Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энхтайван: Монголбанк үндсэн үүрэгт хамаарах ажлаа л хийх ёстой

С.Бадрал, iKon.mn
2017 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Санхүү, эдийн засгийн судалгааны төвийн тэргүүн, доктор, профессор Л.Энхтайвантай ярилцлаа. Тэрээр төсөв, мөнгөний бодлого, макро эдийн засгийн чиглэлээр 30 гаруй жил судалгаа хийж, Австри, Герман улсын Төв банкинд ажиллаж байсан туршлагатай эдийн засагч, судлаач юм.

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болж, шийдвэр гарснаас хойш эдийн засагт олон эерэг өөрчлөлтүүд гарч эхэлж байна.  Та энэ нөхцөл байдлыг эдийн засагч хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-ОУВС-гийн хөтөлбөрт яагаад орох шаардлагатай болсон бэ гэдэг учир шалтгааныг бид өнгөрсөн жил нэлээн ярьсан. Хямрал, бэрхшээл нь бодлогын алдаа, санхүүгийн сахилга бат алдагдсантай холбоотой байсан. Дөрөв, таван төсөвтэй, нэгдсэн бодлогогүй. Мөнгөний бодлогын хувьд ч бас Монголбанк төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулж, 7-8 их наяд төгрөг хэвлээд гаргачихсан. Өөрөөр хэлбэл, Монголбанк, Засгийн газар аль ч түвшиндээ нэгдсэн бодлоготой байж чадаагүй. Тэгэхээр ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар бид санхүүгийн сахилга баттай болно.

Хоёрдугаарт, санхүүгийн сахилга баттай, хариуцлагатай болсноор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулах сонирхлыг өдөөж эхэллээ. Хөтөлбөрт хамрагдсанаар ханш тогтворжиж байна. Энэ бол эдийн засагт эерэг нөлөө, эерэг хүлээлт бий болж байгаагийн шинж. Нийтдээ 5.5 тэрбум ам.долларын зээл, тусламж олгоно. Хэрвээ Валютын сантай хөтөлбөр хэрэгжүүлээгүй бол энэ хэмжээний зээл, тусламж орж ирэх боломжгүй л дээ. Хамгийн гол нь тогтвортой, тодорхой бодлоготой болох нь. Энэ бол 5.5 тэрбум ам.долларын зээлээсээ илүү хэрэгцээтэй, чухал зүйл.

-Гэхдээ валютын сангийн хөтөлбөрт хамрагдсанаар хэд хэдэн татварыг нэмэгдүүлэхээр болсон нь иргэдийн зүгээс тодорхой эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Та энэ талаар ямар бодолтой байна вэ? Заавал татвар нэмэх шаардлага байсан уу?

-Татварыг ойр ойрхон хөдөлгөх бус аль болох тогтвортой байлгах ёстой. Гэтэл манайх сүүлийн 10 гаруй жилд эдийн засгийн нөхцөл гайгүй болохоор л янз бүрийн амлалт, популист бодлого хэрэгжүүлээд, татварыг бууруулчихдаг. Эргээд эдийн засаг хэцүүдэхээр татвар нэмэгдүүлэх болдог. Нэгэнт буурчихсан татварыг буцаагаад нэмэгдүүлнэ гэдэг амархан биш. Энэ бол маш буруу жишиг. Татвар аль болох тогтвортой байх ёстой. Хөрөнгө оруулагчид ирээдүйгээ 10-20 жилээр харж, төлөвлөхөд татвар ийм байна аа гэдэг нь тодорхой байх ёстой.

Хоёрдугаарт, энэ татварууд нэмэгдэж байгаа нь үнэндээ шинэ зүйл биш. Өмнөх Засгийн газрын үед ч бас хэд хэдэн удаа татварын өөрчлөлтүүдийг УИХ-аар хэлэлцүүлж байсан. Хадгаламжийн хүүгийн орлого, хүн амны орлогын шатлалт татварын тогтолцоо гэх зэрэг. Ер нь тэгээд энэ татварын нэмэгдлүүд хүн амын 95 хувьд нь нөлөөлөхгүй, харин чинээлэг 5 хувьд нь тодорхой хэмжээнд нөлөөлнө. Гэхдээ тэр хүмүүсийн амьжиргаа, бизнест хүндрэл учруулахгүй.

-Одоо ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл, тусламж орж ирэх нь. Өөрөөр хэлбэл, бас нэг төрлийн зээл авах нь. Зээл авч болно, зөв зарцуулж чадах уу гэх асуудал чухал байх.

-Гэхдээ 5.5 тэрбум ам.долларыг Монгол Улс шинээр авах гэж байгаа юм шиг яриад байгаа нь буруу. 2 орчим тэрбум ам.доллар нь Монголбанк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан своп хэлэлцээр. Свопын хугацааг сунгасан нь дээрх 5.5 тэрбум ам.долларт ороод явж байгаа. Тэгэхээр цаана нь 3,5 орчим тэрбум ам.долларын асуудал байна.

Авсан зээлийг үр ашигтай зарцуулах гэдэг маш чухал асуудал. Мөнгөө аваад, юунд зарцуулах бэлтгэл нь хангагдаагүй байвал өмнөх Чингис бонд шиг хүндрэлтэй байдал үүснэ. Тэгэхээр эхлээд төслүүдээ маш сайн боловсруулчихаад  дараа нь мөнгөө авах тухай ярих хэрэгтэй. Манайд олон улсын түвшинд, сайн боловсруулагдсан төсөл их цөөн байна.

-Ирэх гурван жилийн хугацаанд мөнгөний бодлогын хүрээнд гарах өөрчлөлт дээр ямар хүлээлттэй байна вэ? 

-Монголбанк 2012-2016 оны дунд үе хүртэл мөнгөний уламжлалт бус бодлого явуулсан. Өөрөөр хэлбэл, төсвийн шинжтэй бодлогыг хэрэгжүүлж, их хэмжээний мөнгө гаргаж, эдийн засгийн хүндрэлд оруулсан. Төгрөгийн ханш сүүлийн хэдэн жилд 80 орчим хувиар уналаа. Сүүлийн 20 жилийн түүхийг авч үзвэл ханш ингэж унаж байсан үе 1990-ээд онд л тохиож байсан. Бодлогын алдаа гарсан. Энэ алдааг Монголбанкны шинэ удирдлагууд 2016 оны наймдугаар сараас нэлээд засч, залруулж байна. Алдаагаа засч байж, цаашаа явна шүү дээ. Мэдээж эхний ээлжинд мөнгөний бодлогын хүүг нэлээд нэмэгдүүлсэн. Төгрөгийн үнэ цэнийг нэмэгдүүлж, ханшийг тогтворжуулсан.

Цаашдаа гадаад, дотоодын хөрөнгө оруулалт идэвхжиж, түүхий эдийн ханш өссөн хэвээр байвал Монголбанк хатуу бодлогоо зөөллөх байх. Түүнчлэн мөнгөний бодлого төсвийн бодлого хоёр нягт уялдаж байх ёстой. Төсөв дээр нэлээд танасан, хатуу бодлого хэрэгжүүлж эхэлж байгаа учраас мөнгөний бодлого дээр бодлогын хүүг бууруулах орон зай үүсэх болов уу. 

-Валютын сангийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр Монголбанк төсвийн шинжтэй үйл ажиллагаа санхүүжүүлэхгүй болсон. Үүний эхлэл болж, ипотекийн зээлийг Засгийн газарт 2018 оноос бүрэн шилжүүлэх гэж байна. Нөгөөтэйгүүр цаашдаа ипотекийн зээлийг үргэлжлүүлэх оновчтой схемийг Монголбанк, Засгийн газар хамтран судалж байгаа. Таны бодлоор ипотекийг үргэлжлүүлэх оновчтой тогтолцоо юу байж болох вэ. Монголбанкны оролцоо хэр түвшинд байх ёстой вэ?

-Иргэдийг орон сууцжуулна гэдэг нийгмийн чухал ач холбогдолтой учраас төр засгаас анхаарах ёстой. Гэхдээ Монголбанкны үндсэн чиг үүрэгт ийм асуудал байхгүй. Өөрөөр хэлбэл, энэ бол тодорхой нэг салбарыг дэмжих бодлого. Монголбанк мөнгөний бодлогоо хэрэгжүүлж, төгрөгийнхөө тогтвортой байдлыг л хангах үүрэгтэй. Тодорхой салбарыг дэмжих нь Засгийн газрын анхаарах ёстой асуудал. Энэ зах зээл дөнгөж эхэлж байгаа гэдэг утгаараа Монголбанк эхний үед нь дэмжиж, туслах зүйл байж болно.

Гэхдээ ийм урт хугацаагаар, их хэмжээний мөнгө нийлүүлэх замаар оролцож болохгүй. Богино хугацаанд их хэмжээний мөнгө нийлүүлсэн нь эдийн засгийн тэнцвэрийг алдагдуулахад нөлөөлсөн. Тэгэхээр энэ хөтөлбөрийг анх хэрэгжүүлж эхлэхээсээ өмнө л эдийн засагтаа яаж нөлөөлөх вэ гэдгийг нарийн судлах ёстой байсан. Энэ  нь Монголбанкны үндсэн үүрэгт хамаарахгүй  учраас Засгийн газарт шилжүүлэх нь зүйтэй. 

-Ярилцсанд баярлалаа.