Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Бөмбөгөр худалдааны төвөөс Модны хоёр хүртэл Гандангийн аялал жуулчлалын бүс болно

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Гандантэгчэнлэн хийдийн хувьд Улаанбаатар хотын төв хэсэг байрладаг бөгөөд ард иргэдийн шашин соёл оюун ухааны төв болсон бүс юм. Иймээс Гандантэгчэнлэн хийд орчмын бүсэд аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний цогц жишиг бүхий гудамжийг бүтээн байгуулах аж.

"Гандан Хүрээ гудамж" төсөл нь:
  • уламжлалт түүхэн дүр төрх, ав уламжлалыг хадгалсан 1.9 га талбай бүхий 4 давхар 1,500-1,700 м.кв үйлчилгээ орон сууцны барилга,
  • дурсгал шашны эртны эдлэлийн дэлгүүр,
  • лааны тосон музей,
  • хүрээ соёлыг харуулсан уламжлалт монгол хоолны газар зэрэг инженерийн дэд бүтэцтэй нам болон дунд давхрын аялал жуулчлалын загвар хорооллыг хуучны уламжлалт хэв маягийг шинэ орчин үеийн хэв шинжтэй хослуулан хэрэгжүүлэхээр болжээ.
 
Гандантэгчэнлэн хийдийн аялал жуулчлалын бүс 2018-2019 онд бүрэн ашиглалтад орно

Энэ талаар Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар "Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар жилдээ 400 мянга гаруй жуулчид ирдэг  гэсэн судалгаа гарсан. Эдгээр жуулчдын маань хамгийн их очих дуртай газрын нэг нь Гандантэгчэнлэн хийд юм. Бид энэ хүү судалгаанд үндэслээд аялал жуулчлалын гудамжийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Тус аялал жуулчлалын бүс нь газар зүйн хувьд Бөмбөгөр худалдааны төвөөс Модны хоёр хүртэл үргэлжлэх бөгөөд 2018-2019 онд бүрэн ашиглалтад орно. Ийнхүү аялал жуулчлалын бүстэй болсноор иргэдэд тодорхой хэмжээний орлого олох боломж бүрдэнэ.

Газар чөлөөлөхтэй холбоотойгоор асуудлууд гарах ч жишиг гудамж нь өөрөө иргэдэд итгэл болох юм. Гандангийн газар чөлөөлсөн иргэдэд Нийслэлийн зүгээс түр оршин суух байрыг гаргаж өгөөд явж байна. 68 айл тус төсөлд хамрагдаж байгаа бөгөөд эхний ээлжинд 25 айл түр оршин суух байрандаа нүүж орсон. 

Төсөл хэрэгжиж дууссаны дараа иргэд маань тухайн газарт нь баригдсан байранд  орно гэсэн үг юм" гэв.

Тус төсөл хэрэгжсэнээр бүс нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх улмаар аялал жуулчлалын хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулна хэмээн өчигдөр болсон "Гандан Хүрээ гудамж" төслийг танилцуулах арга хэмжээний үеэр албаны хүмүүс хэлж байлаа. 
 

ВИДЕО: "Гандан Хүрээ гудамж" төслийг танилцуулах арга хэмжээ

 


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс