Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

НОМЫН ТУХАЙ: “Хунтайж”

МОНСУДАР
2017 оны 5 сарын 22
Монсудар
Зураг зураг

1513 онд Никколо Макиавеллийн (1469-1527) бичсэн “De Principatibus”  бүтээлийг Монгол хэлнээ “Хунтайж” хэмээн орчуулан нийтийн хүртээл болгосонд хувь хүний зүгээс би ихээхэн сэтгэл хангалуун байна. Учир нь энэхүү бүтээл улс төр судлалын шинжлэх ухааны салбарт төр хэмээх судлагдахууны легитим чанар, төрийг шашны үзэл баримтлалаас салгаж ойлгоход чухал үүрэг гүйцэтгэснээс гадна 1992 оны үндсэн хуулийн  9 дүгээр зүйлийн нэгдүгээр заалтын суурь үзэл санаа болох “Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэсэн утгыг энэ хүний бүтээлээс салгаж ойлгох боломжгүй юм. Үүнийг ч 1911 оны Богд Хаант Монгол Улсын түүх тодорхой батлан харуулдаг. 

Дэлхийн түүхэнд, тэр дундаа улс төрийн философийн хүрээнд Томас Аквински (Thomas von Aquin 1225-1274) “Хүн төрөлхтөн төрөлхийн хуульд нийцэж амьдрах, төр ч төрөлхийн хуульд нийцэж зохион байгуулагдах ёстой, харин төрөлхийн хууль нь бурханы мөнхийн хуульд нийцэж, түүнээс эхтэй” байх ёстой гэсэн хандлагыг шинэчлэн, төрийг эрх мэдэл хэмээн тодорхойлохдоо шашин, төрийн асуудлыг зааглан үзсэн юм.

Хунтайж номонд “Улс төр бол төрийн эрх мэдэл” үзэл санааг гүнт улсын орших эс оршихуйн жишээгээр баяжуулж, хувь хүн төрийн сайн удирдагч байхын тулд эрх мэдэл олж авах, түүнийг бэхжүүлэх урлаг, арга барилыг эзэмшсэн байх ёстой” хэмээн мэргэжил, мэргэшсэн байх гэсэн захиргааны эрх зүйн санааг шинжлэх ухааны салбарт дэвшүүлсэн төдийгүй өнөөг хүртэлх түүхэн цаг хугацааны явцад  улс төрчдийн ширээний ном болж чадсан юм. 

Гэхдээ зарим хүмүүс, улс төрчид номын агуулгыг буруугаар ойлгох, уг бүтээлээр улс төрийг зорилгын төлөө хэмээн сурталчлах, зорилгодоо хүрэх арга барил нь улс төрчдийн ёс зүйгүй, хувиа хичээсэн, нийтийн эрх ашгийг зөрчсөн үйлдэлийг зөвтгөх боломжийг олгодог зэрэг  олон шүүмжийг уг бүтээл дагуулдаг юм. 

Та  “Хунтайж” хэмээх энэхүү номыг уншсанаар өнөөдрийн Монгол Улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн орчинд өрнөж буй олон зангилаа асуудалд өөрийн зүгээс үнэлэлт, дүгнэлт өгөх чадвараа сайжруулах, улс төрчдийн үзэл баримтлал, үйлдлийг тухайн номын  жишээгээр харьцуулан ойлгох боломжтой юм.

 

Удирдлагын академийн багш доктор, профессор О.Цэрэнчимэд