Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын шалгалтыг будлиангүй авахын тулд Этиоп улс интернэтээс бүрэн салгагджээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Дорнод Африкийн Этиоп улс дунд сургууль төгсөгчдийн шалгалтыг будлиангүй авахын тулд улс даяараа хэсэг хугацаанд интернэтгүй байхаар шийджээ. Ноднин жил анх удаа ийм арга хэмжээ авч байсан юм.

Шалгалт нь тавдугаар сарын 31-нд эхэлж байгаа бөгөөд зургаадугаар сарын 8-нд дуусч байгаа юм байна.

Этиоп улс 102 сая орчим хүн амтай. Шалгалтанд орж байгаа иргэдийн тоо нь нэг сая хүрэхгүй гэж үзвэл хүн амын 99 хувь нь нэг хувийнхаа шалгалтыг дуустал ямар ч интернэтгүй өдрүүдийг өнгөрөөж байна.

Энэ хугацаанд Этиопийн бүх иргэн, гадаадын жуулчид хүртэл гар утас, компьютер, ер нь ямар ч аргаар интернэтэд холбогдох боломжгүй байх юм.

Зөвхөн шалгалтын үеэр биш 2016 онд болсон улс төрийн тэмцлийн үеэр эрх баригчид орон даяар интернэтийг хааж байжээ.

Интернэтийг хаах нь хуулах, шалгалтын материал задруулахаас сэргийлээд зогсохгүй сурагчдын шалгалтын бэлтгэл, анхаарал төвлөрөлд сайнаар нөлөөлнө гэж засгийн газрын төлөөлөгч ярьсан байна.

 

Эх сурвалж: Reuters