Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Наадмаар Төв цэнгэлдэхэд хуушуурын 400, Хүй долоон худагт 210 зөвшөөрөл олгоно

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 6 сарын 16
iKon.MN

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газараас өнөөдөр баяр наадмын үеэр хүнсний үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл олгох асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун энэ талаар “Баяр наадмын үеэр Хүй долоон худагт хуушуурын 210, худалдааны 110, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 400, худалдааны 100 зөвшөөрлийг зориулагдсан цэгт олгоно. 

Худалдааны цэгээр хүнсний бүтээгдэхүүн, ус ундаа, айраг, зайрмаг, гэрэл зургийн үйлчилгээ үзүүлнэ. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл хүссэн материалыг 2017 оны зургаадугаар сарын 16-27-ны хооронд дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс хүлээн авна. 

Зургаадугаар сарын 28-29-ний хооронд шалгаруулалт явагдаж, зургаадугаар сарын 30-ны өдөр шалгарсан ААН, иргэдийг олон нийтэд мэдээлнэ” гэв.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Хуушуур буюу хоол хүнсний үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг зөвхөн ААН-д олгоно. 

Баяр наадмын үеэр хүй 7 худаг, төв цэнгэлдэх хүрээлэнд манай явуулын лаборатори байрлана” гэв.

Хүнс, худалдаа үйлчилгээ эрхлэх бүх газруудыг зориулалтын асар барихыг шаардаж байгаа ажээ. 

Баяр наадмын үеэр үйлчилгээ үзүүлэх иргэд, ААН-үүдэд дараах зүйлсийг хориглох юм байна. 

Үүнд: 

  • Гар дээрээс худалдаа эрхлэх,
  • Согтууруулах ундаа болон тамхи худалдах,
  • Түргэн муудах майонез, өндөг, хиам болон тэдгээрийг оролцуулсан бүтээгдэхүүн худалдах,
  • Халаасан болон нөөшилсөн хоолоор үйлчлэх,
  • Заасан байршлаас өөр газар хүнсний худалдаа явуулах,
  • Хог хаягдлаа ил задгай асгах, 
  • Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа, үйлчилгээ эрхлэхийг тус тус хориглоно.