, марль, брезент авдаг байсан.

Харилцаа нэг хэсэг тасарсан ч одоо эргээд сэргэж байгаа. Бид кирилл үсгийг хэрэглэдэг. Оюун санааны хувьд ч сонирхолтой, түүхэн боломж бидэнд бий. Болгарууд Хүннүгийн үед Аттила хааны дараахан энд ирж амьдарч байгаад буцаж нүүсэн. Адилхан нүүдэлчин омгийн хүмүүс. Өнөөдөр ч үүнийгээ дурсацгаадаг. Жаахан европжсон ч бидэнтэй адилхан зан араншинтай хүмүүс. Түүнээс биш өглөг авлаг, өр ширний асуудал байхгүй. Одоо зөвхөн найрамдалт харилцаа л байна.

 -Антарктидад та Монголын Консулын газрыг нээлээ гэж байсан. Энэ нь яг ямар учиртай юм бэ? 

-Тэнд хэн ч виз хэрэглэдэггүй. Гэхдээ тэнд дэлхийн цэнгэг усны нөөц бий. Тэгээд ч хэний ч биш газар үргэлж ашиг сонирхлын зөрчлийг өдөөж байдаг. Тийм учраас 2009 онд монгол гэр аваачиж барин төрийн далбаагаа мандуулан анхны баазаа байрлуулж байлаа. Энэ нь миний ирээдүй хойчийнхоо төлөө хийсэн гавьяа юм. Өөрөөр хэлбэл, “Энэ манай газар шүү”, “Бид энд бүрэн эрхтэй шүү” гэж баталгаажуулсан гэх үү дээ.

Одоо бол Монголын бааз өөрийн гэсэн усан онгоцны зогсоол, цаг уурын станц, өрөм тавиад хайгуул хийх чадалтай болж эхэлж байна. Ирээдүйд тэнд судлаачдаас гадна жуулчид очдог болно. Гэхдээ өнөөдрийг хүртэл дандаа л хүний юманд гуйж дайгдсаар л байгаа. Тиймээс өөрийн гэсэн юмтай, унаатай болох хэрэгтэй. 

-Зургаа дахь тивийг оцон шувуугүйгээр төсөөлөхөд бэрх. Ер нь тэндхийн амьтад шинэ зочдоо хэр найрсаг хүлээж авдаг вэ? 

-Хүмүүст эхлээд хоёр зүйлийг сануулъя. Антарктид бол цэвэр мөсөн тив. Харин эрэг хавиар нь цэнхэр халим, далайн хав, пингвин амьдардаг. Гэхдээ Антарктидын бэлгэ тэмдэг бол оцон шувуу. Энэ чинь их гайхамшигтай. Тэр 15 сая км хавтгай дөрвөлжин нутгийн хилийг Атлантын далай, Номхон далай, Энэтхэгийн далай ирж тэнд Өмнөд далай гэдэг газар зүйн цоо шинэ ойлголтыг бий болгодог. Тэр хүйтэн усанд асар их биологийн нөөц бий. Түүгээр хооллож амьдардаг амьтад нь далайн хав, цэнхэр халим, оцон шувуу юм.

Гэхдээ энэ хэдээр хооллодог галт шувуу ч бий. Оцон шувууны тухайд бол асар ухаантай амьтан. Хосоороо амьдардаг. Нэг нь үхэхэд ахиж гэрлэх тухай ойлголт байдаггүй. Их сониуч, ухаантай амьтад болохоор үргэлж хүнд ойрхон байхыг хичээдэг. Бараг л нийгмийн зохион байгуулалттай амьтад. Үржлийн үедээ хөгшчүүл нь дүрсгүйчүүдээ аваад тусдаа байрладаг.

Аав, ээж нь өндөг хагарч дэгдээхий болтол нь жижгүүдтэйгээ хамт байдаг. Ингэхгүй бол сахилгагүй нөхөд өндгийг нь гишгээд хагалчих гээд байдаг юм билээ. Сүлд дуу дуулахаар баазын ойролцоо ирж ёсолчихоод явдаг пингвин ч бий.

Зураг