Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос пуужин харвасан тохиолдолд Трампад 10 минутын бодох хугацаа бий

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын дэглэм АНУ-ын эх газарт цөмийн цохилт өгөх үед ерөнхийлөгч Дональд Трамп ямар хугацаанд хариу цохилт өгч чадахыг мэргэжилтнүүд тооцоолжээ.

“Union of Concerned Scientists” байгууллагын Global Security Program хөтөлбөрийн захирал, ахлах судлаач Дэвид Райтын тооцоолсноор “пуужинг харвасныг мэдэх, ямар төрлийнх болохыг тодорхойлох зэрэг үйлдлүүдэд багагүй хугацаа зарцуулах тул ерөнхийлөгчид 10 минутын дотор шийдвэр гаргах хугацаа үлдэж байгаа” гэсэн байна.

Өөрөөр хэлбэл Дональд Трамп 10 минутын дотор хариу цохилт өгөх, өөр ямар нэг хариу арга хэмжээ авах шийдвэр гаргах боломжтой гэнэ. Хариу цохилт өгөх шийдвэр гарсны дараа газраас тив хоорондын баллистик пуужин харвахад 5 минут, шумбагч онгоцноос харвахад 15 минутын бэлтгэл хугацаа мөн шаардана гэжээ.

Гэхдээ мэргэжилтнүүд Хойд Солонгос Америкийн эрэг хүрэх чадалтай пуужин бүтээж чадаагүй байгаа гэж үзсээр байгаа юм. Үүнээс гадна пуужин нь хүнд цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай эсэх нь ч эргэлзээтэй байна.

Германы ST Analytics компанийн пуужингийн шинжээч Маркус Шиллер мөн Райттай ижил тооцоолол хийжээ. Тэдний нэгдсэн дүгнэлтээр Хойд Солонгосын пуужин АНУ-ын баруун эргийн Сиэтл, Лос Анжелес зэрэг хотуудад 30 минутын дотор хүрэх гэнэ. Харин зүүн эргийн Нью Йорк, Вашингтон хотуудад хүрэхэд 40 минут шаардлагатай гэжээ.

Хүрэх хугацааг богиносгох арга нь шумбагч онгоцноос пуужинг харвах юм. Гэхдээ Хойд Солонгос өнгөрсөн онд анх удаа шумбагч онгоцноос пуужин харвах туршилт хийсэн бөгөөд дайнд ашиглахын тулд хэдэн жилийн хугацаа шаардлагатай гэнэ.

Харин Өмнөд Солонгосын Сөүл хотын иргэд хойд хөрш нь довтолсон тохиолдолд ердөө 6 минутын дотор хоргодох байранд орох ёстой болж байна. Токиогийн хувьд энэ хугацаа 10-11 минут болж байгаа аж.

Ийм богино хугацаанд Пёньян хариу цохилт амсахгүйгээр Сөүлийг газрын хөрстэй тэгшилж амжихгүйг мэргэжилтнүүд баталж байна. Гэхдээ энэ хооронд Сөүл хот багагүй хохирол амсах гэнэ.

Өмнөд Солонгос болон Японы хувьд нэгэн зэрэг олон пуужингийн цохилт амсах боломжтой нь санаа зовоож байгаа юм. Хойд Солонгос дундын тусгалын олон пуужинтай, өнгөрсөн гуравдугаар сард зэрэг харваж туршиж байв.

 

Эх сурвалж: Independent