Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

ШХАБ-ын шинэ түүх Астанагаас эхэллээ

С.Ган
2017 оны 6 сарын 12
Монголын мэдээ
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийн хүрээнийхээ хамгийн сүүлийн албан ёсны томилолтыг Бүгд найрамдах Казахстан улсын нийслэл Астана хотод хийлээ. Тодруулбал, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоод өчигдөр эх орондоо ирсэн юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 17 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчийн хувиар оролцлоо.

Монгол Улс нь Ази-Номхон далайн бүс нутагт өрнөж байгаа улс төр, эдийн засгийн үйл явцад идэвхтэй оролцох гадаад бодлогын зорилтын хүрээнд ШХАБ-ын бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд оролцох нэг чухал суваг гэж үзэн 2004 онд тус байгууллагад ажиглагчийн статустай болсон байдаг. Ажиглагчийн статустай болсон үеэсээ Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын уулзалтад тогтмол оролцохыг эрмэлзэж ирсэн билээ.

Төрийн тэргүүн энэхүү айлчлалын үеэр “Астана-Экспо-2017” олон улсын үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн арга хэмжээнд оролцлоо. Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь анх “Шанхайн тав” гэж 1994 онд байгуулагдсан бөгөөд хожим 2001 онд Узбекистан улс нэмэгдэж, ШХАБ гэж нэрлэж байжээ.

Тус байгууллагын хамгийн гол зорилго нь гишүүн улсуудыг нэгтгэж байгаа өргөн уудам орон зайд аюулгүй тогтвортой байдлыг бэхжүүлэх явдал бөгөөд алан хядах ажиллагаа, мансууруулах бодисын суваг болон хэт даврах, салан тусгаарлах үзэлтэй тэмцэх, эдийн засгийн хамтын ажиллагаа, эрчим хүчний түншлэл, шинжлэх ухаан, соёлын харилцан хамтын ажиллагааг хөгжүүлэх билээ. Түүнчлэн, үйл ажиллагаанд нь Афганистан, Беларусь, Энэтхэг, Иран, Монгол, Пакистан гэсэн ажиглагч зургаан орон, түүнчлэн Азербайжан, Армени, Камбож, Балба, Турк, Шри-ланка гэсэн яриа хэлэлцээний түнш орнууд оролцдог юм.

Ц.Элбэгдорж: ОХУ, БНХАУ- тай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл

Өнгөрөгч баасан гарагт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШХАБ- ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлэв. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе. Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж байгаа Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев танд болон танай Засгийн газарт гүн талархал илэрхийлье.

ШХАБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэн Энэтхэг, Пакистан Улсын төлөөлөгчдөд чин сэтгэлийн баяр хүргэе. ШХАБ гишүүнчлэлийн хувьд ийнхүү өргөжин тэлж байгаа нь түүний улс төр, эдийн засгийн нөөц боломж, олон улсын нэр хүндийг өсгөж, бүс нутгийн тулгамдсан асуудал, сорилтуудыг шийдвэрлэхэд шинэ эрч хүч өгнө гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс ШХАБ-д ажиглагчаар элссэнээс хойш тус байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын болон бусад уулзалт, арга хэмжээнд тогтмол идэвхтэй оролцож, хувь нэмрээ оруулахаар чармайж ирлээ.

Манай улс ШХАБ-ын өргөжин тэлэх үйл явц, хөгжил дэвшил, цаашдын төлөв байдлыг анхааралтай ажиглан харж байна. Гишүүн болон ажиглагч орнуудын хоорондын харилцааг зохицуулах эрх зүйн орчныг сайжруулж, хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулах нь чухал юм” гэв.

Мөн энэхүү уулзалтын үеэр Монгол Улсын ашиг сонирхол хаашаа чиглэж байгаа, гадаад бодлогын хувьд ямар бодлого баримталж буйгаа ч тодорхой илэрхийллээ. Ерөнхийлөгч “Монгол Улс гадаад бодлогын залгамж чанараа тууштай хадгалж, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан гадаад бодлогоо идэвхтэй хэрэгжүүлж ирлээ. ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. Монгол Улсын санаачилгаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын уулзалт болон гурван талын хамтын ажиллагааны бусад механизм бүрдэж, амжилттай ажиллаж байна.

Монголын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг Хятадын “Бүс ба зам” санаачилга болон ОХУ-ын Евроазийн эдийн засгийн холбоо, хамтын ажиллагааны механизмтай уялдуулан Монгол Улсын нутаг дэвсгэрээр эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт бид онцгой анхаарал тавьж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрийг дайруулан ОХУ, Европ болон БНХАУ, Азийг холбосон хамгийн дөт, хамгийн аюулгүй, хамгийн хялбар, хамгийн хямд дэд бүтцийг барьж байгуулах боломжтой. Эдгээр төсөл, хөтөлбөр хөрөнгө оруулагчдад томоохон орон зай нээх тул ШХАБ-ын үйл ажиллагаанд оролцогч улс орнуудыг идэвхтэй дэмжин оролцохыг уриалж байна.

Манай улс анхдагч эрчим хүчний нөөц ихтэй орны хувьд хөрш орнуудтайгаа эрчим хүчний дэд бүтцийн холбоог хөгжүүлж, харилцан ашигтай хамтран ажиллах бодлого баримталж байна. Манай орон нар, салхи, усны зэрэг сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцийг түшиглэн Ази, Номхон далайн бүс нутгийн эрчим хүчний системд нэгдэхэд чиглэсэн үр ашигтай, байгаль дэлхийд ээлтэй төслүүдийг хамтран хэрэгжүүлэхийг та бүхэнд уриалж байна” хэмээлээ.

Харин хамтын ажиллагааны хүрээнд илэрхийлсэн байр суурьтай “Бид ШХАБ-ын хүрээнд шимнжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, гамшигтай тэмцэх, ХАА зэрэг салбарт хамтран үйл ажиллагаа явуулахыг эрмэлзэж байна. Түүнчлэн соёл, урлаг, спортын олон улсын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нь ард түмнүүдийн харилцан ойлголцол, эв нэгдлийг бэхжүүлж, бүс нутгийн эдийн засгийн томоохон төсөл, санаачилгуудыг амжилттай хэрэгжүүлэх үндэс суурь болно гэж үзэж байгаа. ШХАБ үйл ажиллагааны хувьд ч өргөжиж, аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбар зэрэг олон талт хамтын ажиллагааг хамарсан байнгын ажиллагаатай олон улсын байгууллага болж өсөж өндийж буйд баяртай байна.

Манай улс ШХАБ-тай терроризм, хар тамхины хууль бус наймаатай тэмцэх чиглэлд хамтран ажиллахыг мөн сонирхож байна. Мансууруулах бодистой тэмцэх ШХАБ-ын стратегийг энэхүү хуралдаанаар хэлэлцэн баталсныг бид сайшаан дэмжиж байна. ШХАБ-ын үйл ажиллагаанд оролцогч улс орнуудын хувьд үйл ажиллагаагаа бэхжүүлж, харилцан уялдаа холбоогоо сайжруулах нь Монгол Улсын хөгжил дэвшилд чухал ач холбогдолтой төдийгүй, дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Анхаарал тавьсанд баярлалаа” хэмээн онцоллоо.

Астана таван сая зочин хүлээж авна гэв

Хамтын ажиллагааны уулзалтын дараа өнгөрөгч бямба гарагт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн арга хэмжээнд оролцлоо. Бүгд Найрамдах Казахстан Улс нь Олон улсын үзэсгэлэнгийн товчооноос “Дэлхийн Экспо” үзэсгэлэн зохион байгуулах эрхийг 2012 онд авсан бөгөөд тус улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев 2014 онд Монгол Улсыг тус үзэсгэлэнд оролцохыг урьжээ. Уг үзэсгэлэн “Ирээдүйн эрчим хүч” сэдвийн хүрээнд албан ёсоор энэ оны зургаадугаар сарын 10-наас есдүгээр сарын 10-ны хооронд болох юм байна. Экспод дэлхийн 100 гаруй улс орон, олон улсын 20 орчим байгууллагын төлөөлөл оролцож байгаа аж. Арга хэмжээний хүрээнд 20 гаруй сэдвээр бизнес форум, үндэсний өдөрлөг, урлаг соёлын арга хэмжээнүүд болох ажээ.

Ирэх гурван сарын хугацаанд нийт таван сая зочин хүлээн авахаар төлөвлөсөн байна. Үзэсгэлэнгийн бэлтгэл ажилд 1.5 тэрбум ам.доллар зарцуулжээ. Үзэсгэлэнгийн нийт талбай 303,000 кв.м бөгөөд Назарбаевийн нэрэмжит их сургуулийн ойролцоо, Астана хотын шинэ төвд байгуулагджээ. Энэхүү шинэ төвийг “Expo- 2017” олон улсын үзэсгэлэн өндөрлөсний дараагаар Казахстан улс “Шинжлэх ухаан, технологийн парк” болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Сонирхуулахад, 2012 онд энэхүү үзэсгэлэн нь Өмнөд Солонгос улсад, 2015 онд Итали улсад тус тус зохион байгуулагдаж байжээ.

Д.Баярхүү: Гурван талт уулзалт улстөржилтөөс бус мөчлөг дууссан учраас болсонгүй

Гадаад харилцааны салбарт олон жилийн турш ажиллаж буй гадаад бодлогын эксперт Д.Баярхүү ШХАБ-ын 17 дахь удаагийн дээд төвшний уулзалтын талаарх ажиглалт дүгнэлтээ сэтгүүлчидтэй хуваалцлаа. Тэрбээр, “Монгол Улс бол ШХАБ-ын анхны ажиглагч гишүүн. Ажиглагчийн статустай дөрвөн улс байдгийн нэг нь. Монгол Улсын хувьд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага бол хамтын ажиллагаа гэдэг утгаараа манай улсын хөгжил дэвшлийн гадаад таатай орчныг бүрдүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа “Эдийн засгийн коридор”-ыг байгуулахад ач холбогдолтой юм.

ШХАБ-ын хэлэлцэж буй цэрэг, улс төр, аюулгүй байдлын асуудал нь Монголын хувьд тулгамдсан асуудал биш юм. Түүнчлэн ШХАБ-ыг даргалж буй Казахстаны хувьд ч мөн адил хамтын ажиллагаа чухал гэж үздэг. Харин ОХУ-ын хувьд аюулгүй байдлын асуудал, шинээр гишүүн элсүүлэх асуудлыг илүүтэй хөнддөг байх жишээтэй. ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй Рашид Алимовын хэлснээр бол, ШХАБ-ыг өргөтгөх гэж яарахгүй байгаа, энэ бол ерөөсөө туйлын зорилго биш юм. ОХУ- ын хүсэж шахаж байгаагаар бол Иран улсыг тус байгууллагад гишүүнээр элсүүлэх асуудлыг авч хэлэлцэх, болж өгвөл өргөдлийг хүлээн авах нь чухалд тооцогддог.

Үүнийг бусад гишүүн орнууд бүгд санал нэгтэйгээр дэмжихгүй байгаа гэдгийг ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэллээ. Монголын хувьд гэхэд, хамтын ажиллагааны энэ байгууллагын ажиглагч болсноосоо хойш Төр, засгийн тэргүүн нарын төвшинд байнга оролцсоор ирсэн” хэмээлээ. Мөн энэ удаагийн уулзалтын үеэр ОХУ, БНХАУ, Монгол Улсын гурван талт уулзалт болно гэсэн хүлээлт байсан ч болоогүй юм. Энэ талаар судлаач Д.Баярхүү “Монгол, Орос, Хятад гэсэн гурван улсын удирдагчдын уулзалт бол механизм. Энэ механизм нь өөрөө мөчлөгтэй. Гурван уулзалт хийгээд нэг цикл /мөчлөг/ нь дуусч байгаа юм. 2014 онд Душанбе, 2015 онд Уфа, 2016 онд Ташкентад уулзалтууд болоод нэг мөчлөг өндөрлөсөн байна.

Энэ гурван уулзалтаар ярьсан хэлэлцсэн, гаргасан шийдвэр хангалттай олон бий. Хамгийн гол нь тэдгээрийг хэрэгжүүлэх ажил хоцорч үлдчихээд байна. Манай улс хөгжил, дэвшлийнхээ зорилтыг хангаад, өр ширнээсээ салаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх замд эрчтэй орох аваас энэ асуудлыг нухацтай шийдэх боломж бий болно. Ташкентын уулзалтын үеэр харилцан тохиролцсон 30 гаруй баримт бичиг байгаа. Гурван талт уулзалт болохгүй гэдэг нь улстөрөөс үүдэлтэй асуудал биш, энэ бол мөчлөг дуусч байгаатай холбоотой шийдвэр. Гурван удаа уулзлаа, одоо харин дөрөв дэх уулзалт нь шинэ мөчлөгөөр явах нь зүйтэй гэсэн утгаараа энэ удаад гурван улсын дээд хэмжээний уулзалт болохгүй юм” гэсэн тайлбар өглөө.

Хоёр улсаар эгнээгээ тэллээ

ШХАБ-ын 17 дахь дээд хэмжээний уулзалтыг удирдсан Казахсан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Астанагийн саммитээс шинэ түүх эхэлж буйг уулзалтын үеэр мэдэгджээ. Тэрбээр “Астанагийн саммитээс манай байгууллагын шинэ түүх эхэллээ. Зургаан талд томьёоллоор хуралдаан сүүлийн удаа болж байна. Өнөөдөр бид Энэтхэг, Лалын бүгд найрамдах Пакистан улсыг хүлээн авах процетурыг дуусгаж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын статус олгох шийдвэрт гарын үсэг зурахаар тохиролцлоо” хэмээжээ. Шинэ гишүүдийг хүлээн авах нь тус байгууллагыг хөгжүүлэхэд хүчтэй түлхэц болох төдийгүй олон улс дахь нэр хүндийг дээшлүүлэхэд дэмжлэг болох ажээ.

Мөн тэрбээр дээд хэмжээний уулзалтад оролцогчид олон улсын терроризмын эсрэг хамтран тэмцэх, хэт даврах үзлийг сөрөн зогсох конвенцэд гарын үсэг зурахаа төлөвлөж байгаа гэж онцолжээ. Тэгвэл Энэтхэгийн Ерөнхий сайд энэхүү үйл явдалтай холбогдуулан Астана хотноо БНХАУ-ын тэргүүн Си Зиньпинтэй уулзах үедээ ШХАБ-д тус улсыг элсэхэд дэмжлэг үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр өөрийн твиттер хуудастаа “БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзлаа. Бид Хятад- Энэтхэг хоёр улсын талаар ярилцаж, цаашид харилцаагаа шинэ шатанд гаргах талаар ярилцсан” гэжээ.

11 баримт бичигт гарын үсэг зурлаа

Энэ удаагийн уулзалтаар 11 баримт бичигт гарын үсэг зуржээ. Эдгээрээс терроризмын эсрэг ШХАБ-ын хэлэлцээр Астанагийн тунхаглалыг хэвлэлүүд онцолж байсан юм. Астанагийн тунхаглалыг энэ сарын 9-нд баталж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын нэгдсэн хандлагыг тусгасан юм. Тодруулбал, терроризм, хэт даврах үзэлд цохилт өгөх нь ШХАБ-ын аюулгүйн салбар дахь чухал чиглэл болохыг тусгажээ.

Түүнчлэн, ШХАБ-ын гишүүн орнуудын ард түмний амьжиргааг сайжруулах нь тус байгууллагын нэн тэргүүний зорилт болохыг тунхаг бичигт заасан байна. Мөн бүс нутгийн соёл, боловсрол, экологийг хамгаалах, шинжлэх ухаан, техник, спорт зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэн байгалийн гамшгийг зохицуулах талаар хамтын ажиллагааг тунхагт багтаажээ.

Зураг