Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

SoftBank групп дэлхийд хамгийн том хөрөнгийн сан байгууллаа

Б.Ану
2017 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Японы “SoftBank” групп, Саудын Арабын үндэсний баялгийн сан хамтран дэлхийд хамгийн том хөрөнгийн сан байгуулж хиймэл оюун ухаан, робот зэрэг технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх зорилгоор 93 тэрбум доллар босгосон тухайгаа энэ сарын 3-нд мэдэгдээд байгаа юм.

“Мэдээллийн хувьсгалын дараагийн үе ирж байна, үүнийг дэмжиж хөгжүүлэх бизнесүүдэд өмнөхөөс ч илүү их хэмжээний, урт хугацааны хөрөнгө оруулалт шаардлагатай” гэж «Softbank Vision» сангийн төлөөлөгч онцолжээ. 

Харилцаа холбоо, технологийн хөрөнгө оруулалтын “SoftBank” группын тэргүүн Японы тэрбумтан Масаёши Сон тус сангийн төлөвлөгөөг өнгөрсөн онд танилцуулсанаас хойш дэлхийн хамгийн чинээлэг хэд хэдэн хөрөнгө оруулагч уг санд санхүүжилт хийжээ.

“SoftBank” болон Саудын Арабын Төрийн хөрөнгө оруулалтын сангаас (PIF) гадна Абу Даби хотын Мубадала хөрөнгө оруулалтын сан 15 тэрбум долларын санхүүжилт оруулсан бөгөөд “Apple Inc”, “Qualcomm”, Тайваны “Foxconn Technology”, Японы “Sharp Corp” зэрэг компани тус сангийн шинэ хөрөнгө оруулагчид болсон байна.

Газрын тосны үнэ буурсан нь Саудын Арабын эдийн засагт нэлээд хохирол учруулсан тул тус орны бодлого боловсруулагчид шинэ шинэ салбарыг өргөтгөн хөгжүүлэхийг зорьж байна.

Тухайлбал, Саудын Арабын Төрийн хөрөнгө оруулалтын сан өнгөрсөн жил АНУ-ын такси үйлчилгээний “Uber” компанид 3.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийснээр технологийн салбарыг сонирхож буйгаа илэрхийлсэн. Тэгвэл энэ удаад тус сан шинээр байгуулагдсан санд чухам хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийхээ Бямба гарагийн мэдэгдэлд дурдаагүй боловч таван жилийн хугацаанд 45 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх талаар өмнө мэдэгдэж байжээ. Харин “SoftBank” групп 28 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгээд байна.

Шинээр байгуулагдсан тус сан төр, хувийн хэвшлийн хөгжиж буй бизнесээс эхлээд олон тэрбум долларын хөрөнгөтэй компаниудын сонирхлыг татахыг зорино хэмээн мэдэгдэлдээ дурджээ. Түүнчлэн 100 сая доллар болон түүнээс их хэмжээний, урт хугацааны хөрөнгө оруулалт хийх боломж бүрдүүлэхийг тооцоолж байгаа ажээ. 

Мөн хөдөлгөөнт тооцоолол, харилцаа холбооны дэд бүтэц, тооцооллын биологи, цахим бизнес, санхүүгийн технологи зэрэг салбарт хөрөнгө оруулах боломжтой аж. 

Тэгвэл энэ сарын 19-нд зохион байгуулагдах Монголын Бизнесийн Зөвлөлийн хоёр дахь Чуулга уулзалтад Японы SoftBank группын төлөөлөгч, SoftBank Energy Corp-ийн Захирал, Тэргүүн дэд ерөнхийлөгч Шигэки Мива Монголд илтгэл тавих гэж байна.

Монголын Бизнесийн Зөвлөлийн хоёр дахь Чуулга уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.