Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Гелиэр хийлсэн бөмбөлөг гал авалцаж, хүүхдийн нүүр ам түлэх эрсдэлтэй байдаг"

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 5 сарын 26
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Манай улсад орж ирж байгаа хүүхдийн тоглоомуудын 60-70 орчим хувь нь БНХАУ-аас орж ирдэг байна. Хүүхдийн тоглоомонд хийсэн хяналт шалгалтаар БНХАУ-аас ганзагын наймаагаар орж ирсэн тоглоомуудад эрүүл ахуй, аюулгүй байдлын зөрчил гардаг аж. 

Энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын улсын байцаагч Ц.Батцэнгэл “Эцэг, эхчүүддээ зөвлөхөд хүүхдэдээ тоглоом худалдаж авахдаа хаяг шошгыг анхаарч байх хэрэгтэй.

Үүнээс гадна ганзагаар орж ирсэн хүүхдийн хараанд гэмтэл учруулж болзошгүй сумтай буу зэрэг харвадаг төрлийн тоглоомыг хүүхдүүддээ авч өгөхгүй байхыг анхааруулж байна.
Мөн гелиэр хийлсэн бөмбөлгүүд байдаг. Энэ бөмбөлгийг халуунд байлгаснаас гал авалцаж, хүүхдийн нүүр ам түлэгдэх эрсдэлтэй байдаг учраас эцэг эхчүүдийг хүүхдүүддээ авч өгөхгүй байхыг анхааруулъя.

Ийм тоглоомууд нь хилийн боомтуудаар албан ёсны зөвшөөрөлтэй орж ирэхгүй байгаа. Ганзагаар орж ирж байгаа учраас ил задгай худалдаалагдаж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн сүүлийн хоёр жилийн тандалт судалгаанаас харахад зарим тоглоомын хүнд металын агууламж нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тохиолдлууд бий.

Энэ нь БНХАУ-д үйлдвэрлэсэн, үйлдвэр нь тодорхойгүй, чанарын шаардлага хангаагүй, дүгнэлтгүй худалдаалагдаж байсан" гэв. 

Хүүхдийн тоглоомын хаяг шошгонд,

  • Тухайн тоглоомыг үйлдвэрлэсэн газрын нэр,
  • Хийгдсэн материал,
  • Угааж цэвэрлэх заавар,
  • Хэдэн насны хүүхэд тоглох боломжтой талаар санамжууд тавигдсан байх ёстой ажээ.