Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Манчестерийн халдлагын дараа Ариана Гранде тоглолтуудаа цуцаллаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Даваа гарагт Английн Манчестер хотын Манчестер Арена төвд болсон АНУ-ын поп дуучин Ариана Грандегийн тоглолтын дараа амиа золиослогч бөмбөг дэлбэлж, 22 хүний амь үрэгдэн 64 хүн шархдсан билээ.

Манчестер Арена төв нь 21,000 хүний суудалтай, Европт хамгийн том битүү цэнгэлдэх хүрээлэн юм.

Тэгвэл энэ явдлын дараа Европ даяар “Dangerous Woman” нэртэй аялан тоглолт хийхээр төлөвлөөд байсан Ариана Гранде зургаадугаар сарын 7 хүртлэх бүх тоглолтоо цуцалснаа зарлажээ.

Ингэх болсон шалтгаанаа 23 настай дуучин бүсгүй “амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх үүднээс” гэж тайлбарласан байна. Тэрээр энэ Пүрэв, Баасан гарагуудад Лондонд, дараа нь Бельги, Польш, Герман, Швейцарьт концерт төлөвлөөд байсан нь ийнхүү бүгд цуцлагджээ.

Дуучин Мягмар гарагт АНУ-ын Флорида дахь гэртээ хувийн онгоцоор буцсан юм. Түүний дараагийн тоглолт зургаадугаар сарын 7-нд Парист болж магадгүй гэнэ.

Одоогоор халдлага үйлдсэн этгээдийг Ливиэс Британид ирж, их сургуульд суралцаж байгаад дундаас нь гарсан 22 настай Салман Абедиг гэж сэжиглэж байгаа.

Халдлагын дараа Британи даяар терроризмийн аюулын түвшнийг “ноцтой” буюу хамгийн дээд түвшинд хүрснийг зарлаж, зэвсэгт хүчнийг гол хотуудын хамгаалалтад гаргаад байгаа юм. Тавдугаар сарын 31-нд Лондонд нээлтээ хийх “Wonder Woman” киног Уорнер Брос компани цуцалсан байна. Тус кино компани үүсээд байгаа нөхцөл байдалд “улаан хивсний ёслол” хийх нь зохимжгүй гэж үзжээ.

 

Эх сурвалж: BBC