Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос цөмийн цэнэгт хошууны удирдлагыг туршсанаа мэдээллээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Ням гарагийн үдээс хойш Хойд Солонгос ээлжит пуужингийн туршилтаа хийсэн билээ. Тэгвэл өнөөдөр (Даваа) өглөө тус улсын зүгээс сүүлийн туршилтын үр дүнгээ мэдээлжээ. Мэдэгдэлд Хойд Солонгос өчигдөр дунд тусгалын баллистик пуужин харваж, цөмийн цэнэгт хошууны эцсийн шатны удирдлагын ажиллагааг туршсан гэсэн байна.

Мөн үүнээс гадна Пукгуксон-2 пуужингийн хатуу түлшээр ажилладаг хөдөлгүүрийн ажиллагааг шалгажээ. Туршилтыг удирдагч Ким Жон Ун биечлэн удирдсан байна.

Үүнээс яг долоо хоногийн өмнө Хойд Солонгос мөн баллистик пуужин туршсан юм. Ким Жон Ун туршилт амжилттай болсныг сайшаагаад Пукгуксон-2 стратегийн зэвсгийг үйлдвэрлэлд шилжүүлэхийг тушаасан гэж Хойд Солонгосын төв мэдээллийн агентлаг дамжуулжээ.

Пуужингийн хошуунд камер байрлуулж, туршилтын ажиллагааг шууд дүрсээр үзсэн бөгөөд дэлхийн бөмбөрцөг үзэсгэлэнтэй сайхан харагдаж байсан гэж мэдээлсэн байна. Пуужин 560 км өндөрт хүрч, Японы тэнгисийн усанд 500 км зайнд туссан гэжээ.

Саудын Арабт айлчилж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг дагалдаж яваа албаны хүмүүс мэдээлэхдээ пуужингийн туршилтын талаар мэдээлэл авсан, энэ удаагийнх өмнөх гурван туршилтын пуужингаас богино зайн тусгалынх байсан гэж мэдэгдсэн байна. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон Хойд Солонгост эдийн засгийн, дипломат харилцааны дарамт шахалтуудыг үргэлжүүлэн хэрэглэнэ гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: Japan Today