Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Зонта Олон улсын байгууллагын бүсийн хурал Улаанбаатар хотноо анх удаа боллоо

Б.Ану
2017 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг

АНУ-д 1919 онд эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор бизнес эрхэлж буй төрөл бүрийн мэргэжлийн элит эмэгтэйчүүд санал нэгдэн байгуулсан Олон улсын “Зонта” клуб дэлхийн 67 оронд 1,200 гаруй клубтэй, 33,000 гаруй гишүүнтэй, эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм, эдийн засагт эзлэх байр суурь, боловсрол, эрүүл мэнд, мэргэжлийн түвшинг дээшлүүлэх чиглэлээр дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. 

Зонта олон улсын байгууллага нь шинэ мянган гарснаас хойш гэхэд л 37 улс оронд 2 сая эмэгтэйчүүдийг хамарсан эмэгтэйчүүдийн боловсрол, ахуй амьдрал, хөдөө аж ахуйн болон жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр олон арван төсөл хэрэгжүүлж, бизнесийн чиглэлээр мэргэжил эзэмшүүлэх, мастерын зэрэг олгох сургалтын 7,000 ам.доллар хүртэлх тэтгэлэгийг 12 хөтөлбөрийг, 32 бүс нутагт 1,000 ам.долларын тэтгэлэгийг жил бүр, докторын зэрэг олгох сургалтын  9.7 сая ам.долларыг 71 орны 1,114 эмэгтэйд олгосон байна. 

Зонта олон улсын байгууллага залуу эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, манлайллыг нэмэгдүүлэх чиглэлээр 54 орны 692 эмэгтэйд 765 мянган ам.долларын тэтгэлэг олгож, сурагч оюутнуудыг ирээдүйд бэлтгэх зорилгоор Зэт клуб болон Алтан Зэт клубыг зохион байгуулж, төрөл бүрийн хөтөлбөрүүдэд хамруулж байна. 

Эмэгтэйчүүдийн хүчирхийлийн эсрэг аянд дуу хоолойгоо нийлүүлж, энэ чиглэлээр нийгэмд өөрчлөлт авчрах, ийм үйлдлээс урьдчилан сэргийлэх, өмгөөлөн хамгаалах чиглэлээр 1999 оноос хойш 42 улс оронд 5.5 сая ам.долларын өртөг бүхий төслийг хэрэгжүүлээд байна. 

Монголын эмэгтэйчүүд 2004 оноос эхлэн Зонтачуудын эгнээнд элсэж, дэлхий нийтийн эмэгтэйчүүд, охидын төлөөх хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрээ оруулж, Зонта олон улсын байгуулагын санд 67.1 сая төгрөг, 31.0 мянган долларын татвар, хандив төвлөрүүлж, 56 сая төгрөг, 30 мянган ам.долларын төсөл, хөтөлбөрийг Монголдоо хэрэгжүүллээ. 

Олон арван эмэгтэйчүүд, охидын амьдралын чанарыг сайжруулах, амьдрах ухаанд суралцахад нь дэмжлэг үзүүлэн ажилладагаас гадна захын хорооллын цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд болон өсвөр насны охид, оюутнуудад эрүүл ахуйн, хотын соёлд суралцах, зөв төлөвшүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах зэргээр ажиллаж байна. 

Улаанбаатар Зонта клуб 2015 оноос Зонта олон улсын байгууллагын 31 дүгээр дүүрэгт нэгдсэн бөгөөд 3-р хэсгийнхээ  анхны хурлыг 2017 оны 5 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж, Тайвань улсаас 40 гаруй төлөөлөгчид ирж оролцлоо. 

Хурлын үйл ажиллагааны хүрээнд УБ Зонта клубын гишүүд Тайваны Зонтачуудтай хамтран Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг болох Налайхын 109 дүгээр бага сургуулийн 60 гаруй хүүхдэд шүдний үзлэг хийлгэж, шүдээ хэрхэн эрүүл байлгаж хамгаалах талаарх эрүүл ахуйн сургалтыг, Эрдмийн Оргил цогцолбор сургуулийн 150 гаруй хүүхдэд хүйсийн тэгш эрх болон хүчирхийллийн тухай сургалтыг “Хүчирхийллийн эсрэг төв” ТББ-тай хамтран тус тус  зохион байгууллаа.

Улаанбаатар Зонта клуб нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн дотуур байранд амьдардаг 25 сурагч охидуудыг сургагчаар бэлтгэх төслийг Хөөрхөн зүрхнүүд” ТББ-тай хамтран хэрэгжүүлсэн бөгөөд Тайваны Зонтачууд тус сургууль дээр зочилж, сургагчаар бэлтгэгдсэн охидуудтай уулзаж, 29 дүгээр тусгай сургуультай танилцаж, тус сургуулийн сурагчдын гар урлалын үзэсгэлэнг таашаан сонирхов. Энэ үеэр сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцах чавдар, орчин, нөхцлийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр Зонта олон улсын байгууллагын 31 дүгээр дүүргийн Зонтачууд хамтран ажиллах талаар тус сургуулийн захиргаатай харилцан санал бодлоо солилцлоо.