Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Өсөлтийг дэмжих тогтолцоог бүрдүүлнэ

Б.Баяртогтох, Үндэсний шуудан
2017 оны 5 сарын 24
Засгийн газрын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Гангэрэлтэй ярилцлаа. "Банкуудын чанаргүй зээлийг шийдвэрлэхэд хууль, эрх зүйн орчин чухал" хэмээн тэрбээр тодотгов.

-Банкны салбарын зээлийн чанар муудаж байна. Нийт чанаргүй зээлийн хэмжээ одоо хэдэн хувьтай байгаа вэ?

-Банкны салбарын “эрүүл мэнд”-ийг илтгэх тодорхой хэдэн үзүүлэлт байдаг. Үүний нэг нь чанаргүй зээлийн түвшин. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар банкуудын чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.6 хувийг эзэлж байна. Мөнгөн дүнгээр нэг их наяд орчим төгрөгийн зээл чанаргүй гэсэн ангилалд шилжсэн. Иймд активын удирдлагын тогтолцоог цаг алдалгүй бүрдүүлэх шаардлагатай болж байна. Энэхүү тогтолцоог бий болгоход юуны өмнө эрх зүйн орчин чухал. Тиймээс активын удирдлагын компанийн тухай хуулийн төсөл дээр ажиллаж байна. Хуулийн төсөл эхний байдлаар бэлэн болсон. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн дагуу дөрвөн үе шатаар дамжиж УИХ-д танилцуулахаар хүлээгдэж байгаа.

Эрх зүйн орчин бүрдсэнээр санхүүгийн салбарт тулгарч буй сорилтоос эдийн засгаа хамгаалах нөхцөл бүрдэх юм.

-Банкуудын зээл олголт хумигдахад чанаргүй зээл их, бага хэмжээгээр нөлөөлж эхэллээ. Цаг хугацаа алдах тусам нөхцөл байдал улам хүндрэх эрсдэлтэй. Тиймээс активын удирдлагын компанийг яаралтай байгуулах, үйл ажиллагааг нь эхлүүлэх хэрэгцээ, шаардлага үүссэн гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Банкны салбар санхүүгийн зах зээлийн 95 хувийг эзэлж байгаа энэ үед чанаргүй зээлд анхаарал хандуулахаас өөр аргагүй. Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдал банкны салбараас үлэмж хамааралтай. Энэ утгаараа чанаргүй зээлийн өсөлт нь санхүүгийн зах зээлд дохиолж буй бодит эрсдэл юм. Олон улсын жишгээр чанаргүй зээлийн түвшин таван хувиас өндөр байгаа тохиолдолд яаралтай анхаарах шаардлагатай төдийгүй арга хэмжээ авах ёстой гэж үздэг. Гэтэл манай улсад чанаргүй зээлийн түвшин 8.6 хувьтай болчихлоо.

Чанаргүй зээлийн түвшин он гарснаас хойш буурахгүй, эсрэгээрээ нэмэгдэж байна. Чанаргүй зээлийг шийдвэрлэсэн гарцуудын нэг нь активын удирдлагын компани. Дэлхий нийтийн туршлагаас харахад Азийн орнуудад энэ тогтолцоо хамгийн амжилттай хэрэгжсэн байдаг. Чанаргүй зээлийн үзүүлэлт нь зөвхөн банкны салбарт хамаатай бэрхшээл биш юм. Активын удирдлагын компани нь эдийн засгаа сэргээх, улмаар өсөлтийн урьдач нөхцөлийг хангахын тулд санхүүгийн зах зээл эрүүл байлгах, тогтвортой байдлаа бэхжүүлэхэд тустай.

-Активын удирдлагын компани үйл ажиллагаа явуулж эхэлснээр эдийн засагт ямар эерэг нөлөө үзүүлэх вэ?

-Чанаргүй активыг түргэн шуурхай шийдвэрлэснээр банкны эрсдэл даах болон зээлжих чадвар эрс дээшилнэ, өрсөлдөх чадвар нь нэмэгдэнэ. Ингэснээр эдийн засагт тулгараад байгаа хүндрэлийг богино хугацаанд даван туулахад чухал алхам болох юм. Хумигдаад байгаа банкуудын зээл олголт сэргэж эхэлнэ. Зээл шаардлагатай байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа жигдэрч, хэвийн үргэлжлэх боломж, бололцоо бүрдэнэ.

Тодруулбал, эдийн засгийн идэвхжил сэргэж, ажлын байр шинээр бий болох, улмаар өрхийн орлого тодорхой хэмжээнд нэмэгдэхэд эерэг нөлөө үзүүлэх юм. Банкны зээлийн зах зээл агшиж байгаа энэ үед активын удирдлагын компанийн ач холбогдол өндөр.

-Банкуудад ямар давуу тал үүсэх вэ?

-Банкууд муу зээлээ шийдвэрлэхийн тулд тусгай активын нэгж байгуулж, зээлээ өөрсдөө хөөцөлдөж эхэлдэг. Энэ нь төдийлэн үр дүнтэй байж чаддаггүй. Маш их зардал, чирэгдэл гарч байдаг. Банк болгон дэргэдээ ийм нэгж байгуулаад ирэхээр энэ хэрээр зардал нь системийн хэмжээнд томордог. Банкны салбарт нэгэнт ийм их дүнтэй муу зээл төвлөрчихсөн байгаа одоогийн нөхцөлд төв банкнаас шийдвэрлэх арга хэмжээ авч, чанаргүй болчихсон зээлийг нь нэгдсэн байдлаар хямд үнээр банкуудаас худалдаж авах, улмаар зээлийг эргэн төлүүлэхэд хөрөнгийн удирдлагын компани төвлөрч ажиллана гэсэн үг. Активын удирдлагын компанийн үйл ажиллагаа эхэлснээр арилжааны банкууд мөнгөтэй болно. Зээл олгох боломж нь нэмэгдэнэ.

Одоо бол чанаргүй зээлийн түвшин нэмэгдэх тусам зээл очих шаардлагатай аж ахуйн нэгж хөрөнгийн хомсдолд орж, банкны зээлд хамрагдаж чадахгүй болж байна. Үүнээс шалтгаалж эдийн засагт сөрөг нөлөө их гарах болсон. Энэ нөлөөг арилгахад активын удирдлагын компанийн үүрэг оролцоо, үйл ажиллагаа чухал байгаа. Компани үйл ажиллагаагаа явуулахад үндсэн гурван арга хэмжээг эхний жинд авах хэрэгтэй.

-Ямар арга хэмжээнүүд билээ?

-Активын удирдлагын компанид хууль, эрх зүйн давуу тал олгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаан дээр онцгой эрх олгохоос компанийн амжилттай ажиллах, эсэх нь шалтгаална.

Дэлхийн улс орнуудын туулсан замнал, туршлага ч ийм байна. Түүнээс гадна татвар, хураамжаас активын удирдлагын компанийг чөлөөлж, улс төрийн нөлөөллөөс ангид үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж өгөх ёстой. Бие даасан үйл ажиллагаа явуулах эрхийг компанийн сайн засаглалаар дамжуулж олгох нь оновчтой. Тухайн компани амжилттай ажиллахад эдгээр гурван хүчин зүйл нэн тэргүүнд шаардлагатай.

"Активын удирдлагын компани байгуулах төслийг АХБ-тай хамтран хэрэгжүүлж байна"

-Хамгийн амжилттай хэрэгжсэн компанийн жишээ аль улсынх байдаг вэ?

-Өмнөд Солонгосын активын удирдлагын KAMCO хэмээх компани байна. Дээрх компанид өмнө дурдсан онцгой гурван эрхийг олгож, улс төрийн нөлөөнөөс ангид байлгаж чадсан нь амжилттай ажиллахад хүргэсэн гэдэг. Тус компани Азийн санхүүгийн хямралын үед Өмнөд Солонгосын санхүүгийн тогтвортой байдлыг хангахад голлох үүрэг гүйцэтгэсэн байдаг.

-Манай улсад шинээр байгуулах компани байнгын үйл ажиллагаатай байх уу, эсвэл тодорхой хугацааны дараа татан буугдах уу?

-Дэлхийд хоёр төрлөөр байгуулагдсан байдаг. Эхнийх нь тодорхой хугацаатай бол хоёр дахь нь тогтмол үйл ажиллагаатай байж ирсэн. Өмнөд Солонгосынх гэхэд байнгын үйл ажиллагаатай. Бусад орны жишээн дээр авч үзвэл тодорхой хугацаатай нь голлож байна. Манай улс активын удирдлагын компани байгуулах төслийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байна.

Компанийн хуулийн төсөл эхний байдлаар бэлэн болсон. Хуулийн анхны хувилбараар компанийн үйл ажиллагааг тогтмол бус 10 жилийн хугацаатай явуулахаар тооцоолсон. Засаглалыг нь улс төрөөс харьцангуй ангид байлгахаар зорьж байгаа.

Энэ бол компанийн үндсэн зарчмуудын нэг. Шүүхийн үйл явцыг илүү шуурхай, онцгой эрхтэйгээр явуулахаар тусгайлан бүлэг оруулж өгсөн. Компани аль болох богино хугацаанд банкны салбарын чанаргүй зээлийг шийдвэрлэхэд илүү дөхөм байлгахаар зорьж байгаа. Хууль эрх зүйн орчин бий болж байж энэ компани үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэнэ. Одоогийн эрх зүйн орчинд бол амжилт олох боломжгүй. Дээр дурдсан гурван эрхийг олгох нь чухал болохыг нэмж хэлье.

Зураг